МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “шахаанд” оржээ

Хуучирсан мэдээ: 2022.08.24-нд нийтлэгдсэн

МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “шахаанд” оржээ

МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “шахаанд” оржээ

Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдааны шийдвэрийн дагуу эрх баригч МАН доторх фракциуд амь орж, намын даргаа “шахаанд” оруулжээ. Засгийн газрынхаа бүтцийг 100 хувь  давхар дээлтэй болгох уу эсвэл одоогийн танхимдаа сайн ажиллаж байгаа сайд нараа авч үлдээд, давхар дээлтэй сайдын тоог бууруулах уу гэдэг дээр фракциудын тэмцэл МАН-ын даргыг ийн “шахаанд” оруулжээ. Одоогоор хэн хэнийг сайд болгох вэ гэдэг эцсийн тохироо хийгдэж дуусаагүй байна. Гэхдээ сайд болох хүсэлтэй УИХ-ын гишүүд ордноор дүүрэн, фракциуд ч нэг сайдын суудал горилчих санаатай амь тэмцэж эхэлжээ.

МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд дараагийн сонгууль хүртэл Засгийн газраа тогтвортой авч үлдэж, зорьсон том ажлуудаа хийх амбицтай байгаа.

Түүгээр зогсохгүй нэгэнт Үндсэн хуульд “гар хүрэх” боломж гарч ирсэн бол сонгуулийн тогтолцоогоо өөрчилж, гишүүдийнхээ тоог нэмэгдүүлэх, “давхар дээл” гэсэн агуулгуудыг нэг мөсөн оруулж байж сонгодог парламент, сайн гүйцэтгэх засаглалыг бий болгоно гэж үзэж буй. Үүнийгээ ч өөрөө илэрхийлсээр ирсэн.

Гэвч нам доторх фракциуд, гишүүд нь бүгдээрээ Засгийн газарт орж ажиллах сонирхол нь дийлдэхгүй, амбицаа барьж чадахгүй нөхцөл байдалтай нүүр тулж байна. Нэгэнт Цэц шийдвэр гаргасан, энэ нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг тулгаж байгаа энэ цаг үед намын дарга ямар тохироо хийж, хэнийг танхимдаа урьж оруулах вэ гэдэгт гишүүд анхаарлаа хандуулж байна. Харин МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, намын генсек Д.Амарбаясгалан нарын мэргэн ухаан хэрхэн гүйхээс олон зүйл хамаарах нь ээ.

Түүнээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, МАН-ын экс даргын хувьд одоо ч түүний томилсон сайд нар Засгийн газарт ажиллаж байгаа. Тиймээс түүний “хүмүүс”-ийг явуулах уу эсвэл тэр барьцаа ахиулах уу гэдэг ч МАН-ын залуу удирдагчдын хувьд “толгойны өвчин”.

Ерөнхийлөгчийн хувьд таван сайдын суудал авах “шахаа” хийгээд эхэлсэн гэх албан бус яриа ч улс төрийн хүрээнд гарах болсон. Энэ үнэн эсэхээс үл хамаарч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт цаашид явах эсэх, сонгуулийн тогтолцоогоо өөрчилж, гишүүдийн тоо нэмж, давхар дээлтэй гишүүдийн тоог нэмэх эсэх өөрчлөлтийг хийе гэвэл Ерөнхийлөгчийн “дэмжлэг” хэрэг болж л таарна, МАН-ын удирдлагуудад.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт өөрөө бүх ард түмний, улс төрийн намуудын, Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар хоорондын зөвшилцлийн үндсэн дээр хийгдэх учиртай. Чухам иймээс л МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр буланд “шахагдсан” хүн нь болоод байна. Түүнд намын дарга, Ерөнхий сайдын хувьд зөвхөн хувь амбицаа бодоод шийдвэр гаргаад, хүчээр далайлгаад явах боломж бий ч ээлжит бус чуулган эхэлснээс хойш УИХ-ын дарга нь ч, гишүүд нь ч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлах эцсийн хүмүүс нь бид шүү гэх сануулгыг ил тод хэлж байгаа энэ цаг үед хүслээ биелүүлнэ гэдэг хатуу даваа. Тиймээс  парламентынхаа хүслийг гүйцээж, давхар дээлтэй болгосны дараа Үндсэн хуулийн өөрчлөлтийг явуулах тохироо өрнөж байна.

Цаашид улс төрийн энэ “хурц” тэмцэл далд нь ил гарч, ил хэсэг нь далдуур өрнөхийг ч үгүйсгэмгүй. Гэхдээ энэ бүх тохироо, хэлцэл цаг минутаар өөрчлөгдөж буйг дуулгая.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж