Баячуудын тоглоомын зардал

Хуучирсан мэдээ: 2010.08.23-нд нийтлэгдсэн

Баячуудын тоглоомын зардал

Баян, алдартай хүмүүсийн “тоглоом” үнэтэй гэдгийг бүгд мэднэ. Гэхдээ тэдгээрийг худалдаж авна гэдэг ердөө л эхлэл бөгөөд дагалдах нэмэлт зардал ч ихтэй гэж “CNN” агентлаг мэдээлж байна.

Мега-Яхт
Худалдаж авах зардал: 6,750,000 ам.доллар
Жилийн үйл ажиллагааны зардал: 1.025 сая ам.доллар
127 фут хэмжээтэй яхт завийг 6.7 сая ам.доллараар авч болно. Харин үүнийг ажиллуулахын тулд жилд нэг сая гаруй ам.доллар хэрэг болно гэж “Denison Yacht Sales” компанийн брокер Жастин Онофриетти ярьж байна. Хөлгийг дэлхийн хаана байрлуулж, яаж ашиглаж байгаагаас бодит зардал нь хэлбэлзэх хэдий ч дараах зардлыг бодолцох хэрэгтэй. Хөлгийн ахмад жилд 145,000 орчим ам.долларын цалин авах бол, нэгдүгээр туслах 70,000 ам.доллар, тогооч 55,000 ам.доллар, үйлчлэгч 35,000 ам.долларын цалин авах болно. Үүн дээр хөлгийн түлшний зардалд зориулж жилд 180,000 ам.доллар, боомтын төлбөрт 240,000 ам.доллар, даатгалд 300,000 ам.доллар зарцуулах хэрэгтэй аж.

Хувийн тийрэлтэт онгоц
Худалдан авах зардал: 50.5 тэрбум ам.доллар
Жилийн зардал: 2.5 сая ам.доллар
“Gulfstream G550” бол чинээлэг хүмүүсийн хамгийн их сонирхдог хувийн тийрэлтэт онгоц. Ихэвчлэн бизнесийн байгууллагууд ашигладаг бөгөөд чинээлэг хүмүүс ч үүнд таатай ханддаг. Гэхдээ энэ хямдхан биш. Хэрвээ их нисэх юм бол энэ онгоц жилд түлшинд сая гаруй ам.долларыг түлшинд зарцуулах болно гэж агаарын компаниудад зөвлөгөөний үйлчилгээ үзүүлдэг “Conklin & de Decker” компани тооцоолсон байна. Үүн дээр хөлгийн багийнхан, онгоцны механик үйлчилгээ болон даатгал, ангарын төлбөрт сая гаруй ам.доллар нэмж зарцуулах хэрэгтэй. Тийм учраас ихэнх чинээлэг хүмүүс тийрэлтэт онгоцоо бусадтай хамтран эзэмших буюу ниссэн цагаараа төлбөрөө хийх сонирхолтой байдаг. Гэсэн ч тэр нь бас хямд биш. Нью-Жерсид байдаг хөрөнгө оруулалтын сангийн менежер Стивен Кей Ром хот руу тийрэлтэт онгоц хөлсөн очоод буцаж ирсэн төлбөрт нь 180,000 ам.доллар төлсөн гэнэ.

Нисдэг тэрэг
Худалдан авах зардал: 6.5 сая ам.доллар
Жилийн үйл ажиллагааны зардал: нэг сая ам.доллар
Хувийн тийрэлтэт онгоц худалдаж авч чадахгүй байна уу? Тэгвэл хувьдаа нисдэг тэрэг худалдаж авах уу? Хол явахдаа арилжааны онгоцоор нисэх хэрэгтэй хэдий ч ядаж нисэх буудал хүртлээ такси барих шаардлагагүй болно. Түүнчлэн үйл ажиллагааны зардал нь хэтэвчинд илүү ээлтэй байх болно. “Bell 430” нисдэг тэрэг гүйцэтгэх захирлуудын хамгийн дуртай сонголтуудын нэг. Жилд түлшинд 200,000 ам.доллар, техникийн үйлчилгээнд 338,000 ам.доллар, багийн цалинд 216,000 ам.доллар, ангарын төлбөр болон даатгалд 150,000 ам.доллар зарцуулах хэрэгтэй болно.

Өвөрмөц автомашин болон жолооч
Худалдаж авах зардал: 380,000 ам.доллар
Жилийн үйл ажиллагааны зардал: 70,000 ам.доллар, түүнээс дээш
Нью-Йорк хотын Манхеттен дүүрэгт автомашин гараажд байрлуулах жилийн зардал 8,000 ам.доллар хүрнэ. Энэ нь ихэнх америкчууд автомашиныхаа зээлэнд төлдөг төлбөртэй бараг дүйцнэ. Үүн дээр даатгал нэмэгдэнэ. 380,000 ам.долларын үнэтэй “Rolls Royce Phantom” загварын автомашины жилийн даатгал 8,400 ам.доллар хавьцаа байна гэж “Hagerty Insurance” компани тооцоолж байна. Үүн дээр засвар үйлчилгээний зардлыг нэмэх хэрэгтэй. “Хэрвээ замын хашлага дээгүүр хүчтэй гарвал 1,500 ам.долларын үнэтэй хүрээгээ гэмтээж магадгүй гэж “DuPont Registry” хэмээх тансаг бүтээгдэхүүний сэтгүүлийн Томас ДюПонт ярьж байна. Жолоочийн үндсэн цалинд жилд 55,000-60,000 ам.доллар төлөх хэрэгтэй. Үүн дээр илүү цагийн мөнгө болон бусад хангамж, тэтгэлгүүд нэмэгдэнэ.

Хувийн арал
Худалдаж авах зардал: 55 сая ам.доллар
Жилийн үйл ажиллагааны зардал: 200,000 ам.доллар буюу түүнээс их
681 акр хэмжээтэй “Bahamas” арал дээр нисэх онгоцны зурвас, долоон өрөөтэй хаус, ажилчдын хоёр байшинтай. Ийм арлыг ердийн байдлаар тохижуулж, ашиглахын тулд ус, цахилгааны инженер, талбайн хоёр манаач шаардлагатай гэж уг арлыг зарж байгаа “Sotheby’s”-ын брокер Жорж Дамианос ярьж байна. Ийм арал дээр удаан хугацаагаар байрлан амьдрахыг хүсвэл зардал нь жилд нэг сая гаруй ам.доллар давж магадгүй. Хэдийгээр үнэ ихтэй ч хувийн арал нь ультра-баячуудын сонирхлыг нэлээд татдаг зүйл гэнэ. “Өөрийн гэсэн усан онгоц, хувийн тийрэлтэт онгоцтой болчихсоны дараа өөр юу худалдаж авах юм бэ? Мэдээж хувийн арал” гэж тэрээр ярьж байна.

Хувийн тогооч
Жилийн зардал: 80,000-150,000 ам.доллар
Янз бүрийн тансаг хоол хийдэг өөрийн гэсэн хувийн тогоочтой байхыг хүсэхгүй хэн байх билээ. Гэвч хувийн тогооч нь хувийн ажилтнуудаас хамгийн үнэтэй бөгөөд жилд 80,000-150,000 ам.долларын цалин авах болно. Дан тогооч ч биш. Хувийн ажилтнууд жилд 65,000-120,000 ам.доллар авах болно. Хүүхэд асрагч жилд 50,000-80,000, үл хөдлөх хөрөнгийн менежер жилд 75,000-90,000 ам.долларын зардал шаардах болно. Ихэнх хүмүүс 4-5 туслах ажилтантай байдаг бол ультра баячууд дэлхийн өнцөг булан бүрд олон арван хувийн ажилтантай байдаг ажээ.

Амралт
12 хоногийн Европын амралт: 36,097 ам.доллар. Үүн дээр онгоцны болон бусад хувийн зардал нэмэгдэх болно. Лондон хот дахь “Ritz” зочид буудлын “Royale Suite” буудалд нэг хоног өнгөрүүлэхэд 5 863 ам.доллар болох болно. Энэ нь Лондон, Парис, Ромыг дамжсан гурав хоногийн аяллын зөвхөн эхний хоногийн зардал юм. Үүн дээр Луврын музейг хувийн тайлбарлагчтай ганцаарчлан үзэх болон Коллосеум болон Систин Чапелаар аялах зардлуудыг нэмэх хэрэгтэй. Тиймээс ийм аялалд ямартай ч 36,000 ам.доллар төсөвлөх хэрэгтэй болно.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж