Хичээл сургууль эхлэхтэй холбогдуулан хот хөл хөдөлгөөнд дарагдаж, хөдөө орон нутгаас нийслэлийг зорих эрчим нэмэгддэг. Үүнээс үүдэн нийслэл хот наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 15 хүртэл тэг зогсолт хийдэг. Энэ үед хотын дарга, удирдлагууд асуудлыг түр намжаах арга хэмжээ авахаас хэтэрдэггүй. Түгжрэлийг бууруулах асуудлаар Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөнөөс наймдугаар сарын 27, 28-аас эхлэн долоо хоногийн хугацаанд автомашинуудыг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оруулах саналыг гаргасан.
Хэрэв тэгш сондгойгоор зорчуулбал хөдөлгөөний ачаалал 40 орчим хувиар буурна. Эс тэгвээс түгжрэл өндөр байх магадлалтай гэж үзсэн.
Уг асуудлаар Замын хөдөлгөөний удирдлагын төвийн холбогдох ажилтнаас тодрууллаа. Тэрбээр “Одоогоор автомашиныг тэгш сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах санал гаргасан. Энэ асуудлын талаарх эцсийн шийд хараахан гараагүй байна. Маргааш, нөгөөдрөөс автомашиныг тэгш, сондгойгоор явуулах эсэхийг эцэслэн шийднэ” гэлээ. Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотой бэлтгэл ажил хангах хөл хөдөлгөөн огцом өсч, нийслэл даяар тэг зогсолт хийхгүйн тулд энэхүү арга хэмжээг авах санал гаргасан гэж холбогдох албаныхан үзсэн.
Сүүлийн хоёр жилийн хугацаанд түгжрэлийг бууруулахаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлж байсан юм.
2020 оны хувьд автомашины улсын дугаарын сүүлчийн орон:
- Тэгш тоо/0, 2, 4, 6, 8/-гоор төгссөн бол 2020 оны наймдугаар сарын 29-ний Бямба гарагт
- Сондгой тоо/1, 3, 5, 7, 9/-гоор төгссөн автомашин 2020 оны наймдугаар сарын 30-ний Ням гарагт 08.00-20.00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцоно.
2021 оны хувьд автомашины улсын дугаарын сүүлчийн орон:
- Тэгш тоо/0, 2, 4, 6, 8/-гоор төгссөн бол 2020 оны наймдугаар сарын 28-ний Бямба гарагт
- Сондгой тоо/1, 3, 5, 7, 9/-гоор төгссөн автомашин 2020 оны наймдугаар сарын 29-ний Ням гарагт 08.00-20.00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцож байсан.
Холбоотой мэдээ