Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелосигийн нөхөр Пол Пелоси өнгөрсөн тавдугаар сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон /DIU/ хэргээ Мягмар гаригт хүлээсэн байна. Шүүгч Жозеф Солга Пелосид тав хоног баривчлах ял оноосон аж. Гэхдээ Пелоси гурван жилийн турш тэнсэн харгалзах бөгөөд 1700 ам. долларын торгууль төлнө.
Мөн шүүхээс түүний тээврийн хэрэгсэлд нэг жилийн хугацаанд түгжигч төхөөрөмж суурилуулж, хохирлыг нөхөн төлүүлэх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн жолоочийн гурван сарын сургалтад хамрагдахыг даалгажээ. Пелосигийн өмгөөлөгч Аманда Бевинс түүний өмнөөс шүүх хуралд ирсэн байна. Калифорнийн хуулийн дагуу шүүгдэгч шүүхийн ажилтны тушаалаас бусад тохиолдолд шүүх хуралдааны танхимд байх албагүй ба гэмт хэрэг үйлдсэн хэрэгт өмгөөлөгчөөрөө дамжуулан оролцох боломжтой.
Пелоси тавдугаар сарын 28-нд Калифорниа мужийн Напа хотод шөнийн цагаар өөр жолоочтой мөргөлдсөний дараа баривчлагджээ. Энэ сарын эхээр тэрбээр өөрийгөө буруугүй гэж мэдэгдээд байв.
Өдгөө 82 настай тэрбээр тавдугаар сарын сүүлчээр "SR-29"-ийг давах гэж байгаад 2021 оны Порше маркийн автомашинаараа хойд зүг рүү чиглэн явж байсан 2014 оны жийп машин мөргөж гэмтээсэн гэж Калифорнийн хурдны замын эргүүлийн газраас мэдээлжээ. Гэмт хэргийн мэдүүлгийн дагуу машинууд "мөргөлдөөнд их хэмжээний хохирол учруулсан" байна.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ