Монголын улс төрийн гол хоёр намын нэг Ардчилсан нам нь үүсгэн байгуулагчдынхаа дотоод хагарал, үнэт зүйлсийн зөрчлөөс болж сүүлийн хоёр жил дараалан сонгуульд ялагдаж бүр албан ёсны дарга ч үгүй хоёр талд нам болж тоглоод удаж буй. Нийт найман жилийн хугацаанд гудамжинд лааз өшиглөж буй энэ намын нэр нөлөө ч тэр хэрээр сонгогчдын дунд тогтвортой буурч байсхийгээд л хийдэг талцагч талуудын хэрүүл ярьсан хэвлэлийн хурал, Дээд шүүхийн өмнөх сүржин акцыг сошиал орчинд шоолдог болоод удаж буй. Энэ янзаараа, ийм арчаагүй байвал Ардын намын нэр хүнд яаж ч буурсан Ардчилсан намынхан 2024 онд Засгийн эрх авахгүй нь тодорхой.
Залуучуудынх нь хувьд ах нарынхаа доор хамт өтөлж, бие дааж гарч ирж чадахгүй байсаар эхнээсээ дөчин насны босгыг даваад нэлээд хэдэн жил өнгөрчээ. Бүр харамсалтай нь, 30, 20 настангууд ч энэ намд нөхөж орж ирэхгүй байгаа нь ардчилалд хортой юм. Нийгмийн ийм шүүмжийг анзаарсан уу эсвэл залуус нь зориг орсон уу өчигдөр АСЕМ гэрт 200 орчим АН-ын залуус цуглаж “Үндсэн хууль-Үлдээх үү, Өөрчлөх үү” нэртэй ширүүхэн хэлэлцүүлэг хийсэн нь хэлэлцэж буй сэдвээсээ илүү сонирхолтой мэдээ байлаа.
Энэ улс төрийн форумд Н.Алтанхуягийн Алтангадасын угшилтай залуус, Ц.Элбэгдоржийн харъяалалтай гэгддэг залуус, бүр Жэнкогийн АН-ын залуус, МҮДН-ийн залуусын төлөөлөл, олонх болсон дундын бүсийн залуус ч хүрэлцэн ирж чуулжээ. Ямартай ч ах нарын хувийн хэрүүл, өш хонзонг даван шинэ үеийн залуус нь нэгдэж чуулж эхэлсэн нь Монголын улс төрд сайн мэдээ. Үнэмлэхүй олонх болсон МАН-ын хуульчлагдсан дарангуйлал, эдийн засгийн чөлөөт уналтын эсрэг тэмцэх шинэ хүч гарч ирж байгаад талархах ёстой. Төгсгөлд нь хэлэхэд, ах нараа дагаад салчихгүй бол тэндэнд маш их нөөц, боломж бий.
Т.ОД
Холбоотой мэдээ