АНУ-ын "Apple Inc" компани ирэх сард танилцуулах "iPhone 14" утсаа Хятадад биш Энэтхэгт үйлдвэрлэхээр төлөвлөж байгааг эх сурвалж мэдээлжээ. Шинэ загварын утсыг танилцуулснаас хоёр сарын дараагаас үйлдвэрлэлээ Энэтхэг рүү шилжүүлэх гэнэ. Ингэснээр Хятад, Энэтхэг хоёр орны технологийн заагийг харах боломжтой гэж ажиглагчид дүгнэж байна. Түүнчлэн "Apple Inc" компани нь ханган нийлүүлэгчидтэй хамтран Энэтхэгт үйлдвэрлэлээ эрчимжүүлж, "iPhone" гар утасны үйлдвэрлэлийн хугацааг есөн сараас зургаан сар болгож хурдасгахаар ажиллаж байгаа аж.
"iPhone" утасны эд ангийн олонхыг Хятадад үйлдвэрлэсээр ирсэн ч Бээжин, Вашингтоны харилцаа зөрчилдөж, эдийн засгийн хоригууд тавьж эхэлсэн нь бизнесийн үйл ажиллагаанд саад учруулж эхэлжээ. "TF International Securities Group " группийн шинжээч Мин Чи Куогийн хэлснээр "Apple" компани нь Энэтхэг, Хятад улсаас нэгэн зэрэг "iPhone" утсыг зах зээлд нийлүүлж эхлэх бөгөөд энэ нь нийлүүлэлтийн сүлжээг төрөлжүүлж, гол эд ангийн үйлдвэрлэлийг нэг газраас хараат байдлыг өөрчлөх оролдлого аж.
"Foxconn Technology Group" үйлдвэрлэгчээс "iPhone" утасны эд ангиудыг Хятадаас зөөвөрлөж, Энэтхэгийн Ченнай хотын гаднах үйлдвэртээ угсрах ажлыг судалж байгаа гэж нэрээ нууцалсан эх сурвалж мэдээлжээ. Энэтхэгт үйлдвэрлэсэн "iPhone 14" утсыг аравдугаар сарын сүүл эсвэл арваннэгдүгээр сараас зах зээлд нийлүүлж эхлэхээр төлөвлөсөн аж. Гэхдээ энэ талаар "Apple", "Foxconn" компаниуд хариулт өгөхөөс татгалзжээ.
"Apple" компанийн хамтрагчид 2017 оноос "iPhone" утсыг Энэтхэгт үйлдвэрлэж эхэлсэн. Гэхдээ "iPhone" утасны гол эд ангиудыг Энэтхэгт үйлдвэрлэхэд тулгарч буй гол асуудал нь бүтээгдэхүүний нууцлалын асуудал гэж ажиглагчид дүгнэж байна. "Apple" компани нь шинэ бүтээгдэхүүний мэдээллээ маш чанга нууцалдгаараа алдартай.
ЭХ СУРВАЛЖ: BLOOMBERG
Холбоотой мэдээ