Буудай тариалахад шаардлагатай орцын үнэ 100-150 хувиар нэмэгдсэнтэй холбоотойгоор тариаланчид тонн буудайны ханшийг 1.2 сая төгрөг болгон өсгөхөөс аргагүйд хүрсэн талаар Монголын тариаланчдын үндэсний холбооноос мэдээлэл хийлээ.
Монголын тариаланчдын үндэсний холбооны төлөөлөл:
-Энэ жил газар тариалангийн уур амьсгалын хувьд сайхан жил тохиосон. Буудайн үйлдвэрлэлийн хувьд ургац хураалтын өмнөх өдрүүд ирээд байна. Эхнээсээ буудайн ургац хураалт, ангилан хадалтын ажлууд явагдаж байна.
Өнгөрсөн хавар 380-400 мянган га талбайд буудай тарих зорилт дэвшүүлсэн. Өнөөдрийн байдлаар 330 мянган орчим га талбайд хүнсний улаан буудай тариалагдсан. Энэ жил ойролцоогоор 50 мянга орчим га талбайгаар дутуу тариалалт хийгдсэн. Үүнд олон шалтгаан нөлөөлсөн. Жишээлбэл, бараа бүтээгдэхүүн газар тариалангийн үйлдвэрлэлд хэрэглэдэг туслах материалуудаас эхлээд бодис, бордооны үнэ маш өндөр болсон. Зөвхөн энэ хавраас хойш газар тариалангийн бараа бүтээгдэхүүний үнэ 30-40 хувь нэмэгдсэн.
Энэ үед тариаланчдад санхүүгийн мөнгөн хөрөнгийн урсгал их шаардагддаг. Ажилчдадаа өгөх цалин, шатах туслах материалуудаа худалдаж авах, хураалтын техникийн сэлбэг авах зэрэг олон зардлууд хэрэгтэй байдаг. Гэтэл тариаланчид эдгээр хэрэгтэй зүйлсээ авч чадахгүй хүнд нөхцөл байдалд энэ намрын ургац хураалт эхлэх гэж байна.
Нэгдүгээрт, банкнууд зээлээ хумисан, хавар өгсөн бага хувийн хүүтэй зээлүүдээр 60-70 хувийн биелэлттэй эргэлтийн хөрөнгөд зарцуулсан. Тиймээс ургац хураалтад тариаланчид банкнаас зээл авч чадахгүй хэмжээнд байна. Банкнууд зээл гаргахгүй байгаагаас өөр санхүүгийн байгууллагуудаас өндөр хүүтэй зээл авах шаардлага гарсан. Энэ бүхний ард үйлдвэрлэлийн зардал өсөх суурь нөхцөл бүрдсэн.
Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас энэ намар хөдөө аж ахуйг дэмжих санг худалдан авах буудайн үнээ зарласан. Төрийн худалдан авалт нь тухайн жилийн хүнсний буудайн худалдан авалтын жишиг үнэ болдог. Төрөөс санал болгосон үнэ маш бага байгаа юм. Бидний тооцсон өртгөөр нэг га талбайн зардал 1’080’000-1’280’000 төгрөгийн хооронд гарсан. Хэрэв нэг сая төгрөгөөс доош үнээр зарвал тариаланчийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн өртгөөсөө доош үнэлэгдэнэ. Өөрөөр хэлбэл алдагдал хүлээнэ гэсэн үг.
Хүнс хөдөө аж ахуйн яам буудайн үнийг дөрөв хувааж зарласан байсан. Цаашдаа хүнсний буудайг олон ангилдаг стандартыг өөрчлөхийн төлөө манай холбоо ажиллана. Буудайг олон ангилснаар бүтээгдэхүүнийг үнэ цэнгүй болгох, хямд үнээр тариаланчдын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг үнэгүйдүүлэх нөхцөлийг бүрдүүлж байна.
Хүнс хөдөө аж ахуйн яам бодит ургацын хэмжээг 400 мянга гаруй тонн буудай хураана гэж зарласан байсан. Нийт хураасан буудай цэвэрлэгээний дараа зургаа орчим хувийн хорогдолтой гардаг. Энэ дүнгээр тооцвол 380 мянга орчин тонн буудай хурааж магадгүй гэсэн урьдчилсан төлөв гарсан. Улаан буудайны үрийг дараа жилийн ургац хураалтад хадгалах, спиртийн болон бусад үйлдвэрүүд худалдаж авна гэж тооцвол цэвэр гурил үйлдвэрлэлд 220-230 мянган тонн борлуулагдана гэж тооцоолсон. Өмнө жилийн үлдэгдэл нөөцтэй нийлээд дотоодын хэрэгцээг чадан ядан хангах хэмжээний ургац хурааж авна гэсэн урьдчилсан дүн гарсан.
Холбоотой мэдээ