Путины “тархи” Александр Дугин гэж хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2022.08.25-нд нийтлэгдсэн

Путины “тархи” Александр Дугин гэж хэн бэ?

Путины “тархи” Александр Дугин гэж хэн бэ?

ОХУ-ын нөлөө бүхий улс төрийн гүн ухаантны охин Дарья Дугина Бямба гаригт машинтайгаа дэлбэрч амиа алдсан. NEWS агентлаг энэ удаагийн ХҮМҮҮС булангаараа Дарья Дугинагийн аав Александр Дугиныг онцолж байна.


Фашист үзэл бодлоороо алдартай, Оросын улс төрийн гүн ухаантан, шинжээч, стратегич Александр Гелевич Дугин нь 1962 онд Москва хотноо төрсөн. Түүний аав Гелий Александрович Дугин нь ЗХУ-ын цэргийн тагнуулын хурандаа генерал бол ээж Галина нь анагаах ухааны доктор хүн байжээ. Аав нь түүнийг гурван настай байхад гэр бүлээ орхисон боловч хүүгийнхээ сайн сайхны төлөө эрх баригчидтай холбоотой асуудлуудаас нь ангижруулж тусалдаг байв.

Дугин 1979 онд Москвагийн нисэхийн дээд сургуульд элсэн орсон боловч хасагдсан. Үүнийхээ дараа гудамж цэвэрлэгчээр ажиллаж байсан түүхтэй. Энэ үедээ уншигчийн хуурамч карт ашиглан Лениний номын сан руу нэвтэрч, үргэлжлүүлэн суралцах болсон байна. Гэсэн хэдий ч зарим эрх баригч эл үйдлийг нь өөрөөр тайлбарладаг. Түүнийг номын санд нэвтэрснээрээ КГБ-ын архивт ажиллаж эхэлсэн гэж үздэг бөгөөд фашизм, паганизмын талаарх хориотой ном зохиолуудыг үзэх боломжтой байсан гэдэг. Тэрбээр итали, герман, франц, англи, испани хэлтэй.

“Южинскийн тойрог” хэмээх тэрс үзэлтнүүдийн бүлэгт Дугин 1980 онд элссэн. Бүлэг дундаа тэрбээр нацизмыг хүлээн зөвшөөрсөн гэдгээрээ алдартай байжээ. ЗХУ задран унасны дараа Дугин Үндэсний большевик намыг Эдуард Лимоновтой хамтран байгуулсан.

1997 онд тэрбээр “Геополитикийн үндэс” номоо хэвлүүлж, өөрийн ертөнцийг үзэх үзлийг тодорхойлсон гэдэг. Тэр холбоотон, байлдан дагуулалтаар дамжуулж нөлөөгөө сэргээхийг Орост уриалж, АНУ тэргүүтэй өрсөлдөгч гүрнүүдийг эсэргүүцэхийг дэмждэг. “Геополитикийн үндэс” номыг их сургуулийн геополитикийн хичээлд ашигладаг байсан. Улмаар нео-Евразиизмын үзэл суртлыг хөгжүүлж, “Улс төрийн дөрөвдүгээр онол” номоо бичсэн.

Дугин удалгүй “Элементи” нэртэй сэтгүүлээ хэвлүүлж эхэлжээ. Энэ сэтгүүлдээ тэрбээр Дублинаас Владивосток хүртэл үргэлжилсэн Евро-Зөвлөлтийн эзэнт гүрнийг дэмжигч Жан-Франсуа Тириартыг, Италийн философич Юлиус Эволыг дэмжиж бичдэг байв.

Ажлын карьерын хувьд тэрбээр Төрийн думын төлөөлөгч Геннадий Селезнёв, эрх баригч Нэгдсэн Орос намын тэргүүлэгч гишүүн Сергей Нарышкины зөвлөхөөр тус тус ажиллаж байсан. 2009-2014 онд Москвагийн их сургуулийн Олон улсын харилцааны социологийн тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байв. Гэвч Украин дахь мөргөлдөөний талаарх сэтгэгдлийнхээ улмаас албан тушаалаа алджээ. Үүнийхээ дараа 2015 онд Царград сувагт богино хугацаанд ерөнхий редактороор ажилласан. Царград нь Кремлийг дэмжигч телевизийн суваг юм.

ХУВИЙН АМЬДРАЛ

Дугин хоёр удаа гэрлэж байв. Түүний анхны эхнэр нь Оросын идэвхтэн Евгения Дебрянская бөгөөд тэдний дундаас Артур нэртэй хүү төрсөн. Харин автомашины дэлбэрэлтээр амиа алдсан Дарья Дугина нь хоёр дахь эхнэр Наталья Мелентьевагаас төрсөн охин юм. Дарья Дугина нь сэтгүүлч, улс төрийн идэвхтэн.

Дугина Оросын түрэмгийллийг ил тод дэмждэг байсан. Их Британийн засгийн газар 2022 оны долдугаар сард “Янз бүрийн платформ дээр дайнтай холбоотой худал мэдээлэл түгээдэг” хэмээн Дугинаг буруутгаж, хориг арга хэмжээ авсан.

Дугины хөрөнгийн хэмжээг янз бүрээр бичсэн байдаг. Нэг сая, гурван сая гэхчлэн янз бүрээр тооцоолсон боловч үндсэндээ 1-5 сая ам.долларын хооронд хэлбэлзэж байна.

ФАШИСТ ЗӨНЧ

Кремлийг дэмжигч, телевизийн тоймч Дарья Дугинагийн халдлагын бай нь түүний аав байж магадгүй гэсэн таамаглал гарч ирсэн. Өдгөө 60 настай Александр Дугиныг Кремльтэй албан ёсны холбоогүй ч Путинд ихээхэн нөлөө үзүүлсэн хүн гэж зарим тоймч үздэг.

 

Дугин Оросын гадаад бодлоготой шууд холбоогүй гэдгийг “Euronews” хуудас онцолжээ. Гэвч олон улсын хэвлэлүүд түүнийг Путины “тархи” гэж олон удаа дурдаж байсан. Түүнчлэн “фашист зөнч” гэсэн нэр ч түүнд бий. Дугины ном зохиолуудад Орос ба барууны орнуудын харилцаа хямарч буйг маш оновчтой зөгнөсөн байдаг. Дайн эхэлсний дараа, тэр дундаа тавдугаар сард түүний “фашист зөнч” гэдэг нэр улам ихээр яригдах болсон. Тэр тавдугаар сард бичсэн нийтлэлдээ “Украинчуудыг шинэ, агуу гүрнийг бий болгоход урьж байгааг тэд ойлгох ёстой. Беларусь, казах, армян, азербайжан, гүрж гээд бидэнтэй хамт байсан, одоо байгаа, цаашид байх бүх хүнийг урьж байна” гэж бичиж байв.

Дугины зохиолууд болон Оросын төрийн телевизээр хэлж байсан үгнүүдийг нь Кремль байнга давтдаг аж. Түүний үзэл бодол Путины ертөнцийг үзэх үзэл, Оросын байр суурийг тодорхойлоход асар их нөлөөлсөн гэж ажиглагчид үздэг.

Дугин 1997 онд бичсэн “Геополитикийн үндэс” номдоо Еврази дахь АНУ-ын нөлөөг хатуу шүүмжилсэн байдаг. Түүнчлэн Оросыг бүс нутагт өөрийн эрх мэдлээ тогтоож, бусад үндэстний газар нутгийг задлахыг уриалжээ. Харин АНУ 2015 онд “Украины энх тайван, аюулгүй байдал, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд заналхийлсэн үйлдэлд гар бие оролцсон” гэж хориг арга хэмжээ авсан. “Дугин бол өөрийгөө тунхагласан Бүгд найрамдах Донецк ард улсын нэрийн өмнөх байлдах цэрэг, туршлагатай хүмүүсийг идэвхтэй элсүүлдэг Евразийн залуучуудын холбооны удирдагч байсан” гэж АНУ-ын Сангийн яам гуравдугаар сард мэдэгдсэн.

“Оросын геополитикийн ирээдүй” номд зөвхөн ОХУ-ын талаар бичээгүй. Энэ номд Гүрж, Крымийг эзлэх, Дональд Трампийн сонгууль, Их Британи Европын холбооноос гарах үйл явц зэрэг дэлхийн хэмжээний олон үйл явдлын талаар бичсэн байдаг. Дональд Трамп ерөнхийлөгчөөр сонгогдсон явдлыг тэр “Оросын ялалт” гэж тодорхойлсон бөгөөд Путин, Трамп нар дэлхийн шинэ дэг журмыг бий болгож чадна гэжээ.

АНУ-ын одоогийн засаг захиргаа Дугиныг барууны үйл хэрэгт хор хөнөөлтэй үүрэг гүйцэтгэсээр байгаа гэж үзэж байна. Оросын хэт үндсэрхэг үзэлтнүүдэд барууныхны тухай худал мэдээлэл, суртал ухуулга түгээдэг “Geopolitica” цахим хуудсыг Дугин хянадаг гэж АНУ-ын Сангийн яам мэдэгдсэн.

Охиноо халдлагад өртөж нас барахын өмнөх өдөр Александр Дугин телеграм хуудсандаа барууныхны дэмжлэгтэй Украины эсэргүүцлийн цар хүрээг дурдаж, дайныг улам эрчимжүүлэхийг уриалжээ. Крым болон Запорожьед цохилт өгсөн, Херсон руу довтолсон, Зеленский буулт хийхээс эрс татгалзсан зэргийг үзвэл нөгөө тал босохоор шийджээ гэж Дугин бичсэн. “Тиймээс бид ч гэсэн эцсээ хүртэл явна” гэж тэр бичжээ.

Эх сурвалж: EURONEWS, WIKIPEDIA, SLEEKNAIJA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
БурууБуруу
5
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж