Сайдын шийдвэр асуудлыг шийдэж чадах уу?

Хуучирсан мэдээ: 2022.08.25-нд нийтлэгдсэн

Сайдын шийдвэр асуудлыг шийдэж чадах уу?

Сайдын шийдвэр асуудлыг шийдэж чадах уу?

Боловсрол шинжлэх, ухааны сайд Л.Энх-Амгалан дээд боловсролын 13 их дээд сургууль, коллежийг хааж, тусгай зөвшөөрлийг цуцалж буйгаа мэдэгдсэн. Учир нь багш боловсон хүчин, сургуулийн зориулалтын байр зэрэг нь шаардлага хангахгүй учраас зарим сургуулийн үйл ажиллагааг зогсоож байгаа аж.

Сургуульгүй болсон багш нар бусад сургуульд шилжин ажиллах боломжтой бол оюутнууд нь хүссэн сургуульдаа шилжин суралцана.

Мөн зарим төрийн өмчийн их, дээд сургуулиудын зохион байгуулалтыг өөрчилсөн. Ингэснээр ШУТИС-ийн харьяанд “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль, Дархан-Уул аймаг дахь салбар сургууль, Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургууль, политехникийн коллеж харин МУИС-ийн харьяанд Завхан аймаг дахь салбар сургууль, Дорнод их сургууль /салбар /, Ховд их сургууль /салбар/, Худалдаа үйлдвэрлэл их сургууль /бүрэлдэхүүн/, Улаанбаатарын их сургууль /бүрэлдэхүүн/ зэрэг нэгдэж байгаа юм.

Тэгвэл энд сургалтын чанар, сургуулийн нэр хүнд, дипломын үнэлэмж яригдана.

Оюутан элсүүлэх үндэсний босго оноо их сургуулийн 480. Жишээлбэл, энэ оноог давсан гээд хүссэн бүхэн нь МУИС-ийн оюутан болж чаддаггүй. МУИС-ийн зарим мэргэжлийн босго оноо 600. Гэтэл Худалдаа үйлдвэрлэл, Улаанбаатарын их сургуульд 480 оноо давсан, даваагүй олон хүүхэд элсэн суралцаж байгаа нь нууц биш. Зарим их сургуулийнх нь урилга, суралцах эрхийн бичиг арван жилийн сургуулиудаар үнэгүй тараагдаж буй.

Эндээс дүгнэхэд ЭЕШ-д 800 оноо авч, дөрвөн жил мэрийсэн оюутны диплом, 480 ч хүрээгүй оноотой оюутны диплом хоёр ижил, нэг сургуулийнх гэж явах нь сургуулийн нэр хүнд, сургалтын чанар, дипломын үнэлэмжийг доройтуулах сөрөг талтай.

Гэхдээ тоо хүнийг илэрхийлэх нь учир дутагдалтай. Тэгэхээр сайдын дээрх шийдвэр ямар үр дүнг харуулахыг цаг хугацаа л гэрчилнэ. Харин одоохондоо хөрсөндөө буугаагүй шийдвэр мэт нийгэм хүлээн авч байна. Хамгийн гол нь МУИС, Худалдаа үйлдвэрлэлийн их сургууль хоёрт элсч буй оюутнууд адилхан шалгуур, шалгалтыг давах ёстой. Харамсалтай нь, бодит байдал дээр тийм биш.

Нөгөө талд сургууль нь хаагдсан багш, оюутнууд хүссэн сургуульдаа багшилж, суралцах боломжтой гэж байгаа. Эдгээр сургуулиудад 163 багш, 1567 оюутан суралцаж байсан. Хүссэн сургуульдаа хүсээд орсон ч хүчлээд төгсч чадна гэдэг юу л бол. Хайран цаг хугацаа, сургалтын төлбөр болоод дуусах вий. Мөн шилжиж буй багш нарын асуудал энд яригдана. Шинэ орчин, шинэ хамт олонд уусч, тэдний шаардлагыг мөрдөж ажиллана гэдэг нэг бодлын хэцүү. Эцсийн сөрөг үр дагавар нь ажлаасаа гарах байх вий.

Яам, сайдын зүгээс ядаж л их, дээд сургуулиудад тэгш гараанаас гарах хугацаа өгөх хэрэгтэй. Ирэх жилээс эхлэн Худалдаа үйлдвэрлэл их сургууль, Улаанбаатарын их сургуульд суралцах оюутнуудад МУИС-ийн шалгуур оноог тавьж, дөрвөн жилийн дараа төгсөхөд нь МУИС-ийн диплом олгох нь хэн хэндээ ашигтай юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж