АН: УИХ-ын дарга Г.Занданшатар өөрөө огцрох ёстой

Хуучирсан мэдээ: 2022.08.25-нд нийтлэгдсэн

АН: УИХ-ын дарга Г.Занданшатар өөрөө огцрох ёстой

АН: УИХ-ын дарга Г.Занданшатар өөрөө огцрох ёстой

Ардчилсан намын удирдлагууд өнөөдөр /2022.08.25/ улс төрийн мэдэгдэл хийлээ.


АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр:

-Монгол Улсад Үндсэн хууль байхгүй гэдгийг өчигдөр эрх баригчид батлан харууллаа. Эрх баригчид Үндсэн хуулийн дээгүүр ил тод гишгэж байна. Нөгөө талаасаа хууль дээдлэх зарчим булшлагдаж байна. УИХ-аас намын бүлгийн даргыг сонгохтой холбоотой хууль баталсан. Энэ хуулийн заалтад "Бүлгийн нийт гишүүдийн олонхоор бүлгийн даргыг сонгож, чөлөөлөх асуудал байгаа. Гэтэл зургаахан гишүүн оролцож, бүлгийн даргыг сонгосныг УИХ-ын индэр дээрээс Г.Занданшатар дарга баталгаажуулж, уншиж сууна. Нийт гишүүн гэдэг чинь бүлгийн бүх гишүүн оролцохыг хэлнэ. Тэрийг яагаад нийт гишүүн гэж үзэж байгаа юм бэ. Эрх баригчид ийм байдлаар Ардчилсан намаар тоглодог гэдэг нь харагдаж байна. Г.Занданшатар даргаа таны өмнөөс нүүр улайлаа. Хууль зөрчсөн бүлгийн даргад амжилт хүсч, хуулийг дээдэлж ажиллаарай гэж хэлж чадаж байна. Та нар Үндсэн хуулийн дээгүүр алхчихаад захиас сургааль айлдаад байгаа юм бэ. Өнгөрсөн 2019 онд Үндсэн хууль батлахад хэлсэн таны үгийг харлаа. Тэр үед "Одоо бүх асуудал шийдэгдэнэ. Улс орны өмнө тулгарсан бүх асуудал шийдэгдэнэ. Үндсэн хуульд байсан бүх гажуудал засагдсан. Төрийн алба цэгцрэх замдаа орлоо" гэж та ярьсан байна лээ. Тийм учраас УИХ-ын дарга өөрөө огцрох ёстой.

Засгийн газар хоёр сайдаа томилж чадахгүй, дахиад яах уу гээд гацаанд орчихлоо. Энэ нь явж явж УИХ-ын гишүүд нь сайд болох хүсэлт автаж, Ерөнхий сайд, намын даргадаа тулгаж байгаа байх. Ингээд засаглалын хямрал руу орж байна. Үнэнийг хэлэхэд, Ардчилсан намын үед төв талбай дээр дээл өмсч, "Давхар дээлтэй та нар төрийг гацааж байсан" гэсэн хүмүүс өөрсдөө хөл нь хөнгөрчихсөн, Төрийн ордонд сайд болох гээд гүйж яваа сурагтай. Та нар өнөөдөр өөрсдийгөө л хуурч байна. Ирээдүйд том улс төрийн хариуцлага бууж, улс төрийн тавцангаас арчигдаж магадгүй. Эрх баригчид сая Үндсэн хуулийн цэцийг ашиглалаа шүү дээ. Үндсэн хуулийг хамгаалах ёстой хүмүүс Үндсэн хуулийн хулгайч болж хувирлаа. Монголын төрөөр ингэж тоглож болохгүй.

Одоо эрх баригчид Үндсэн хуулийн цэцийн саналаар гэж хэлээд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийнэ. Ингэхэд нь Ардчилсан намын тоглоомын бүлэг тэдэнд хэрэгтэй байгаа.

Энэ бүлэг нь Үндсэн хуулийн төслийг дэмжих хэрэгтэй учраас зориудаар тоглоомын бүлэг гаргаж байна. Тэр дүрд нь О.Цогтгэрэл тоглох юм байна. Үндсэн хуулийн хулгайчдын асуудлыг мэргэжлийн хуульч, судлаачдын хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлнэ. Эрх баригчдын увайгүй бодлогыг зөвтгөж ярьдаг "Ордны профессорууд" бий болжээ. Үнэхээр харамсалтай. Ийм зарчимгүй зүйлээр улс төрд битгий хутгалдаач ээ. Хуульчдад өөрсдийн гэсэн зарчим байдаг. Ардчилсан Үндсэн хуулийг цэц нь хамгаалж чадахгүй бол Ардчилсан нам хамгаална.

"ЭРХ БАРИГЧИД СОНГОГЧДЫГ ХУУРЧ БОЛОХ Ч ЭДИЙН ЗАСГИЙН БОДИТ НӨХЦӨЛ БАЙДЛЫГ ХУУРЧ ЧАДАХГҮЙ"

АН-ын дэд дарга Ч.Отгочулуу:

-Эрх баригчид сүүлийн үед ядуурал, ажилгүйдэл, инфляци, үнийн өсөлт буурч байна гэх мэдээллийг хийх боллоо. Гэтэл бодит байдал дээр тийм биш байна. Улсын эдийн засаг агшсан хэвээр байгаа. Хагас жилийн байдлаар ялимгүй өсөлт гарсан нь мал аж ахуй, худалдаа үйлчилгээ өссөн гэж тайлбарлаж буй. Хүмүүсийн татвар төлөлт эрс нэмэгдсэн. Аргагүй иргэдээс өндөр татвар авч байгаа. Эгэ эдийн засгийн өсөлт хөөсөн хуурмаг зүйл шүү. Манай эдийн засгийг нуруундаа үүрдэг уул уурхай, тээвэр, аж үйлдвэрийн салбарт 30-40 хувийн уналттай байна. Арилжааны банкууд зээлээ зогсоосон байна. Энэ жилийн сүүлийн хагаст байдал улам хүндэрнэ. Он гараад зээлийн эргэн төлөлтөө төлж эхэлнэ. Улсын эдийн засаг цар тахлын өмнөх түвшинд эргэж очоогүй. Инфляци өндөр хэвээр байгаа. Хятад улсад бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байгаа ч Монголд орж ирэхдээ асар өндөр үнээр орж ирж байна. Өнгөрсөн жил 7000 ам.доллараар орж ирдэг байсан ачаа 35 мянган ам.доллар болсон байна. Маш том мафи бий болсон ч Засгийн газар арга хэмжээ авч чадахгүй байна.

Засгийн газрын гадаад өрийн хэмжээ 50 хувь болж буурсан гэж худал мэдээлж байна. Үгүй ээ. Бодит байдал дээр 92 хувьтай байгаа. Дандаа дансны аргаар худлаа хэлж, ярьж байна. Нэмж гаднаас өр авахаар төлөвлөж байна. Авлигын индексээр Монгол Улс 35 оноо авсан байна. Улам хойшилж байна. Эрх баригчид сонгуулийн шоунд бэлдэж, сонгогчдыг хуурч болох ч эдийн засгийн бодит нөхцөл байдлыг хуурч чадахгүй.

"ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ҮНДСЭН ХУУЛИЙН ХЯМРАЛЫГ ЗОХИЦУУЛАХ ТАЛ ДЭЭР САНААЧЛАГА ГАРГАНА УУ"

АН-ын хуулийн зөвлөх О.Баасанхүү:

-Аливаа Засгийн газар эдийн засгийг дэмжиж, шударга ёсыг тогтоох үүрэгтэй. Өнгөрсөн 2016 оноос хойш МАН ямар нэгэн шинэ ажил хийсэнгүй. Жишээлбэл, цэцэрлэг сургууль ороход хүүхдүүд форум авч чадахгүй бол форум өмсөх албагүй гэж хэлж байна. Үнэхээр арга ядсан, арчаагүй байгаагийн илрэл. Орон нутгаас хотод амжиргаагаа залгуулахаар ирсэн иргэд шилжилт хөдөлгөөн хийгээгүйгээс бол хүүхдээ хотод нэгдүгээр ангид бүртгүүлж чадахгүй байна. Ийм ноцтой зүйл болж байгаад их эмзэглэж байна. Засгийн газар хоёр сайдаа томилж чадахгүй байсаар байгаад огцрох хэмжээнд хүрч байна. Тиймээс шинэчлэлийн биш шившгийн Засгийн газар гэж нэрлэмээр байна. УИХ-ын 62 гишүүнтэй, бүх газар намын төлөөллөө тавьсан мөртлөө хоёрхон сайдаа томилж чадахгүй байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МАН-ын Ерөнхийлөгч бус ард түмний Ерөнхийлөгч гэдэг утгаараа Үндсэн хуулийн хямралыг зохицуулах тал дээр санаачлага гарган ажиллах хүсэлтийг гаргаж байна. Ард түмнийхээ талд байгаач ээ. Эрээ цээргүй өөрсдийгөө сурталчилж байгааг зогсоомоор байна. Сөрөг хүчин гэхээр тоглоомын бүлгийн дарга бий болгочихдог. Ард түмнийг өмөөрөх хүн алга. Ардчилсан нам ард түмний талд зогсох болно. Хотын дарга Д.Сумъяабазар түгжрэлийг бууруулахын тулд өөрөө сэтгэж, ажлаа хийгээч ээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж