Шүлхий гарсан аймаг, сумдад хорио тогтоосон хэвээр байна

Хуучирсан мэдээ: 2022.08.24-нд нийтлэгдсэн

Шүлхий гарсан аймаг, сумдад хорио тогтоосон хэвээр байна

Шүлхий гарсан аймаг, сумдад хорио тогтоосон хэвээр байна

Шүлхий өвчний хорио цээрийн дэглэм өнөөдрийн байдлаар таван аймгийн зарим суманд үргэлжилж байгаа талаар Мал эмнэлгийн ерөнхий газраас мэдээлсэн. Энэ сарын 2-ноос эхэлж зарим аймаг, сумдад хорио тогтоосон бөгөөд хэдий хугацаанд үргэлжлэх нь одоогоор тодорхойгүй байгаа аж. Наймдугаар сарын 20-ны байдлаар  Баян-Өлгий аймгийн Баяннуур, Алтанцөгц, Увсын Өмнөговь, Өмнөговийн Ханхонгор, Цогт-Овоо, Архангай аймгийн Ихтамир зэрэг сумдад шүлхий өвчний шинж илрээд буй.

Мал эмнэлгийн ерөнхий газраас хорио цээрийн дэглэмтэй газруудад мэдрэмтгий малыг сүргээс тусгаарлах, дархлаажуулах ажлууд хэрэгжүүлж байгаа гэнэ.

Энэ жил батлагдсан төлөвлөгөөний дагуу давхардсан тоогоор 80 сая орчим малыг угаалга, туулга, боловсруулалтад хамруулах юм байна. Шүлхийгээс гадна малын гоц халдварт үхрийн арьс товруутах өвчний голомтын бүс тэлж, Улаанбаатарт халдвар гарах эрсдэлтэй учраас вакцины захиалга хийжээ. Нийслэлийн Мал эмнэлгийн газрын дарга вакциныг зөвхөн үхэрт тарих бөгөөд Улаанбаатарт 92 мянган үхэр байгаа гэдгийг мэдээлсэн.

Өнөөдрийн байдлаар Булган аймгийн Булган сумын 57 үхэртэй айлын нэг үхрээс арьс товруутах өвчний шинж тэмдэг илэрсэн байна. Онош тогтоохоор тухайн үхрийг зориудаар устган, дээжийг нь наймдугаар сарын 10-нд Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид хүргүүлж шинжилгээ хийхэд онош нь батлагджээ.

Халдварт өвчин илэрсэн тухайн айлыг хязгаарлалтын дэглэмд оруулж, үхрийг нь бусад айлын үхэртэй нийлүүлэхгүй байх, үхрүүдэд нь эмнэл зүйн үзлэгийг өдөр бүр хийж байгаа аж.

Мөн Булган, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн хэмжээнд эрсдэлд суурилсан тандалт хийх, малчдад уг өвчний талаар мэдээлэл өгөх, мал сүргээ байнгын хариулгатай байлгах, шилжилт хөдөлгөөн хийхгүй байх, сэжиг илэрсэн тохиолдолд малын эмчид яаралтай мэдэгдэх зэрэг ажлууд хийгдэж байгаа юм байна. Одоогоор малын халдварт шүлхий болоод арьс товруутах өвчин зэргээс шалтгаалж зарим аймагт хорио цээрийн дэглэм тогтоож, ариутгал халдваргүйжүүлэлт хийж байна. Малын гоц халдварын голомтыг хяналтад авсан бөгөөд тархалтыг хумьж ажиллаж байгаа аж. Гэхдээ малчдыг үхэртээ өдөр бүр тандалт хийж, сэжиг илэрсэн тохиолдолд малын эмчид яаралтай мэдэгдэхийг орон нутгийн мал эмнэлгийн байгууллагаас анхааруулж байна. Халдварын эрсдэл буурсан гэж үзвэл хорио тогтоосон зарим аймаг, сум энэ долоо хоногоос хязгаарлалтаа бүрэн цуцлах юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж