УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2022.08.24/ Үндсэн хуулийн цэцийн гаргасан шийдвэрийг хэлэлцэж байна. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль, энэ хуулийг дагаж мөрдөх Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Энхболд, Д.Тогтохсүрэн, Ж.Мөнхбат, Л.Мөнхбаатар, Ш.Раднаасэд нар өнөөдөр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2022 оны наймдугаар сарын 15-ны өдрийн Их суудлын хуралдаанаар Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцээд 2019 оны арваннэгдүгээр сарын 14-нд баталсан Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэсэн заалт нь Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалд харшилж, Монгол Улсын Үндсэн хуулийн зохих зүйл хэсэгт нийцээгүй гэж үзэн хүчингүй болгохоор эцэслэн шийдвэрлэсэн.
Үндсэн хуулийн цэцийн гаргасан шийдвэртэй холбоотойгоор байнгын хорооны гишүүдийн асуулт хариултыг хүргэе.
УИХ-ын гишүүн Н.Энхболд:
-Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль,Үндсэн хуулийн цэцийн тухай хууль, Үндсэн хуулийн цэцээр аливаа асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх журмын тухай хуульд зарим нэмэлт өөрчлөлтийг оруулах төслүүдийг боловсруулж, байнгын хороонд танилцуулж байгаа юм. Учир нь шинэ нөхцөл байдал үүссэн. Үндсэн хуулийн цэцийн тогтоолын дагуу шууд дараа дараагийн арга хэмжээг авах гэхээр хуульчдын дунд санал зөрөлдөж байна. Тиймээс дараагийн асуудлыг одоо хүчин төгөлдөр хуулиудад нийцүүлж гаргах шаардлага бий болсон. Хуулийн төслүүдийг гишүүдэд тараасан. Асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсье.
Холбоотой мэдээ