Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдөр /2022.08.25/-ийн хурлаар Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийж, бэлтгэл ажлыг хэлэлцлээ. Энэ үеэр өвөлжилт хүндрэрч, зуд турхан болох нь тодорхой болоод байгаа ийм үед урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, өвс тэжээлийг яаралтай баруун бүсэд шилжүүлэн байрлуулах, өвөлжилтийн бэлтгэл ажлыг оновчтой зохион байгуулах талаар УИХ-ын гишүүд ХХААХҮ-ийн сайд болон, холбогдох албан тушаалтнуудад сануулсан юм.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Өмнөговь, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Баянхонгор, Завхан, Ховд аймгууд тэр дундаа Ховд аймагт өвөлжилт маш хүнд болохоор байна гэж холбогдох байгууллага эрсдэлийн үнэлгээ хийсэн байна. Баруун аймгууд нилэнхүйдээ маш хүнд байгаа. Тэгэхээр энэ үнэлгээ хэр бодитой гарсан бэ. Өвөлжилт хүндрэх нь тодорхой болчихсон, энэ жил өвс ногоо ургаагүй, мал тарга тэвээрэг аваагүй дээрээс нь хадлангийн гарц 2 дахин бага гарцтай байгаа. Тиймээс хадлангаа бас сайн бэлдэж чадахгүй гэсэн үг. 2010 оны ес, аравдугаар саруудад бороо ороод тэр нь хөлдөөд зуд болж байсан. Одоо бол есдүгээр сард Ховдод цас орох төлөв мэдээ гарсан байна. Өөрөөр хэлбэл, зуд болох нөхцөл байдал бүрдчихээд байгаа. Тийм болохоор зуд болсны дараа аян өрнүүлээд л хандив мөнгө гуйгаад Засгийн газраас, Улсын онцгой комиссоос анхаараад л өвс тэжээл тусламж гээд л бөөн зардал чирэгдэл болдог.
Нэгэнт өвөлжилт хүндрэх нь ойлгомжтой болчихоод байгаа тул урьдчилаад анхаарах ажил хиймээр байгаа юм аа. З.Мэндсайхан сайд өнгөрсөн наймдугаар сард Ховд аймагт баруун аймгийнхантай уулзсан, яриа хэлэлцээр хийсэн. Миний хувьд бас албан бичиг явуулаад чиглэл үүрэг даалгавар өгсөн. Гэвч тоож, хэрэгжүүлж байгаа ажил орон нутагт харагдахгүй байгаад байна. Миний зүгээс сум, багуудын малчдынхаа дунд 150 сая төгрөгийн шагналын сантай “Малчиддаа өвлийг өнөтэй давъя” уралдаан зарлаж байна. Хөрөнгө гаргаад уралдаан зарлаж өвлийг өнөтэй давах бэлтгэлээ одооноос хангах, хадлан тэжээлээ бэлдэх, хашаа хороогоо дулаалж малаа борлуулан, отор нүүдлээ сайн хийе гээд. Орон нутаг руугаа сайн анхаарахгүй бол дараа нь малчид хохирч, төр засагтаа л хандана. Малчдад бол дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу байна шүү” гэж сануулсан юм.
Холбоотой мэдээ