Ардчилсан залуучуудын холбооноос "Монголын улс төрийн форум" арга хэмжээг өнөөдөр /2022.08.24/ "АСЕМ вилла"-д зохион байгуулж байна. Форумаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт болон өнөөгийн Эдийн засгийн тулгамдаж буй томоохон асуудлууд хэлэлцэх аж.
"Нэгдсэн ардчилал" холбооны тэргүүн Ц.Баатархүү:
-Бид өнөөдөр "Үндсэн хуулиа өөрчлөх үү, үлдээх үү" сэдэв дээр төвлөрч ярилцана. Хэчнээн зөв шийдвэр байсан ч хожимдсон бол буруу байдаг. Гуравхан жилийн өмнө өөрчилсөн Монгол Улсын Үндсэн хуулийг дахин нэмэлт өөрчлөх үү, үгүй юу гэдэг эх орны тусгаар тогтнолтой холбоотой эгзэгтэй үед Ардчилсан намын залуус нэгдэж, үзэл бодол, байр сууриа илэрхийлье гэдэг саналыг гаргасан. Эдийн засгийн асуудлыг монголчууд тойрч суугаад ярьдаг. Гэтэл улс төрийн асуудлыг орхигдуулахгүйгээр тойрч ярих ёстой. Улс төрийн намууд асуудлын хувилбарыг боловсруулж байдаг. Эрх баригч нам буюу Засгийн газар энэ асуудлыг хэрхэн шийдэх дарааллыг нь танилцуулдаг. Сөрөг хүчин бол иргэдийн өмнө тулгамдсан асуудлын дарааллыг гаргах үүрэгтэй. Үндсэн хууль бол иргэдээ төрийн дарангуйллаас хамгаалдаг цайз хэрэм гэсэн үг. Энэ цайз хэрэмийг цөм өшиглөж, есхөн хүн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хүчингүй болгож байна.
Монгол Улсын Үндсэн хуульд "Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт бол Үндсэн хуультай адилхан хүчин төгөлдөр байна" гэж заасан байдаг. Үндсэн хуулийн нэг заалтыг есөн хүн хэсэг бүлэг хүмүүсийн шахалтаар өөрчилж болдог улс төрийн түүхэн дэх хар толбыг бий болгочихлоо. Энэ асуудалд ард түмэн, хуульч залуус, улстөрч залуус ярилцая. Үндсэн хуулийн цэцийн гишүүд эгүүлэн татагдах хэмжээнд очсон. Үндсэн хуулийг уландаа гишгэж, манах үүргээ умартлаа. Тийм учраас бид энэ хэлэлцүүлгийг хийж байна. Бид аймаг, сумдаар хэлэлцүүлгээ үргэлжлүүлж, эрх баригч намд хандана. Энэ форум жил бүр үргэлжилнэ.
Ардчилсан намын гишүүн С.Буяндэлгэр:
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт бол Үндсэн хуулийн нэгэн адил хүчин төгөлдөр хууль. Үндсэн хуулийн цэц гэдэг байгууллага тогтоол гаргаж, та бидний нийгмийн дундын гэрээ болсон зүйлийг өөрчилж болдог юм байна. Монголын улс төрд ийм зохисгүй зүйл бий болж байна. Монгол Улсад бусад салбарын олон хэлэлцүүлэг зохион байгуулдаг бол энэ удаа улс төрийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байсангүй. Үүнийг бид амжилттай эхлүүлж, уламжлал болгохыг уриалж байна. Эрх баригч нам дөрвөн жил Засгийн газрын эрхийг барьсан. Одоо зургаа дахь жилдээ сөрөг хүчингүй засаг барьж байна. Сөрөг хүчингүй нийгэмд асуудал хэрхэн бугшдаг вэ гэдгийг та бүхэн ийнхүү харж байна.
Холбоотой мэдээ