"Эрдэнэтийн 49 хэлцлийн хүрээнд ХХБ-аас 480 тэрбум төгрөг суутгасан"

Хуучирсан мэдээ: 2022.08.24-нд нийтлэгдсэн

"Эрдэнэтийн 49 хэлцлийн хүрээнд ХХБ-аас 480 тэрбум төгрөг суутгасан"

"Эрдэнэтийн 49 хэлцлийн хүрээнд ХХБ-аас 480 тэрбум төгрөг суутгасан"

Засгийн газрын ээлжит өнөөдрийн /2022.08.24/ хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.


ЗГ: УЛААН БУУДАЙ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ ДОТООДДОО 100 ХУВЬ ХАНГАНА

Төрийн хяналтын хуулийн хүрээнд Геологийн судалгааны төв, Геологийн төв лабораторийг нэгтгэх шийдвэр гаргажээ. Мөн Эрчим хүчний хөгжлийн төвийг Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төвтэй нэгтгэлээ. Өөрөөр хэлбэл, Төрийн хяналтын хуулийг хүрээнд үйл ажиллагаа нь давхацсан төрийн болон орон нутгийн байгууллагыг татан буулгаж, зохион байгуулалтыг өөрчилж байна.

ХХААХҮ-ийн сайд З.МЭНДСАЙХАН:

-Энэ оны ургацын урьдчилсан балансыг танилцууллаа. Нийт 470.3 мянган тонн үр тариа үүнээс 441.4 мянган тонн улаан буудай, 234.1 мянган тонн төмс, 125.8 мянган тонн хүнсний ногоо, 55.7 мянган тонн тосны ургамал, 104.4 мянган тонн тэжээлийн ургамал хурааж авах төлөв гарсан. Иргэд, аж ахуйн нэгж дараа оны тариалалтад зориулж өөрсдийн хэрэгцээнд  49 мянган тонн улаан буудайн үр нөөцлөхөөр үрийн зориулалтаар 10.3 мянган тонн, тэжээлд 36 мянган тонн, спиртийн үйлдвэрт 11 мянган тонныг зарцуулах санал ирсэн. Гурил үйлдвэрлэлд 34.7 мянган тонн буудай нийлүүлэх төлөвтэй байна. Ургацын урьдчилсан балансаар харахад, энэ жил улаан буудай, төмсний хэрэгцээгээ дотооддоо 100 хувь хангана. Засгийн газраас өнгөрсөн хаврын тариалалтын үед авч буй арга хэмжээгээр хүнсний ногоо тариалан эрхлэгчдэд анх удаа 54 тэрбум төгрөгийн эх үүсвэртэй хөнгөлөлттэй зээлийг олгосон. Мөн 10 нэр төрлийн хүнсний ногоог урамшуулалтай болгосон. Үүний үр дүнд дотоодынхоо хүнсний ногооны хэрэгцээний 70 хувийг хангах урьдчилсан дүн гарч байна. Өнгөрсөн жил бид 58 хувийг хангаж байсан.

Бид одоо энэ бий болгосон баялгаа хугацаанд нь бүрэн хурааж авах асуудал тулгарч байна. Нийтдээ намрын ургац хураалттай холбоотойгоор оюутан, цэргийн алба хаагчдыг ажиллуулахаар 4776 хүний захиалга ирж, 1500 орчим оюутан болон цэрэг Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ажиллаж байна. Энэ намрын ургац хураалтаар гурилын үйлдвэр болон Хөдөө аж ахуйг дэмжих санд 184 мянган тонн улаан буудай хүлээн авах савны ариутгал, засварыг хийсэн. Энэ жил ургацын болц 5-7 хоногоор түрүүлж байгаа нь эерэг ахиц харагдаж байна. Хүнсний ногооны 31 том байршил дээр өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна. Худалдаа эрхлэхэд ямар нэгэн хориглох зүйл байхгүй.

Мөн өнгөрсөн зургадугаар сарын 8-нд Засгийн газраас дулааны аргаар мах экспортлохыг түр түдгэлзүүлсэнтэй холбоотойгоор холбогдох мэргэжлийн байгууллага шалгалт хийж дууссан. Шалгалтаар экспортын эрхтэй 11 байгууллагын дулааны аргаар боловсруулсан 5720  тонн мах, долоон аж ахуй нэгжийн 3817 тонн махыг экспортод гаргахаар болсон. Ингэснээр нийт 16 аж ахуй нэгжийн 9537.6 мянган тонн махыг экспортолно. Цаашдаа ямар нэгэн хориг тавихгүй.

Засгийн газраас хүнсний ногооны үнийг бага байлгах тал дээр анхаарч ажиллаж байна. Зах зээлийн нийлүүлэлтээс харахад шинэ ургац гарсан учраас буурч байна. Улаан буудай тариаланчдын холбоотой хамтарч Хөдөө аж ахуйг дэмжих санд худалдан авах улаан буудайн үнийг тооцож гаргасан. Өчигдар Улсын ургацын комисс хуралдаж, Салбар яамнаас өнгөрсөн жилийн газар тариалангийн орцын үнийн өсөлтийг тооцож үзсэн.

Түлш, сэлбэг хэрэгсэл, бодис гээд бүтээгдэхүүний үнэ 20-30 хувь өссөн байна. Энэ өсөлтийг тариаланчдын холбоо бас тусад нь тооцсон. Яамнаас гарсан зардлыг олон улсын зах зээлийн үнэтэй харьцуулж, судалсан.

Холбооноос нэг тонн улаан буудайг 1.000.080 төгрөг болон 1.000.200 төгрөг гэсэн бол яамнаас нэгдүгээр зэрэглэлийн улаан буудайг нэг сая төгрөг гэсэн. Өнгөрсөн жил 800 мянган төгрөг байсан. Хоёрдугаар зэрэглэлийн улаан буудайг 970, дөрөвдүгээр зэрэглэл бол 880 мянган төгрөг байна.

Сангийн сайд Б.ЖАВХЛАН:

-Өнгөрсөн 2017 оны УИХ-ын 23 дугаар тогтоолоор "Эрдэнэт үйлдвэр" ХХК, "Монголросцветмет" ХХК-ийн 49 хувьтай холбоотой өр төлбөрийг харилцан суутгахаар болсон. Мөн 2018 оны Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр мөн л ижил утгатай 49 хувийг худалдаж авсан компанид өр төлбөрийг барагдуулах замаар харилцан суутгалыг хийж, 49 хувийг улсад бүрэн авах дүгнэлтийг хангах шийдвэр гарлаа. Эхний шийдвэр 2022 оны зургадугаар сард гарч, 162 тэрбум төгрөгийг харилцан суутгал хийхээр болсон. Энэ удаа Монголбанкны Худалдаа хөгжлийн банкнаас авах авалга буюу 480 тэрбум төгрөгийг суутгаж авснаар нийт 580 тэрбум төгрөгийг суутгахаар боллоо. Ингэснээр Монгол Улс "Эрдэнэт үйлдвэр"-ийг 100 хувь өмчлөх алхам урагшилж байна. Дараагийн харилцан суутгал хийх хэлцэл үргэлжилнэ. АТГ хууль эрх зүйн боломжоор хангаж, сайн ажиллалаа.

Хөгжлийн банктай холбоотой "Самура" бонд, "Евро" бондын асуудал ирэх жил гарч ирнэ. Эдгээр өрийг Хөгжлийн банк өөрөө төлөх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

"СОЁЛЫН САЛБАРЫН ГҮЙЦЭТГЭЛ ДЭЭР СУУРИЛСАН ТӨСВИЙН УРАМШУУЛЛЫН СИСТЕМТЭЙ БОЛЛОО"

Соёлын сайд Ч.НОМИН:

-Дэлхий нийтээрээ соёл урлагт бүтээлч үйлдвэрлэл шингэсэн эдийн засгийг хөгжүүлэх бодлогыг 2001 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Цар тахлын үеэр эдийн засгийг солонгоруулж буй нэг салбар нь бүтээлч үйлдвэрлэлийн салбар гэж тодорхойлсон. Алсын хараа-2020 төлөвлөгөөнд Монгол Улсад бүтээлч үйлдвэрлэлийн салбарыг бие даасан салбар болгон хөгжүүлнэ гэсэн зорилтыг тавьж, Соёлын яамнаас суурь судалгааг хийсэн. Энэ салбарт 11 мянган аж ахуйн нэгж бүртгэлтэй байгаагаас 5600 орчим нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс 33 мянга гаруй хүн ажлын байртай байна гэж тодорхойлсон. Тиймээс 12 үндсэн чиглэлийг тодорхойлж, өрсөлдөх чадвар, нөөц, өв соёл дээр суурилсан тэргүүлэх зургаан чиглэлийг тодорхойлсон.  Тодруулбал, кино болон дүрслэх урлаг, дуу хөгжим, хувцас загвар, дижитал контент, утга зохиол, тоглоом хөгжүүлэлт гэсэн чиглэл багтаж, найман бодлогоор хөгжүүлнэ. Энэ салбарын хуулийг өргөн барьж батлуулахаар ажиллаж байна.

Засгийн газраас төрийн албаны шимтгэлийг төсвийн шимтгэлтэй хамтатган хийх зорилтыг тавьж, соёлын салбарын гүйцэтгэл дээр суурилсан төсвийн урамшууллын систем бий болголоо. Ингэснээр соёлын салбарт үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагууд өөрийн үйл ажиллагаа, гүйцэтгэл дээр суурилсан нэмэлт санхүүжилт авах боломжтой болж байгаа. Өнөөдрийн байдлаар 12 хувиар цалингийн түвшин бага байгаа. Энэ шинэтгэл орж ирснээр тодорхой хэмжээний урамшуулал нэмэгдэх юм.

"ХОРТОЙ БОЛОН ХОРГҮЙ ХАВДРААР 844 СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛ БАТЛАГДСАН" 

Эрүүл мэндийн сайд С.ЭНХБОЛД:

-Улс даяар иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж буй. Эхний гурван сарын байдлаар 272.434 иргэн хамрагдсанаас 55.6 хувь нь эмэгтэй, 46 хувь нь эрэгтэйчүүд байна. Байршлын хувьд 51.4 хувь нь хотод, 48 хувь нь орон нутагт хамрагджээ. Тө, Хөвсгөл, Дархан-Уул аймгийн иргэд идэвхтэй бүртгэгдсэн байна. Нийт иргэдийн 57 хувьд өвчлөл бүртгэгдэж, ихэнх нь буюу 66.4 хувьд нь хоол боловсруулах тогтолцооны эмгэг илэрчээ. Нийт зургаан насны багцаар хамрагдаж, ЭМД-ын сангаас хамруулж буй.

Эмнэлгүүдийг сонгон шалгаруулж 118 эмнэлэгт өдөрт 40-60 хүнийг үзэж, оношилж байна. Одоо 20 аймаг, таван дүүрэгт 20 эрүүл мэндийн дэмжих төвийг 1.8 тэрбум төгрөгийн өртгөөр байгуулсан. Хортой болон хоргүй хавдраар 844 сэжигтэй тохиолдол батлагдаж, 201 нь хортой байх магадлалтай гарчээ. Хүүхдүүдийн хувьд шүд цооролт, нүдний харааны гажиг ихээр оношлогдож байна.

Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж