Өнөө үед эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь бодит оролцоог нэмэгдүүлэх бодлого чухал бөгөөд олон улсын санхүүгийн байгууллагууд ч энэ асуудлыг дэмжсээр байгаа юм. Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих, эдийн засгийн хувьд чадавхжуулах нь бизнесийн орчныг бүхэлд нь эрчимжүүлэх эерэг талтай. Түүгээр ч зогсохгүй тэдний гэр бүлийн орлого өсөх, амьдралын чанар дээшлэх, тухайн өрхийн хүүхдийн боловсрол сайжрах зэрэг нийгмийн олон асуудлыг цогцоор шийдвэрлэхэд чухал хөшүүрэг болох билээ.
Дэлхийн улсуудын Засгийн газраас эмэгтэйчүүдийн бизнесийн салбар дахь оролцоо болон эмэгтэй эзэнтэй бизнесийг дэмжих тусгайлсан хөтөлбөр хэрэгжүүлэх бодлогын зорилт дэвшүүлэх болсон. Үүнтэй уялдан эмэгтэй эзэнтэй аж ахуйн нэгж (women-owned business), эмэгтэй эзэнтэй жижиг бизнес (women-owned small business) зэрэг эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлттэй холбоотой нэр томьёо олон улсын бизнесийн практик, эрх зүйн орчны хүрээнд бий болж эхэлжээ.
Монгол Улсын хувьд өнөөдрийг хүртэл бизнес эрхлэгч эмэгтэйтэй холбоотой ангилал, тодорхойлолт болон тэднийг төр болон хувийн хэвшлийн зүгээс дэмжих чиглэлийг тодорхойлсон, бодлогын түвшинд шийдвэр гаргахад оролцоог хангах талаар нарийвчилсан эрх зүйн зохицуулалт батлагдаагүй байгаа юм.
“Ньюс” агентлаг “ХУУЛЬ ТӨРӨХИЙН ӨМНӨ” буландаа "Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай" хуулийн төслийг онцолж байна.
Эмэгтэйчүүд боловсролын түвшин болон ур чадвараасаа үл хамааран эрэгтэйчүүдээс доогуур үнэлэгдэх нь элбэг. Соёлын хэм хэмжээ, цалин хөлсний зөрүү, өрхийн ажил үүргийн хуваариас болоод эмэгтэйчүүдэд илүү ногддог хөлсгүй хөдөлмөрөөс эрэгтэйчүүдээс илүү ачаалал үүрдэг, хүүхдээ асардаг зэрэг шалтгаанаар ажиллах хүчний оролцоо нь төдийлөн өсдөггүй.
Эмэгтэйчүүдэд гэрлэлт болон хүүхэд төрүүлж өсгөх, эдийн засгийн үйл ажиллагаанд оролцох хоёрыг зохистой хослуулах боломж олгож дэмжсэнээр боловсрол дахь жендэрийн зөрүү улам багасч буй. Гэвч хөдөлмөр эрхлэлт дэх зөрүү буурахгүй байгаа өнөөгийн нөхцөлд эдийн засгийн хүрээн дэх жендэрийн зөрүүтэй байдлыг арилгах нь гол арга зам болж байгааг эдийн засагчид хэлж байна.
Хууль санаачлагчид эдгээр практик шаардлагыг үндэслэн аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх нэн шаардлагатай гэж үзэж, Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Азийн Хөгжлийн банкнаас эмэгтэйчүүдийн оролцоог эрэгтэйчүүдийн түвшинд хүргэж, 10 пунктээр нэмэгдүүлж чадвал Монгол Улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 0.5 хувиар өсч, 30 жилийн дотор манай улсын эдийн засаг 16 хувь тэлнэ гэсэн тооцоолол гаргасан байна. Өөрөөр хэлбэл, нийгмийг бараг 50:50 хувьтай бүрдүүлж байгаа ч ажиллах хүчний салбарт үүссэн хүйсийн зөрүүтэй байдлыг арилгаснаар эдийн засаг илүү хөгжинө гэж үзжээ.
Энэхүү хуулийн хэрэгцээ, шаардлага нь бизнесийн жендэрийн статистик мэдээлэл байхгүй, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт сул, бизнесийн салбарт жендэрийн ялгаа их, орлого, өмч хөрөнгийн зөрүү, санхүүгийн дэмжлэг авахад тулгамдаж буй асуудал, шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо сул, цар тахлын нөлөө зэрэг хүчин зүйлүүдээс үүдсэн байна. Өөрөөр хэлбэл, бизнесийн салбар дахь жендэрийн ялгааг илүү нарийвчлан үнэлэх, эмэгтэй бизнес эрхлэгчдэд чиглэсэн, оновчтой бодлого хэрэгжүүлэхийн тулд эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг тодорхойлох зарим хууль эрх зүй, бодлогын таатай орчин бий болгох шаардлага үүсчээ.
Эдийн засаг дахь эмэгтэйчүүдийн оролцооны талаар нэгдсэн ойлголттой болох, мөн түүнчлэн эмэгтэй бизнес эрхлэгчдэд үйл ажиллагаагаа амжилттай явуулахад шаардлагатай суурь мэдээлэл бий болгох, оновчтой, цогц орчин бүрдүүлэх эрх зүйн томоохон шинэтгэлийн суурь болох “Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай” хуулийн төслийг боловсруулсан байна.
Монгол Улсын Үндсэн хуулиар хүйсийн тэнцвэрт байдлыг хангах, эмэгтэйчүүдийн эрхийг хангах, хамгаалах талаар суурь зохицуулалт хийсэн. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд “Эрэгтэй, эмэгтэй хүмүүс нь гэр бүлийн дотор ба соёл, нийгэм, эдийн засгийн болон улс төрийн хувьд ижил тэгш эрхтэй байна” гэж заасан. Мөн 14 дүгээр зүйлд “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэж тус тус заасан.
Нэгдсэн үндэстний байгууллагын Ерөнхий ассамблейн 1966 онд баталсан Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактын гуравдугаар зүйлд “Эдийн засаг, нийгэм, соёлын бүх эрхийг эрэгтэй, эмэгтэйчүүдэд тэгш эдлүүлэх нөхцөлийг хангах үүрэг”, мөн долдугаар зүйлийн (а).1 дэх хэсэгт “…эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдээс доргүй хөдөлмөрлөх нөхцөл бий болгох” үүрэг тус тус хүлээсэн билээ.
Үндэсний статистикийн хорооны 2021 оны мэдээллээр, Монгол Улсад бүртгэлтэй нийт 147399 аж ахуйн нэгж бий бөгөөд 37 хувь буюу 54888 нь эмэгтэй захиралтай бол 63 хувь буюу 92511 нь эрэгтэй захиралтай аж. Үйл ажиллагаа явуулж буй 55133 аж ахуйн нэгжийн 21837 (40 хувь) эмэгтэй захиралтай, 33296 (60 хувь) эрэгтэй захиралтай байна.
Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Б.Лакшми, МҮХҮАТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан нар энэ хуулийн талаар ойлголт өгөхөөр эдийн засгийн чиглэлээр дагнан бичдэг сэтгүүлчидтэй уулзаж, санал бодлоо солилцсон юм. Энэ үеэр эдийн засагч Б.Лагшмигийн тайлбарласнаар, тус хуулийн төсөлд “аж ахуй эрхлэгч эмэгтэй” хэмээн “үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа” зэрэг олон салбарын үйл ажиллагааг нэгтгэн, нэг нэр томьёогоор томьёолсон бөгөөд ийнхүү аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдээс бүрдсэн хуулийн этгээдийн тодорхойлолтыг тухайлан хуульчлахыг зорьжээ. Үүний дүнд ФАТФ-ын зөвлөмжийн 24 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангах, улмаар мөнхүү хуулийн этгээдийн ил тод байдал хангагдсанаар олон улсын байгууллагаас санхүүжилт авах боломж бий болно гэж хууль санаачлагчид үзсэн байна.
Түүнчлэн хуулийн төсөлд тусгасан “дэмжлэг” гэдэг нь аль нэг хүйсийн аж ахуй эрхлэлтийг онцгойлон дэмжиж буй харилцаа биш. Гагцхүү тухайн хэрэгжүүлж байгаа бодлогын 40-өөс доошгүй хувийг аж ахуй эрхлэгч эмэгтэй бүрдүүлэх доод шалгуурыг тодорхойлж байгаа явдал аж. Мөн хөгжлийн бэрхшээлтэй аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийг нэн тэргүүнд хамруулах, орон нутгийн түвшинд аж ахуй эрхлэлтийг дэмжих талаар бодлого тодорхойлж, хэрэгжүүлэх тохиолдолд эмэгтэй аж ахуй эрхлэгчийг хамруулах талаар тухайлан зохицуулах талаар тусгажээ.
Хүн амын бүлэг бүрийн онцлогт тохирсон хөдөлмөр эрхлэлтийн бодлого боловсруулах төрийн бодлогын хүрээнд аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн бүлэгт чиглэсэн тохиромжтой эрх зүйн орчин бий болох, эдийн засгийн салбар дахь жендэрийн эрх тэгш байдал хангагдахад ихээхэн хувь нэмэр болно гэж үзэж буй юм байна. Үүнээс гадна эмэгтэйчүүдийн хөдөлмөр, хүчийг үнэгүйдүүлж байгаа нөхцөл байдал, ялангуяа тэдний хөлсгүй хөдөлмөрт зарцуулж буй цаг хугацаа тодорхой хэмжээнд буурах боломжтой гэж үзжээ.
Үндэсний статистикийн хорооноос, эмэгтэйчүүд хөлсгүй хөдөлмөр буюу хүүхэд асрах, гэрийн ажил зэрэгт өдөрт дунджаар 4 цаг 40 минут зарцуулдаг бол эрэгтэйчүүд 2 цаг хүрэхгүй хугацаа зарцуулдаг. Харин эрэгтэйчүүд ажилдаа 6 цаг 25 минут зарцуулдаг бол эмэгтэйчүүд дунджаар 4 цаг зарцуулдагийг тооцоолон гаргасан байна.
Түүнчлэн нийгмийн уламжлалт сэтгэлгээтэй холбоотойгоор өмч хөрөнгийг өрхийн тэргүүн эрэгтэй хүний нэр дээр бүртгүүлэх хандлага түгээмэл түүнээс шалтгаалан үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч эмэгтэйчүүд зээлийн барьцаа хөрөнгө хангалтгүй гэх үндэслэлээр санхүүгийн дэмжлэг авч чадахгүй байх нөхцөл бүрджээ.
Хуулийн төслөөс онцолбол, шинээр байгууллага байгуулахтай холбоотой болон улсын төсвийн зардал нэмэгдүүлж, орлого бууруулахтай холбоотой зохицуулалт тусгахгүй юм байна. Тус хуулийн төсөлтэй холбогдуулан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажээ.
Монгол Улс Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт /1966/-ын оролцогч улсын хувиар тус пактын 3 дугаар зүйлд “эдийн засаг, нийгэм, соёлын бүх эрхийг эрэгтэй, эмэгтэйчүүдэд тэгш эдлүүлэх нөхцөлийг хангах …”, мөн пактын 7 дугаар зүйлийн i дэх хэсэгт “…эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдээс доргүй хөдөлмөрлөх нөхцөлийг бий болгох” гэж тус тус заасныг биелүүлэх үүрэгтэй юм.
НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрөөс хийсэн “Монгол Улсад Ковид 19 цар тахлын охид эмэгтэйчүүдийн нийгэм, эдийн засгийн амьдралд үзүүлж буй нөлөөллийн судалгаа”-нд “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн талаар хүйсээр ангилсан тоон мэдээлэл дутмаг байна. Түүнчлэн эмэгтэй өмчлөгчтэй жижиг, дунд үйлдвэрлэлийг тодорхойлсон хуулийн албан ёсны тодорхойлолт байдаггүй.
Хуулиар энэхүү тодорхойлолтыг баталгаажуулснаар хүйсээр ангилсан тоон мэдээллийн сан бий болгож, улмаар энэхүү тоон мэдээлэлд үндэслэн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг бодитоор дэмжих, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд түлхэц болно. Эмэгтэй өмчлөгчтэй жижиг, дунд үйлдвэрлэлд зориулсан техникийн туслалцаа, бизнесийг цаашид хэрхэн үргэлжлүүлэх төлөвлөгөө боловсруулах болон бизнесийн тохирсон загвар гаргах талаар дэмжлэг үзүүлэхүйц зөвлөх үйлчилгээ үгүйлэгдэж байна” гэж тэмдэглэжээ.
УИХ-аас 2011 онд баталсан “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль” (ЖЭТБХтХ)-ийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээгээр “Эдийн засгийн үр ашиг багатай, эздийн өмч давамгайлдаг, нэмэгдэл өртөг багатай салбаруудад эмэгтэйчүүд голчлон ажиллаж байгаа бол эздийн өмч өндөртэй, мөн цалин өндөртэй салбаруудад эрэгтэйчүүд голчлон ажиллаж байна” гэсэн дүгнэлт гарсан байна.
Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжийн зээлийн үлдэгдлийн 3.6 их наяд төгрөг эрчүүдэд ногдож буй бол эмэгтэйчүүд 2 их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа аж. Нэг зээлдэгчид ногдох зээлийн дундаж хэмжээ эрэгтэйчүүд 96 сая төгрөг бол эмэгтэйчүүдийнх 54 сая ба эргэн төлөлт дээр эмэгтэйчүүд илүү хариуцлагатай байдаг гэсэн статистик гарчээ.
Манай улс хүйсээр ангилсан албан ёсны статистик мэдээлэл гаргах, бүртгэх асуудлыг Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд хуульчилсан. Гэвч бизнес эрхлэгч эмэгтэй гэдэгт юуг хамааруулах нь тодорхойгүй байгаатай холбоотойгоор тус хуулийн уг асуудалтай холбоотой зохицуулалт хангалттай түвшинд хэрэгжих боломжгүй явсаар ирсэн.
Олон улсын туршлага, зөвлөмжөөс үзэхэд, эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих хамгийн эхний алхам нь хүйсээр ангилсан бизнес эрхлэгчдийн бүртгэл хөтлөх, холбогдох статистик мэдээлэлд тулгуурлан бодлого, зорилтот хөтөлбөр хэрэгжүүлэх, эмэгтэй бизнес эрхлэлтийг дэмжих эрх зүйн орчин бүрдүүлэх замаар санхүүжилтийн, бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлэх юм.
Холбоотой мэдээ