Авлигатай тэмцэх газар Дарханы замын асуудлаар хяналт шалгалтыг хийж буй. Тухайлбал, Дарханы замын тендер сонгон шалгаруулалттай холбогдуулж хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Улмаар холбогдох албан тушаалтнуудыг шалгах ажиллагааг өнгөрсөн долоо хоногоос явуулж эхэлсэн. Энэ дагуу наймдугаар сарын 15-нд Зам тээврийн хөгжлийн яамны таван албан тушаалтны албан өрөө болон орон байр гээд нийтдээ 30 гаруй объектод нэгжлэг хийгээд байгаа. АТГ-аас прокурорын зөвшөөрөл авах шаардлагатай тул шалгагдаж байгаа албан тушаалтны нэрийг зарлах боломжгүй гэсэн юм.
Тэгвэл өчигдөр /2022.08.23/ тус зам тендер шалгаруулалттай холбоотой ажиллаж байсан зарим хүнийг саатуулсан байна. АТГ-аас хэдэн хүнийг хэдий хугацаанд саатуулсан болохыг тодруулахад прокурорын зөвшөөрөлгүй мэдээлэл өгөх боломжгүй гэлээ.
Өнгөрсөн долоо хоногт АТГ-ын шалгалт холбогдох яаманд хоёр цаг гаруй хугацаанд үргэлжилсэн. Энэ үеэр АТГ-ын өөр нэг албан тушаалтан мэдээлэхдээ, автомашины улсын дугаарыг худалдах дуудлага худалдаа зохион байгуулахдаа өгсөн зөвлөмжийг дагаж мөрдөж буй эсэхийг шалгасан гэж мэдээлж байв.
Ерөнхий сайдын үүрэг болгосны дагуу АТГ-аас Дарханы замын тендер сонгон шалгаруулахад оролцсон, сонгосон эрх бүхий албан тушаалтнуудыг шалгаж байгаа. Ийнхүү тус хяналт шалгалт үргэлжилж буй аж.
Дархан-Улаанбаатар чиглэлийн замыг нийтдээ таван хэсэгт хувааж тендер сонгон шалгаруулсан бөгөөд II болон IV хэсгийг цаасан дээрх компани сонгон шалгаруулсан байж болзошгүй гэнэ. Дархан-Улаанбаатар чиглэлийн замын анх 2019 онд эхлүүлж, хэд хэдэн сайдын нүүр үзэж байгаа ч өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй байгаа юм. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн зургадугаар сард Дархан-Улаанбаатар чиглэлийн автозамын ажилтай газар дээр нь очиж танилцсан. Энэ үеэр тендер шалгаруулалтад оролцсон албан тушаалтнуудыг шалгах, хариуцлага тооцно хэмээн мэдэгдээд байсан юм.
Холбоотой мэдээ