Төлбөртэй авто зогсоол нь хэрэглэгчдийн эрхийг зөрчиж байна гэж үзэн ШӨХТГ журамд өөрчлөлт оруулах тухай саналыг НИТХ-д хүргүүлсэн. Ингэхдээ НИТХ-аас 2022 оны долдугаар сарын 1-ний өдрийн ээлжит бус хуралдаанаар журамдаа өөрчлөлт оруулж авто зогсоолын эхний 15 минутыг төлбөргүй болголоо гэсэн мэдээлэл гарсан. Энэ талаар НИТХ-ын Хуралдаан зохион байгуулах албанаас тодрууллаа.
“Авто зогсоолын эхний 15 минут үнэгүй болох болон байршлаас хамаарч авто зогсоол төлбөргүй болох асуудал нь батлагдаагүй байна. Үүнийг Хууль зүй, дотоод хэргийн яам эцсийн байдлаар баталдаг тул одоогоор тогтоол батлагдсан хэдий ч журам батлагдаагүй. Ингэхдээ Хууль зүй, дотоод хэргийн яам эрхзүйн актад уг асуудлыг бүртгэснээр есдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжих чигтэй байна” гэлээ.
Өмнө нь буюу энэ оны долдугаар сарын 1-нд болсон НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар нийтийн болон хувийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн зогсоолыг төлбөртэй ажиллуулах талаар авах арга хэмжээний тухай хэлэлцсэн. Энэ оны байдлаар Улаанбаатар хотод 615 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Харин авто зогсоолын хувьд 16,696 байгаа нь нийтийн болон хувийн хэвшлийн, орон сууцны авто зогсоолыг тээврийн хэрэгсэлтэйгээ харьцуулахад 1 зогсоолд 23 авто машин ногдохоор байна. Хотын төвд зогсоолын хүрэлцээ муу байгаа нь түгжрэлийн шалтгаан болж байна гэж иргэдээс авсан судалгааны үр дүн гарсан. Тиймээс иргэд сул зогсоол хайж үргүй зорчилт хийх, зориулалтын бус газарт авто машинаа байршуулж бусдын хөдөлгөөнд саад учруулах зэргээр ачааллыг үүсгэдэг. Түүнчлэн цаашид татвар төлөгчдийн мөнгөөр бус авто тээврийн хэрэгсэл хэрэглэгчдийн төлсөн татвараар автозамын сүлжээний өргөтгөл, шинэтгэл, засвар үйлчилгээ, бусад үйлчилгээг санхүүжүүлэх нь зүйтэй гэж Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Одсүрэн танилцуулсан билээ.
Холбоотой мэдээ