Долоо хоногийн турш машиныг тэгш, сондгойгоор явуулна

Хуучирсан мэдээ: 2022.08.25-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн турш машиныг тэгш, сондгойгоор явуулна

Долоо хоногийн турш машиныг тэгш, сондгойгоор явуулна

Автомашиныг тэгш, сондгой дугаараар нь замын хөдөлгөөнд оролцуулах болсон талаар мэдээлэл хийлээ.


 

Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга н.Адъяасүрэн:

-Манай хотын хэмжээнд зорчиж буй тээврийн хэрэгслийн тоо, замын даацын харьцаа их хүнд байна. Зам дээрх зорчилтын хурд 8-аас доош тэг зогсолт руу явах эрсдэл үүслээ. Тиймээс энийг тодорхой хугацаанд хязгаарлах шийдвэр гаргалаа. Хугацааны хувьд наймдугаар сарын 27,29,31, есдүгээр сарын 2-ны өдрүүдэд 1,3,5,7,9 буюу сондгой дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно. Харин наймдугаар сарын 28, 30, есдүгээр сарын 1,3-ны өдрүүдэд 0,2,4,6,8 гэсэн тэгш дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно.

Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар:

-8 км/ц-аас доош орсон тохиолдолд замын хөдөлгөөний ачаалал тэг зогсолт руу дөхөж, алхаж байгаа явган хүнтэй ижил хэмжээний хурдтай болох эрсдэлтэй. Өчигдөр замын хөдөлгөөн маш их саатсан. Хичээл сургуулийн бэлтгэлтэй холбоотой хөдөө орон нутгаас ирж буй тээврийн хэрэгслийн тоо их байдаг. Иймээс богино хугацаанд ачаалал нэмэгддэг. Тиймээс урьдчилан ийм арга хэмжээ авч байгаа юм.

Замын цагдаагийн газрын Тээврийн цагдаагийн албаны дэд дарга н.Батболд:

-Есдүгээр сарын 1-нтэй холбоотой хүндрэл гардаг. Жил бүрийн наймдугаар сарын 15-наас хойш бий болдог. 2019 оны үед хөдөө орон нутгаас ирсэн тээврийн хэрэгслийн тоог тоолоход товчоодоор орон нутгийн дугаартай 91 мянган орчим нэвтэрч байсан. Энэ жил 100 мянга хүрэх байх гэсэн тооцоолол байна. Мөн зам тээврийн осол хэргийн дуудлага, зөрчил нэмэгддэг. Үүнтэй холбогдуулан ачаалал үүсдэг. Манай албанаас хүч нэмэгдүүлэн ажиллаж байна.

Хөдөлгөөний ачаалал Улаанбаатарт энгийн өдөр 430 орчим мянга байдаг бол үүн дээр орон нутгийн 100 мянган тээврийн хэрэгсэл нэмэгдэхээр худалдаа үйлчилгээний төвүүдийн хөдөлгөөн огцом нэмэгддэг. Өнгөрсөн жилүүдэд бид амралтын өдрүүдэд тэгш, сондгойгоор хөдөлгөөний хязгаарлалт хийж байсан бол энэ удаад найман өдрийн хугацаатай зохицуулалт хийж байна. Бусад яаралтай тохиолдолд Улаанбаатар хотыг тойрон явах хөдөлгөөнийг хориглохгүй. Хязгаарлалт эхлэх хойд цэг нь 32-ын тойрог, урд цэг нь “Тэмээтэй хөшөө”, баруун тийш Саппорогийн тойрог, зүүн тийш Чулуун овооны пост. Жолооч нар торгууль яах вэ гэж их асуудаг. Бид биет, камерын тусламжтайгаар дугаарын хязгаарлалттай өдрүүдээр зорчсон зөрчсөн зөрчлийг илрүүлдэг. Жолооч нар бас үүнийг ойлгоод дэмжээд энэ чиглэл дээр хязгаарлалттай өдөр хөдөлгөөнд оролцохгүй байхыг хүсье. Нийслэлийн зам түгжрэлгүй хуваарьтайгаа зохицуулан хөдөлгөөнд оролцохыг хүсье.

Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар:

-Захирамжийн дагуу авто зам засвар, хот тохижилт, зөөврийн усан хангамж, шугам сүлжээ зэрэг зайлшгүй ажиллах шаардлагатай тээврийн хэрэгслүүд энэ хязгаарлалтад орохгүй. Мөн хичээлийн шинэ жил эхлэж байгаатай холбогдуулан хүүхдийн аюулгүй байдлыг хангах тал дээр засаг дарга онцгой анхааруулсан. Энэ хязгаарлалт иргэдийн хэвийн амьдралд нөлөөлөх нь тодорхой. Гэхдээ бид замын хөдөлгөөнд хуучнаараа оролцвол тэг зогсолт руу, алхаж буй явган хүнтэй адил хурдтай болохыг хэлье.

-Нийтийн тээвэрт өөрчлөлт гарсан уу?

-Нийтийн тээвэр ачаалал нэмэгдэнэ. Аль чиглэлд, ямар ачаалал нэмэгдэх вэ гэдгийг судалж, зохицуулалт хийнэ. Нийтийн тээврээр үйлчлүүлэхээс гадна иргэд машины хуваалцаж, дундаа хэрэглэж сураасай. Нэг газар ажилладаг, нэг зүгт амьдардаг хүмүүс нэгнийгээ авч явах, ингээд ээлжилж сураасай. -Энэ онд хичнээн тээврийн хэрэгсэл нэмэгдсэн бэ? -Энэ онд 58 мянган тээврийн хэрэгсэл Монгол Улсад нэмэгдсэн. Үүний 30 мянган нь эхний найман сарын байдлаар Улаанбаатар бүртгэгдсэн байна. Жил бүр 70-80 мянган тээврийн хэрэгсэл бүртгэгддэг. Монгол Улсад 1.3 сая орчим тээврийн хэрэгсэл байдгаас Улаанбаатарт 640 орчим мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Насжилт нь 20 жил болсон, 10-аас дээш жил болсон, ашиглалтаас гарсан гээд 100 орчим мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохгүй байна гэвэл 400 орчим мянган тээврийн хэрэгсэл өдөр бүр хөдөлгөөн оролцож байна. Мөн замын хүрэлцээ муу байна. Замынхаа уртыг нэмэгдүүлэх, зорчих нөхцлийг бүрдүүлэх чиглэлээр ажил хийсэн. Урд жилүүдийг бодвол хугацаандаа явлаа. Томоор хаагдсан зам байсангүй. Өмнөх жилүүдэд Зайсангийн чиглэлд зам засварын ажил хийж байлаа.

-Түгжрэлийг бууруулах өөр арга байна уу?

-Нийслэлээс иргэдийг тээврийн хэрэгслээс татгалзуулах бодлоготой байна. Жилд орж буй тэр олон мянган машинтай уралдаж зам барих боломж байхгүй. Ингээд өнгөрсөн зуны хугацаанд явган замыг шинэчилж, хашаа, хайс буулгах, гараж чөлөөлөх, самбар буулгах зэрэг ажлыг хийлээ. Энэ ажлууд багцаараа явган хүнийг алхахад таатай орчныг бүрдүүлэхэд гол зорилго нь оршиж байгаа. Эхний ээлжинд бага тойруу дахь явган хүний замыг шинэчлээд бараг дуусах шатандаа орж байна. Олон газар шинэчлэгдсэн. Энэ газруудад тэргэнцэртэй иргэн хэн нэгний тусламжгүй явах стандартыг бүрдүүлэхийг зорьж байгаа. Мөн хашаа, хайсыг чөлөөлж байгаа. Учир нь А цэгээс Б цэг рүү хүрэхэд хашаа байхгүй бол 500 метр явдаг. Хашаа байвал тойрч, нэг километр явдаг. Энэ төвөгтэй байдал иргэдийг тээврийн хэрэгсэл сонгох шалтгаан болж байна. Гараж чөлөөлөх ч үр дүнтэй байгаа. Машинаас татгалзуулахын тулд нийтийн тээврийн парк шинэчлэлийн ажлыг хийж байна. Эхний ээлжинд 75 автобусыг шинэчилсэн. Хоёр давхар 10 автобус, нэг давхар 65 автобус ирсэн. Одоо үргэлжлүүлээд есдүгээр сарын 1-нээс өмнө 500 гаруй автобус оруулж ирэх үүрэг даалгаврыг хотын дарга өгсөн ч дайн, цар тахлын улмаас эдийн засаг хямарч, хөрөнгө оруулалт дээр хугацаа алдсан. Гэхдээ үүнийг шийдсэн гэх мэдээлэлтэй байна. Ирэх арваннэгдүгээр сараас арванхоёрдугаар сарын хооронд автобус эхнээсээ орж ирнэ гэсэн. Үүнээс гадна технологи ашиглан замын хөдөлгөөний хөдөлгөөн зохицуулалтыг шийдэх ийм ажлууд хийгдэж байгаа. Ингэснээр тээврийн хэрэгсэл дүрэм зөрчвөл илрүүлдэг, торгуультай тээврийн хэрэгсэл дээр хяналт тавих боломж бүрдэнэ. Замын шинэчлэлийн ажлууд давхар хийгдэж байгаа. Энэ зун 13 байршил дээр автозамын шинэчлэл хийж байгаа. Давхар явган хүний зам засч байгаа. 13-аас 11 дээр нь хөдөлгөөнөө нээчихсэн байна. Мөн 22 байршилд орц, гарц нэмэгдүүлэх байсан ч мөн л эдийн засгийн хямралын улмаас байгаа чадлаараа 13 байршилд орц, гарц хийх ажлыг эхлүүлсэн. Хуучин төв замуудын ачааллыг хуваалцах хэмжээний зохион байгуулалтыг хийсэн. Дээрээс нь цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх тал дээр Засгийн газар, Улаанбаатар хот хамтран хамран сургах тойрогтоо сурах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Өглөө бүр 11 мянган хүүхдийг сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгөхийн тулд эцэг, эхчүүд А,Б,В гэх цэгүүдийг дайрч замын хөдөлгөөнд оролцуулдаг байсан. Үүнийг хамран сургах тойрогт нь суралцуулах боломжоор хангах зохицуулалтыг хийж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж