ТАНИЛЦ: Үндсэн хуулийг өөрчлөхтэй холбоотой өргөн барьсан хуулийн төсөл

Хуучирсан мэдээ: 2022.08.24-нд нийтлэгдсэн

ТАНИЛЦ: Үндсэн хуулийг өөрчлөхтэй холбоотой өргөн барьсан хуулийн төсөл

ТАНИЛЦ: Үндсэн хуулийг өөрчлөхтэй холбоотой өргөн барьсан хуулийн төсөл

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, оруулах тухай, энэ хуулийг дагаж мөрдөх Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай журмын хуульд нэмэлт, өөрчлөлт төслүүдийг өргөн барьлаа. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Энхболд, Д.Тогтохсүрэн, Ж.Мөнхбат, Л.Мөнхбаатар, Ш.Раднаасэд нар өргөн барьсан юм. ндсэн хуулийн цэцийн шийдвэр эцсийн болохын хувьд Үндсэн хуульд орсон өөрчлөлтийн уг эхийг нотлох, хадгалах, албан ёсны эх болгох, цаашилбал Үндсэн хуульд кодификац хийх, хэлэлцэн шийдвэрлэх хууль, эрх зүйн боломжгүй байгаа тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан хэмээн онцолсон юм.

Өргөн мэдүүлсэн УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, оруулах тухай, энэ хуулийг дагаж мөрдөх Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай журмын хуульд нэмэлт, өөрчлөлт төслүүдийг танилцуулж байна.

УИХ-ЫН ЧУУЛГАНЫ ДЭГИЙН ТУХАЙ ХУУЛЬД

1 дүгээр зүйл. Монгол Улсын Их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд доор дурдсан агуулгатай 541 дүгээр зүйл нэмсэгүй.

541 дүгээр зүйл.  Үндсэн хуулийн Цэцийн эцсийн шийдвэр /тогтоол/-ээр Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг хүчингүй болгосон асуудлыг хэлэлцэх журам.

  • 541 .1. Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн эцсийн шийдвэр /тогтоол/-ээр Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан журмын дагуу хэлэлцэнэ.
  • 54.2. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар зохицуулаагүй асуудлыг энэ хуулийн 5 дугаар бүлэгт заасан хууль хэлэлцэх ерөнхий журмыг баримтлан хэлэлцэнэ.
  • 541 .3. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг Байнгын хороо болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхэд гишүүний асуулт асуух хугацааг 5 минутаас илүүгүй, нэмэлт асуух хугацааг 1 минутаас илүүгүй, гишүүний асуултад хариулах хугацаа 5 минутаас илүүгүй, нэмэлт хариулт, тайлбар 1 минутаас илүүгүй, гишүүн үг хэлэх хугацаа 5 минутаас илүүгүй байна.
  • 541.4. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл хэлэлцэхэд энэ хуулийн 9.1, 9.3 дахь хэсэг хамаарахгүй.

2 дугаар зүйл. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран долдугаар зүйлд заасны дагуу энэ хуулийг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.  Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах бүлэг, хэсэг нэмсүгэй.

1/1 дүгээр зүйлийн 1.4, 1.5 дахь хэсэг:

  • 1.4. Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн эцсийн шийдвэр /тогтоол/ гарсантай холбоотойгоор Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, батлахтай холбогдсон харилцааг Монгол Улсын Их хурал тусгайлсан дэгээр хэлэлцэж болно.

2/ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ: Үндсэн хуулийн Цэцийн эцсийн шийдвэр /тогтоол/-ээр Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг хүчингүй болгох журам.

18 дугаар зүйл. Үндсэн хуулийн Цэцийн эцсийн шийдвэр /тогтоол/-ээр Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг хүчингүй болгосон асуудлыг хэлэлцэх журам.

  • 18.1. Монгол Улсын Үндсэн хуулийн 64.1 дэх хэсэг, 66.4 дэх хэсэг, 67 дугаар зүйл, 68.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг хүчингүй болгосон бол хууль санаачлах эрх бүхий байгууллага, албан тушаалтан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн мэдүүлснийг Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцүүлэгт бэлтгэж нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлнэ.
  • 18.2. Үндсэн хуулийн Цэцийн эцсийн шийдвэр /тогтоол/-ээр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхэд энэ хуулийн 3.3 дахь хэсэг, 10 дугаар зүйл,  11.4 дэх хэсэг, Хууль тогтоомжийн тухай хуулийн 40.1 дэх хэсэгт заасныг баримтлахгүй байж болно.
  • 18.3. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд тухайн Байнгын хороонд харьяалагддаг нийт гишүүний гуравны хоёроос доошгүй ирсэн бол, нэгдсэн хуралдаанд УИХ-ын нийт гишүүний дөрөвний гурав /57/-аас доошгүй ирсэн бол түүнийг Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэхэд хүчин төгөлдөр ирцтэй гэж үзнэ.
  • 18.4. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хоёр хэлэлцүүлгээр шийдвэрлэнэ.
  • 18.5. Нэг дэх хэлэлцүүлгээр Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн эцсийн шийдвэр /тогтоол/-ээр хүчингүй болгох Монгол Улсын Үндсэн хуулийн зүйл, хэсэг, заалт тус бүрийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй саналаар шийдвэрлэж, санал, дүгнэлтийг хамт нэгдсэн хуралдаанд оруулна.
  • 18.6. Нэгдсэн хуралдаан Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг хэлэлцэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн зүйл, хэсэг, заалт тус бүрээр УИХ-ын нийт гишүүний дөрөвний гурваас доошгүй саналаар санал хураан шийдвэрлэнэ.
  • 18.7. Нэг саналаар 3 хүртэл удаа санал хурааж болох бөгөөд 2 удаа Байнгын хорооны хуралдаан оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй дэмжлэг авсан бол нэгдсэн хуралдаанд УИХ-ын нийт гишүүдийн дөрөвний гурваас доошгүйн дэмжлэг авсан саналыг дэмжигдсэн санал гэж үзнэ.
  • 18.8. Нэгдсэн хуралдаанаар санал хураалт явуулж дууссаны дараа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлнэ.
  • 18.9. Төрийн байгуулалтын байнгын хороо нэгдсэн хуралдаанаар дэмжигдсэн саналыг нэгтгэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл болон эцсийн хувилбарыг бэлтгэн санал, дүгнэлтийн хамт нэгдсэн хуралдааноруулна.
  • 18.10. Нэгдсэн хуралдаанаар Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсож, УИХ-ын нийт гишүүний дөрөвний гурав, түүнээс дээш хувь нь “батлах” санал өгсөн бол Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зүйл, хэсэг, заалтыг хүчингүй болсонд тооцож, нийтэд зарлан мэдээлнэ.
  • 18.11. Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зүйл, хэсэг, заалтыг хүчингүй болгосноос хойш ажлын хоёр өдрийн дотор Монгол Улсын Их хурлын дарга Монгол Улсын Ерөнхийлөгчид биечлэн хүргэж, танилцуулна.
  • 18.12. Монгол Улсын Ерөнхийлөгч танилцсанаас хойш ажлын гурван өдрийн дотор “….оны..дугаар сарын..-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн уг эх мөн болой. Монгол Улсын Ерөнхийлөгч…..” гэсэн гарын үсэг зурж, төрийн тамга дарж баталгаажуулан Монгол Улсын Үндсэн хуулийн уг эхийн хамт хадгална.
  • 18.13. Монгол Улсын Ерөнхийлөгчийн нотлон баталгаажуулсан уг эхийг Монгол Улсын Үндсэн хуульд байршуулж, “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд нийтлэх бөгөөд түүнийг албан ёсны эхэд тооцно.

2 дугаар зүйл. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран долдугаар зүйлд заасны дагуу энэ хуулийг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

  • 1 дүгээр зүйл. Монгол улсын Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн  8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалтын “хууль” гэснийг өмнө “Монгол Улсын Үндсэн хууль, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөс бусад” гэж нэмсүгэй.
  • 2 дугаар зүйл. Энэ хуулийг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД МАРГААН ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

  • 1 дүгээр зүйл. Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтын “хууль” гэсний өмнө Монгол Улсын Үндсэн хууль, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөс бусад” гэж нэмсүгэй.
  • 2 дугаар зүйл. Энэ хуулийг баталсан өдрөөс нь дагаж мөрдөнө.

Сануулахад, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, оруулах тухай, энэ хуулийг дагаж мөрдөх Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай журмын хуульд нэмэлт, өөрчлөлт төслүүдийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, дэмжсэн юм. Одоо чуулганы хуралдаанаар хэлэлцэх эсэхийг нь хэлэлцэнэ. Энэ төслүүдийг хэлэлцэн баталсны дараа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслүүдийг хэлэлцэх боломж бүрдэх юм.

 

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж