Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль хэрэгжихгүй байна

Хуучирсан мэдээ: 2022.08.25-нд нийтлэгдсэн

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль хэрэгжихгүй байна

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль хэрэгжихгүй байна

Иргэний чөлөөт орон зайг хумих эрсдэлтэй хууль, хуулийн төслүүдийн талаар “Глоб Интернэшнл” төвөөс мэдээлэл хийлээ.

"Глоб Интернэшнл" төвийн хуульч Б.Пүрэвсүрэн:

Глоб Интернэшнл төвөөс 2022 оны зургаадугаар сарын 7-нд Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн “доромжлох”-ыг гэмт хэрэгт тооцохыг эсэргүүцэж буй талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарт албан бичиг хүргүүлсэн. Мөн Монгол улсын их хурлын гишүүд, Засгийн газар болон холбогдох яамнуудад үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалах талаар албан захидлыг хүргүүлсэн. Учир нь, энэ нь олон улсын стандартад үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг зайлшгүй хамгаалах хэрэгцээ, шаардлагад тооцогдохгүй байна. Тухайлбал, ёс суртахууны энэ асуудал нь иргэн хоорондын асуудал тул үүн дээр эрүүгийн хуулийн хатуу зохицуулалт орж ирэх нь эрсдэлийг бий болгож байна. Жишээ нь, 2020 оны нэгдүгээр сарын 10-нд орсон худал мэдээлэл тараахтай холбоотойгоор иргэдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2-53 хоногийн хугацаатайгаар цагдан хорих тохиолдлууд гарсан.

Мөн хуулийн давхардлын асуудал байгаа нь 2017 он хүртэлх  Эрүүгийн хуульд доромжлох нь бие даасан гэмт хэрэг байсан. Харин одоо шинээр зохицуулж буй илт худал мэдээлэл тараах гэмт хэрэг нь уламжлалт гэмт хэрэг болох гүтгэлэг, доромжлолыг өөртөө агуулсан ойлголт юм. Тиймээс нэг хэм хэмжээний зүйл дээр Эрүүгийн хуулийн тус тусдаа заалтыг өөрчлөх шаардлагагүй гэж үзэж байна. Энэхүү заалттай холбоотойгоор комедиануудын асуудал орж ирсэн. Элэглэл, хошигнол, Монгол ардын аман зохиол, ардын зохиол, үлгэр домгууд нь ёгтлол, зүйрлэлээс урган гарсан зүйл. Тэгэхээр уран сайхны арга хэлбэрийг хамгаалах хүрээ нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалах нэг том бүрэлдэхүүн хэсэг гэж үздэг.

НҮБ-аас Монгол Улсын Засгийн газарт өгсөн зөвлөмжид үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалахтай холбоотой найман зөвлөмжийг өгсөн. Ингэхдээ 2016-2020 Засгийн газар тогтоол гарган тус зөвлөмжийг биелүүлэхээ амласан. Харамсалтай нь, эдгээр зөвлөмжүүд хэлбэр төдий болж биелээгүй. 2020 оны арван нэгдүгээр сард НҮБ-ын хурлаар Монгол Улсын Засгийн газарт дахин зургаан зөвлөмжийг өгсөн. Зөвлөмжийн хүрээнд гүтгэлэг, доромжлохтой холбоотой гэмт хэргийг эрүүгийн журмаар шийдэлгүй, хэрэв эрүүгийн журмаар шийдэж байгаа бол хорих ялын шийтгэл байж болохгүй гэх зөвлөмжийг удаа дараа өгсөн. Монгол Улсын Засгийн газар энэхүү зөвлөмжийг хэлбэр төдий мэт биелүүлж байгаа боловч дахин Эрүүгийн хуульд оруулах асуудлыг ярьж байгаа нь олон улсын өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэхгүй байна.

Түүнчлэн “Глоб Интернэшнл” төвийн 1999-2022 оны хооронд бүртгэсэн худал мэдээлэл тараах, гүтгэлэг доромжлолтой холбоотой нийт 1146 шүүхийн шийдвэр гарсан байна. Ингэхдээ хариуцлага хүлээж буй тохиолдлын 43.5 хувь нь хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид байсан. Гомдол гаргаж буй гурван иргэн тутмын нэг нь төрийн байгууллага эсвэл улс төрд нөлөө бүхий этгээд байдаг.

Ингэхдээ илт худал мэдээлэл гэсэн дээр албан ёсны тайлбар байхгүй. Ялангуяа зөрчлийн хуулийн олон нийтийг төөрөгдүүлэх гэсэн ойлголт байдаггүй. Тэгэхээр ямар мэдээллийг худал гэх нэгдсэн ойлголт монгол улсын холбогдох хуулиудад алга. Гэтэл Юнескогоос өгч буй зөвлөмжүүдэд худал мэдээллийн тодорхой төрлүүдийг тогтсон хэмжээнд хүргэсэн байдаг.

Хуульч, судлаач Л.Галбаатар:

-Монгол Улсын Их хурлаас 2021.12.17-ны өдөр Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг баталж, 2022 оны тавдугаар сарын 1-ээс эхлэн хэрэгжиж эхлээд байна. Тус хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор “Глоб Интернэшнл” төвөөс иргэдийн болон хууль хэрэгжүүлэгч төрийн албан хаагчдын мэдлэг ойлголтыг тандах зорилгоор хоёр үе шаттай мониторинг хийсэн. Арга зүйн хувьд хуульд 60 гаруй мэдээллийг ил тод байлгах ёстой хэмээн заасан байдаг. Үүнээс бүх мэдээлэл хариуцагч буюу төрийн байгууллагуудад хамаатай 44 мэдээлэл байдаг. Хуульд заасны дагуу эдгээр мэдээллийг ил тод болгосон эсэх дээр үнэлгээ хийсэн. Мөн тухайн 44 мэдээлэл дээр мэдээлэл нь байхгүй бол иргэн өөрөө хүсэлт гаргаад авч болдог. Энэ хүсэлтийн дагуу ямар хариу өгч байгаа болон хэр нээлттэй бага тал дээр үнэлгээг хийсэн. Иргэний нийгмийн байгууллагын оролцоотойгоор таван бүс нутагт мониторинг хийсэн.  Ингэхдээ Улаанбаатар хотоос Сонгинохайрхан дүүрэг, Баян-Өлгий, Орхон, Хөвсгөл, Ховд аймаг гэсэн хамрах хүрээгээр үнэлсэн. Эдгээр таван газрын дундаж нь 43 хувьтай байгаа нь хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг харуулж байна. Тэгэхээр нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль батлагдаад л хаягдсан юм байна. Энэ хуулийг хэрэгжүүлэхгүй байгааг дээрх таван газруудад хийсэн үнэлгээгээр харагдаж байна.

Б.Ундрам

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж