Үндэсний үйлдвэр, импортын форм 30-100 мянган төгрөгийн зөрүүтэй байна

Хуучирсан мэдээ: 2022.08.25-нд нийтлэгдсэн

Үндэсний үйлдвэр, импортын форм 30-100 мянган төгрөгийн зөрүүтэй байна

Үндэсний үйлдвэр, импортын форм 30-100 мянган төгрөгийн зөрүүтэй байна

Хичээл сургууль эхлэх дөхөж намрын их хөдөлгөөн дунд эцэг, эхчүүд сурагчдынхаа бэлтгэлийг базааж буй. Энэ үед хамгийн эрэлттэй зүйл нь дүрэмт хувцас байдаг. Дотоодын үйлдвэрийнх зузаан материалтай чанар муутай, үнэтэй, импортынх харьцангуй хямд, эдэлгээ удаан гэж олон хүн хэлдэг. Тэгвэл зах зээл дээр худалдаалж байгаа дүрэмт хувцасны үнийн зөрүү болон стандарт шаардлага ямар ялгаатай байгаа талаар сурвалжиллаа.

ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРҮҮД ЯПОН, СОЛОНГОСООС МАТЕРИАЛ ТАТАЖ, СТАНДАРТЫН ДАГУУ ОЁДОГ

Бид дотоодын гурван үйлдвэрийн нэрийн дэлгүүрт очиж, материал, чанарын талаар мэдээлэл авав. Худалдааны зөвлөхүүдийн хэлж байгаагаар материалын татан авалтаас шалтгаалж үнэ нь урдаас орж ирж буй бэлэн формоос үнэтэй байдаг гэх тайлбарыг өглөө. Эхний кэйс бол дүрэмт хувцасны үйлдвэрлэл эрхлэгчдийн дунд томоохонд тооцогддог үндэсний үйлдвэр. Материалаа Солонгосоос татаж авч, туслах хэрэглэгдэхүүнийг хятадаас авдаг гэв. Материалын захиалгыг эрэлт ихсэхээс өмнө буюу 3-6 сарын өмнө татан авч, бүтээгдэхүүн үйлдвэрлэлд бэлтгэдэг байна.

Ингэхдээ 100 хувь цэвэр даавуугаар биш полиэстер, хөвөн даавуу хослосон хүүхдийн биед тухтай, харшил өгөхгүй, шатамтгай бус материалыг сонгож, стандартын дагуу оёдог гэлээ.

Дээрх үйлдвэрийн формын үнэ 115-210 мянган төгрөгийн үнэтэй байв. Дараагийн үйлдвэрийн тухайд Хятад болон Японоос материалаа татан авч, 30 гаруй хүнийг цалинжуулж, үйлдвэрлэл явуулдаг байна. Үнийн хувьд 120-231 мянган төгрөг. Материалын үнээс гадна үүнд ажиллах хүний цалин хөлс багтаж буй. Ажиллах хүчний тухайд нэг үйлдвэр багадаа 20 дээд тал нь 40-50 хүний нөөцтэй ажилладаг байна. Гэх мэтчилэн дотоодын үйлдвэрүүд импортынхоос 30-100 мянган төгрөгийн үнэтэй байгаа юм.

НАРАНТУУЛД ХУДАЛДААЛЖ БУЙ ФОРМ 85 МЯНГААС ЭХЭЛЖ БАЙНА

Олны хөл тасардаггүй, хэрэглэгч ихтэй худалдааны төв болох Нарантуул зах. Хичээл орох дөхсөн энэ өдрүүдэд дүрэмт хувцасны хоёр эгнээ нь зөрөх зайгүй шахам байв. Бага ангийн форм 85-95 мянга, дунд ангийнх 95-110 мянга, ахлах ангийнх 110-135 мянган төгрөгийн хооронд байх бөгөөд бүх лангууных ижил байсан юм.

Худалдагч Н.Төгөлдөр:

-Миний хувьд сурагчийн дүрэмт хувцасны тасагт 22 жил худалдаа эрхэлж байна. Өнгөрсөн жилийнхээс худалдан авалт сайтай, үнэ ч хямд байгаа. Хүмүүс дотоодын форм авахаас илүү хямдыг нь их авдаг. Материал, чанар бараг ялгаагүй. Энд ирэхээр үйлдвэрлэлийн зардал, худалдаалах цэгийн түрээс зэргээс шалтгаалж үнийн зөрүү гардаг байх. Түүнээс материалтай нь харьцуулж үзвэл Хятадаас ирсэн нь хамаагүй дээр байдаг. Бид өнгөрсөн хоёр жил үндэсний үйлдвэрийн форм гэрээтээр авч зарж үзсэн. Хүмүүс худалдаж авах нь бага байсан учраас энэ жил зөвхөн импортын формоо л зарж байна.

Бусад худалдаачид ч мөн ижил хариулт өгсөн бөгөөд энэ жил үндэсний үйлдвэрлэл гэхээс илүү захаас л форм авах нь ихэссэн гэсэн юм. Учир нь бусад худалдааны төвтэй харьцуулахад Нарантуул хамгийн хямд үнэтэй нь байгаа аж.

Стандарт шаардлагын тухайд асуухад нэгдсэн тийм зүйл байхгүй. Бид өөрсдөө судалж байгаад хамгийн чанартай гэсэн үйлдвэрээс татан авалт хийдэг. Урдаас ирэх ачаа барааны тээвэрлэлтийн хөлс нэмэгдсэн ч үнийн хувьд бүрэн форм 10-20 мянгаар л нэмэгдсэн гэдгийг худалдаачид мөн хэллээ.

ХҮҮХЭД ХӨДӨЛГӨӨНТЭЙ УЧИР МАТЕРИАЛ Л ИХ ЧУХАЛ

Жил бүрийн өдийд эцэг, эхчүүд хүүхдэдээ ямар дүрэмт хувцас авч өгөх вэ, аль нь чанартай бол гэж хайдаг. Тэгвэл эцэг, эхчүүдийн зүгээс дараах тайлбарыг өгсөн юм.

Үндэсний үйлдвэрийг сонгож байгаа хүнээс асуухад материал дээр зөрүү гардаг. Өмнө нь зузаан хэт даргараас болоод сонгодоггүй байсан ч үйлдвэрүүдийг харьцуулж байгаад нь авах нь зүйтэй санагдсан. Хятад форм авбал нэг жил өмсөөд өмд нь цоорох, жакетны ханцуй нь нимгэрдэг.

Харин дотоодынх чанарын хувьд харьцуулахад урдаас ирж байгаагаас дээр. Үнэ илүү ч хоёр жил өмсөх боломжтой гардаг гэв.

Нарантуулаас худалдан авалт хийж буй эцэг эхчүүдээс асуухад “Монголын форм үнэтэй. Тэгсэн хэрнээ бөөсөрдөг. Ялгаагүй л жил бүр авахаас хойш хямдыг нь авсан нь дээр” гэдэг хариултыг өгсөн юм. Мөн хүүхдүүд их хөдөлгөөнтэй учир биед наалдахгүй, материал сайтайг нь бодоод импортынхыг авдаг гэдгийг ч зарим нь хэлэв.

ДҮРЭМТ ХУВЦАСНЫ СТАНДАРТ ГЭЖ БИЙ

Үндэсний үйлдвэрлэгчдийн тухайд хэдий үнэтэй ч тодорхой хэмжээний стандартын дагуу форм үйлдвэрлэж байна. Тухайлбал, зургаан настай хүүхдэд 100 хувь хөвөн даавуу материалтай, хөлс гадагшлуулдаг формальдегийн хэмжээ 75-аас ихгүй байх ёстой аж. Ингэснээр хорт хавдар болон бусад өвчлөл үүсэх эрсдэлгүй. Харин 7-14 настай сурагчдын тухайд хөвөн даавуу 70 хувиас багагүй, полиэстер 30 хувиас ихгүй байх нь зөв байна. Мөн үүн дээр нэмээд хөлс гадагшлуулдаг, будгийн тогтворжуулагч ашигласан байдал зэргийн шаардлага тавигддаг аж. Харин ахлах ангийнхны хувьд дээрх шаардлагаас гадна материалын сүвэрхэг байдал, агаар нэвтрүүлэлт зэрэг үзүүлэлт нэмэгддэг байна. Харин хятадаас ирж буй дүрэмт хувцас дээрх стандартыг хангаагүй, полиэстер голлосон байдгаас хүүхэд хөлрөх, агаарын солилцоо явагдахгүй байх зэрэг эрсдэл үүсдэг байна.

Хэрэглээний болон эрүүл ахуйн чанар стандартыг хангах нь чухал гэдгийг ч үндэсний үйлвэрлэгчдийн зүгээс хэлж байлаа.

Одоогоос 10 жилийн өмнө ерөнхий боловсролын бүх сургууль ижил дүрэмт хувцастай байх шийдвэр гарсан. Гэхдээ чанар стандартыг нарийн тогтоосон зүйл байхгүй. Ямартай ч олон улсын “MNS” стандартыг хангасан байх хэрэгтэй гэдэг. Гэхдээ энэ шаардлагыг хэрэгжүүлэхэд БШУЯ, ХХААХҮЯ гээд альнаас ч оролцдоггүй. Учир нь 2014 оноос эхлэн сурагчийн дүрэмт хувцасыг үндэсний үйлдвэрлэгчид нийлүүлэх боломжтой болсон төдийгүй чанар стандартыг өөрсдөө тогтоож өрсөлдөх зохицуулалт гаргасан.

ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРИЙНХ ҮНЭТЭЙ УЧИР ЗАХ ЗЭЭЛИЙН 30 ХУВИЙГ Л ЭЗЭЛДЭГ

Дотоодын зах зээл дээрх иргэдийн худалдан авалтаас гаргасан албан бус статистикаар үндэсний үйлдвэрлэл 30 хувийг л эзэлдэг байна. Хэдийгээр үйлдвэрлэгч олон, хэрэглэгч мөн жилээс жилд нэмэгдэж байгаа ч хүмүүс ихэвчлэн импортын формыг л сонгож байна. Энэ нь иргэдийн сонголт бөгөөд Боловсрол шинжлэх ухааны яамнаас болон бусад албан газраас дүрэмт хувцасанд тавигдах шаардлага зэргийг баталж гаргаагүй учир нэгдсэн зохицуулалт байх ямар ч боломжгүй юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж