Италийн Ерөнхий сайдад нэр дэвшиж буй Жоржиа Мелони өөрийн твиттер хуудаснаа украин эмэгтэйг Италид байх нэгэн цагаач хүчирхийлж буй бичлэгийг нийтэлжээ. Тус бичлэг хэт их зүй бус зүйл агуулж байсан тул Твиттер устгасан байна. Хэт барууны үзэлтэй Мелони Ням гаригийн орой "Бэлгийн хүчирхийллийн харгис хэрцгий үйлдлийг чимээгүй өнгөрөөж чадахгүй" гэх тайлбартайгаар бичлэг нийтэлсэн байв.
Мелони хохирогчдыг ойлгож буйгаа илэрхийлж, болсон явдлыг буруушааж, шударга ёсыг шаардахын тулд анх сонины цахим хуудсанд нийтэлсэн клипээ хуваалцсан гэж Твиттер хуудаснаа тайлбарлав. Гэвч Мелониг улс төрийн өрсөлдөгчид болон хүний эрхийн төлөө тэмцэгчид шүүмжилж, зөвшөөрөлгүй бичлэг цацаж, хохирогчийн зовлон зүдгүүрийг нэмж байна хэмээн буруутгаж байгаа аж.
Хойд нутгийн Пиаченца хотод тус хэрэг болсон бөгөөд орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр Гвиней улсаас орогнол хүсэгч явган хүн 55 настай эмэгтэйн биед халдсан байна. Цагдаа нар уг этгээдийг баривчилсан гэдгийг баталж, мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа тул цагдан хорьсон гэжээ.
Мелони болон түүний барууны үзэлт холбоотнууд есдүгээр сарын 25-нд болох үндэсний сонгуулийн өмнөх санал асуулгаар тэргүүлжээ. Тиймээс Мелони засгийн эрхэнд гарна гэж олон нийт таамаглаж байна. Түүний Италийн ахан дүүс нам парламентад хамгийн олон суудал авсан ба Мелони Италийн анхны эмэгтэй Ерөнхий сайд болох өндөр магадлалтай юм.
Эх сурвалж: Sky News
Холбоотой мэдээ