Брайантынхан 31 сая долларын нөхөн төлбөр авах болов

Хуучирсан мэдээ: 2022.08.25-нд нийтлэгдсэн

Брайантынхан 31 сая долларын нөхөн төлбөр авах болов

Брайантынхан 31 сая долларын нөхөн төлбөр авах болов

Алдарт сагсан бөмбөгчин асан Коби Брайантын ослын зургийг ил болгосон гэх шүүх хурал дуусч, гомдол гаргасан Ванесса Брайант болон Кристофф Честер нар ялалт байгуулжээ. Тэд Лос Анжелесын цагдаа болон гал түймрийн газраас нийтдээ 31 сая ам.долларын нөхөн төлбөр авах аж.

Ванесса Брайант 16 сая ам.доллар, Крис Честер 15 сая ам.доллар тус тус нөхөн төлбөрт авна.

Шүүх шийдвэрээ танилцуулсаны дараа Ванесса өмгөөлөгч нар болон охин Наталъяагаа тэврэн, нулимс дуслуулжээ. Тэрбээр шүүх байрны гадаа ямар нэгэн мэдэгдэл хийлгүй явсан гэнэ.

Шүүх хурлын гол асуудал нь 2020 оны нэгдүгээр сард нисдэг тэрэгний ослоор таалал төгссөн Коби Брайант түүний охин Жианна тэдэнтэй хамт зорчиж явсан Честерийн эхнэр Сара, охин Пэйтон болон бусад таван хүний цогцос багтсан гэрэл зургуудыг Лос Анжелесын цагдаа, гал түймрийн албаныхан зөвшөөрөлгүй, хууль бусаар авч, нийтэд цацсан явдал юм.

Ванесса Брайант болон Крис Честер нарын зүгээс гэрэл зургийг зөвшөөрөлгүй цацаж, сэтгэл санааны хямралд оруулж, хувийн нууцад халдсан гэх үндэслэлээр гомдол гаргажээ.

Лос Анжелесын цагдаагийн газраас тухайн ослын зургуудыг бүрэн устгасан гэж мэдээллэж байгаа боловч гомдол гаргагчид тэдэнд итгэхгүй байна.

Шүүх хурлын үеэр гэрчүүдийн мэдээлснээр тухайн үед ослын газар ажилласан этгээдүүд дарсан зургуудаа баар, шагнал гардуулах ёслолын үеэр, онлайнаар видео тоглоом тоглож байхдаа бусдад үзүүлж, тэр ч бүү хэл танихгүй хүн рүүгээ хүртэл олон арван зураг илгээсэн гэнэ.

2020 оны есдүгээр сард Калифорни мужийн амбан захирагч Гевин Ньюсом “Коби Брайантын хууль”-ийг баталсан. Энэхүү хуульд зааснаар ослын газар ажилласан, анхан шатны тусламж үзүүлсэн хүмүүс бусад зорилгоор ослын зургийг бусадтай хуваалцахыг хоригложээ. Хэрэв хуулийг зөрчвөл хандалт авсан тоо бүрийг нь нэг мянган ам.доллараар үнэлнэ. Өөрөөр хэлбэл, ил болгосон зураг нь арван хүнд хүрвэл 10 мянган ам.доллараар торгуулна.

Дашрамд сонирхуулахад, Коби Брайант наймдугаар сарын 23-ны өдөр мэндэлсэн бөгөөд Лос Анжелес хотын зүгээс түүний “8” болон “24” дугаарыг хүндэтгэн жил бүрийн наймдугаар сарын 24-ний өдрийг “Коби Брайантын өдөр” болгон зарласан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж