"Л.Энх-Амгалан олгоогүй, царцсан тэтгэлгийн хэмжээг хэлсэн байх"

Хуучирсан мэдээ: 2022.08.25-нд нийтлэгдсэн

"Л.Энх-Амгалан олгоогүй, царцсан тэтгэлгийн хэмжээг хэлсэн байх"

"Л.Энх-Амгалан олгоогүй, царцсан тэтгэлгийн хэмжээг хэлсэн байх"

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "4800 хүүхдийн нэр, регистрийг хуурамчаар үйлдэж, 2.3 тэрбум төгрөгийн хохирол улсад учруулах гэж байсан талаар мэдээлсэн. МСҮТ-д суралцагчдын бүртгэл давхцаж, хийдэл үүссэн гэх 4800 гаруй суралцагчийн 4100 нь их, дээд сургуультай, 600 орчим нь ЕБС-тай, үлдсэн нь МСҮТ хооронд давхацсан байжээ. Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяагаас тодрууллаа. 


-Л.Энх-Амгалан сайдын мэдээлэлтэй холбоотойгоор танаас дэлгэрэнгүй мэдээлэл авах гэсэн юм. Өмнө нь МСҮТ танай яамны харьяа байхад ийм асуудал гарч байв уу?

-Мэргэжлийн боловсролын салбар 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнөх хугацаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяанд байсан. Боловсролын салбар цогц, нэгдсэн бодлоготой байх нь зүйтэй. Мөн мэргэжлийн боловсролын салбарыг хөгжил ерөнхий боловсрол болон их, дээд сургуультай нягт уялдаа холбоотой байлгах үүднээс боловсролын яамны харьяанд шилжүүлсэн.

Энэ салбарт суралцаж байгаа оюутан залуусын регистрийн дугаараар нь 2019 оноос цахим мэдээллийн нэгдсэн бааз үүсгэж эхэлсэн.

МСҮТ нь манай яамны харьяанд байхад хяналт нь хоорондоо уялдахгүй байсан. Тийм учраас нэгдсэн цахим мэдээллээ Боловсрол, шинжлэх ухааны яам руу шилжүүлж, тухайн үедээ давхардсан бүртгэлийг шалгаж байсан. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас цахим шилжилтийг маш сайн хэрэгжүүлж, их, дээд сургууль болон МСҮТ-ийн мэдээлэл нэг дата баазад нэгтгэж буй. Ингэснээр давхар бүртгэлийг цэгцлэх эхлэл болж байгаа юм.

Манай яамны харьяанд байхад тухайн суралцагчийн регистрийн дугаараар нь нэг хүн дээр нэг л шилжүүлэг хийдэг байсан. Тухайн суралцагчийн хувийн дансанд шууд шилждэг гэсэн үг. Мөн Төрийн сангаас хоёр давхар шилжүүлэг хийх боломжгүй.

-МСҮТ-ийн суралцагчид сар бүр 100 мянган төгрөгийн тэтгэлэг авдаг байсан бол одоо 200 мянган төгрөгийн тэтгэлэг авдаг болсон. Нэг суралцагч төгсөхдөө хэчнээн төгрөгийн тэтгэлэг авдаг вэ?

-Мэргэжлийн боловсролын салбарыг дэмжих зорилгоор МСҮТ-ийн оюутнуудад 2016 оны эхний хагас жил хүртэл тэтгэлэг олгож байгаад 2017, 2018 онд тэтгэлэг огт олгоогүй. Өнгөрсөн 2019 оноос эхлэн нэг суралцагчдад 100 мянган төгрөг олгох шийдвэр гарч байсан бол 2020 онд 200 мянган болж нэмэгдсэн. Мэргэжлийн боловсролыг дэмжих үүднээс оюутнууд үнэ төлбөргүй суралцаж, оюутны дотуур байраар хангаж, төрөөс хувьсах зардлыг гаргаж, тэтгэлэг олгодог.

Өөрөөр хэлбэл, МСҮТ-ийн нэг жилийн анги төгсөхөд хоёр сая, 2.5 жилийн анги 5.2 сая төгрөг тэтгэлгээр авдаг.

Өнгөрсөн 2021 оны хичээлийн шинэ жилээс эхлэн 200 мянган төгрөгийн тэтгэлгийг сар бүр олгож байгаад 2022 оны гуравдугаар сард журам нь шинэчлэгдэж,  МСҮТ-ээ төгсөхөд нь тэтгэлгийг нэгтгэж олгохоор болсон. Ингэснээр энэ жил төгсөх оюутнуудыг тэтгэлгийг олгох ажлыг БШУЯ-наас зохион байгуулсан.

-Одоо 4800 суралцагч 2.3 тэрбум төгрөгийн тэтгэлгээ аваагүй байна гэж ойлгож болох уу? 

-Энэ хичээлийн жилд 14 мянга 790 суралцагч МСҮТ-ийг төгсөхөөр бүртгэгдсэн. Нэг жилийн ангид 12 мянга 520 суралцагч, техникийн боловсролын 1.5 жилийн ангид 486, техникийн боловсролын гурван жилийн ангид 1784 суралцагч төгсөх ангид байна. Энэ жил 76 МСҮТ үйл ажиллагаа явуулж буй. БШУЯ-наас  цахимжуулах ажлын хүрээнд МБСБ-ын системд бүртгэлтэй нийт 40355 суралцагчийн ирц бүртгэл, шилжилт хөдөлгөөн, тэтгэлэг олголтын явцыг хянахад хэд хэдэн алдаа дутагдал илэрсэн байна.

Нийт 6397 суралцагчийн мэдээллийн зөрчил илэрснээс 3211 суралцагч нь тэтгэлэг авах ёстой төгсөх ангийнхан байсан.

Тэтгэлэг олгох явцад журмын шаардлага хангаагүй 1500 суралцагчийг хассанаар 2957 суралцагч одоо зөрчилтэй хэвээр үлдэж, төгсөх үеийн тэтгэлэгт хамрагдаагүй. Эдгээр суралцагчдын мэдээллийн нарийвчлан судалж байна гэсэн үг.

Тэтгэлэг олгох явцад журмын шаардлага хангаагүй 1500 суралцагчид нь байгууллагад ажил эрхэлж, албан журмын нийгмийн даатгалд хамрагдаж шимтгэл төлдөг 352,  гэмт хэрэг, зөрчилд холбогдож шийтгүүлсэн 330 суралцагч, хүндэтгэн үзэх шалтгаангүй хичээл, сургалтаа орхисон 253, онол, дадлагын сургалтад 80-аас дээш хувийн ирц бүрдээгүй 148, 45 нас хүрсэн 417 суралцагч байсан учраас хасагдсан.

Одоогийн байдлаар tvets.edu.mn системд нийт 2957 суралцагч зөрчилтэй хэвээр үлдэж төгсөх үеийн тэтгэлэгт хамрагдаагүй гэж ойлгож болно.

Л.Энх-Амгалан сайдын хэлснээр 4800 хүүхдийн нэр, регистрийг хуурамчаар үйлдэж, 2.3 тэрбум төгрөгийн хохирол учруулах байсныг илчилсэн гэсэн. Энэ нь магадгүй төгсөх ангийн суралцагчдад олгох ёстой байсан 200 мянган төгрөгийн тэтгэлэг нь бүртгэлийн зөрчлийн улмаас олгоогүй хувь хэмжээг хэлсэн байх.

-Хуулийн байгууллагаас МСҮТ-ийн удирдлагуудыг шалгаж байгаа юу?

-Магадгүй тухайн суралцагч ерөнхий боловсролын сургуульд сурч байгаад МСҮТ-д сурахаар шилжихэд сургууль нь системээсээ хасаагүй байж болно. Эсвэл мэргэжлийн боловсролын салбарт суралцаж байгаад их, дээд сургууль руу шилжихэд бас бүртгэлийг нь хасаагүй байх тохиолдол бий.

Тиймээс нарийвчилсан судалгаа хийж, аль аль талд нь давхар бүртгэл хийж, улсаас хувьсах зардал, тэтгэлэг авч байсан уу гэдгийг сайтар хянах хэрэгтэй. Ингэснээр бүртгэлийн алдаагаа засахаас гадна хуулийн байгууллагад хандаж, хариуцлага тооцох нь зүйтэй.

Тийм учраас яг одоо 4800 бүртгэл бүгд зөрчилтэй, хуурамч гэж хэлэх боломжгүй. Бид хүнийг шууд гүтгэж, буруу хариуцлага хүлээлгэх вий. Боловсролын салбар энэ асуудлыг цогцоор нь авч явах нь зөв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж