Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбоотойгоор олон нийтийн хөдөлгөөн, халдварын тархалт нэмэгдэж буй. Сүүлийн өдрүүдэд Covid-19-ийн BA5 вирус өргөн тархаж байгааг салбар яамнаас анхааруулсан. Энэ хувилбарын нууц үеийн хугацаа 2.4 хоног байгаа юм. Халдварын тархалтын тухайд энэ сарын сүүлч, есдүгээр сарын эхэн үед оргил үе таарна гэж албаныхан тооцоолоод байгаа юм. Гэхдээ хичээл, сургалтын үйл ажиллагаа эхэлж, халдварын тархалт нэмэгдсэн ч хязгаарлалт, хорио тогтоох талаар огт яригдаагүй болохыг ЭМЯ-наас онцлов.
Тухайлбал, омикроны давалгаа оргилдоо хүрсэн ч одоогоор хязгаарлалт тогтоох талаар шийдвэр гаргаагүй гэлээ.
Тандалтын багийн судалгаагаар халдвар авсан иргэд:
- Ажлын байрнаас
- Олон нийтийн газраас халдвар түгээмэл авсан байна.
Харин хичээл сургалтын үйл ажиллагаа эхлэхэд боловсролын байгууллагын орчноос халдвар авах эрсдэл нэмэгдэх төлөвтэй байгаа аж. Гэсэн ч сургуулийн орчинд халдвар хамгааллын дэглэм баримталж танхимын сургалтыг хязгаарлахгүй байх зохицуулалт хийж байгааг онцоллоо. Учир нь нийт өвчлөлийн 19.1 хувийг хүүхдүүд эзэлж байна.
Халдвар авсан хүүхдүүдийг насны бүлгээр нь ангилж үзвэл:
- 27.2 хувь нь 0-4 нас
- 44.6 хувь нь 5-11 нас
- 19.7 хувь нь 12-15 нас
- 8.4 хувь нь 16-17 нас байна.
Өөрөөр хэлбэл дархлаажуулалтад хамрагдаагүй насны хүүхдүүдийн өвчлөл 70 гаруй хувьтай байгаа юм.
Тиймээс иргэд сайн дурын үндсэн дээр хүүхдээ дархлаажуулалтад хамруулах нь эрсдэлээс хамгаалахад нөлөөтэй гэдгийг салбар яамнаас зөвлөлөө. Вакцингүй бүлгийн насныхан өвчлөх, хүндрэх, дахин өвдөх эрсдэл их учир зайлшгүй гэх шаардлага тавихгүй байгаа ч дархлаажуулалтад хамрагдах нь зүйтэй гэсэн юм.
ШИНГЭН НУС ГООЖИЖ, ХАНИАХ ШИНЖ ИЛЭРВЭЛ ТҮРГЭВЧИЛСЭН ШИНЖИЛГЭЭ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ
Омикроны тавдугаар давалгаа энэ сард эхэлсэн. Энэ хувилбаруудын тухайд маш хурдан эсэд бэхлэгдэж дотогш нэвтрэх чадвартайг С.Энхболд сайд анхааруулсан. Хэдий тийм боловч вакцинд хамрагдсан хүмүүсийн дархлааны эс вирусыг хурдан таньж, хурдан идэвхжиж халдварлагдсан эсүүдийг устгаж мөн дархлааны уургуудыг нэмэлтээр нийлэгжүүлснээр хөнгөн өвддөг. Харин вакцинд хамрагдаагүй эсвэл дархлаа сул, хавсарсан өвчтэй хүмүүс болон ахмад настнуудад эрсдэл үүсч байгаа аж. Тухайлбал BA5 хувилбар нь дархлаа хэвийн вакцинтай хүмүүст хатгаа үүсгэхгүй бол дархлаа сул, хавсарсан өвчтэй хүмүүст хатгаа үүсгэж хүндрэх эрсдэлтэй байна.
Шинж тэмдгийн хувьд шингэн нус гоожих, хоолой өвдөх, хоолой хорсох мөн тасралтгүй ханиалгах зовиур илэрсэн тохиолдолд заавал шинжилгээ өгөх хэрэгтэй.
Бага насны хүүхдүүдэд ч ялгаагүй дээрх шинж тэмдэг илэрвэл шинжилгээ өгч, гэрийн тусгаарлалтад байх нь зүйтэй болохыг НЭМҮТ зөвлөжээ. Учир нь халдварын тархалт ихэссэн ч 100 хувь танхимын сургалт орж байгаа нөхцөлд анги, бүлгээр тусгаарлах арга хэмжээ авна гэж заагаагүй. Тиймээс хүүхдэд шинж тэмдэг илэрсэн тохиолдолд зөвхөн тухайн сурагчийг гэрийн тусгаарлалтад шилжүүлж, шаардлагатай эмчилгээг хийх юм байна.
Хүүхдэд халуурах мөн хуцуулж ханиах шинж тэмдэг илүү түлхүү байгаа аж.
Мөн ходоод гэдэсний замын шинж тэмдэг болох хэвлийгээр өвдөх, бөөлжих гүйлгэх, суулгах шинж тэмдэг илэрдэг болохыг анхааруулав. Тиймээс сайн дурын үндсэн дээр дархлаажуулалтад хүүхдүүдээ идэвхтэй хамруулахыг салбар яамнаас зөвлөж байна.
ЭМНЭЛГИЙН ОРНЫ НӨӨЦИЙГ НЭМЖ, ЭРЭМБЭЛЭН ХЭВТҮҮЛЖ БАЙНА
Эмнэлгийн орны зохицуулалтын тухайд эрэмбэлэн хэвтүүлэх зарчмаар явж байгаа аж. Тодруулбал, зөвхөн хүндрэх эрсдэлтэй хүүхэд, жирэмсэн, настан болон хавсарсан өвчтэй хүмүүсийг эрэмбэлэн хэвтүүлж эхэлжээ. Харин хөнгөн өвдөж буй иргэд гэрээрээ дархлаагаа дэмжих эмчилгээ хийх ёстой. Мэдээж иргэд бусад өвчнөөр өвдөж байдаг тул бүх эмнэлгийн ор, үйлчилгээ, хүний нөөцийг цар тахлын эсрэг зориулах боломжгүй учир дээрхи зохицуулалтуудыг хийж байгаа гэсэн юм.
Мөн Covid-19-өөс гадна томуу, томуу төст өвчин, бусад халдварт өвчний тархалт нэмэгдэх эрсдэлтэй байгаа учир аль болох амны хаалтыг тогтмол зүүж, халдвараас урьдчилан сэргийлэх нь зүйтэй.
Хэдийгээр одоогоор хорио хязгаарлалт тогтоох шийдвэр гараагүй ч нөхцөл байдалтай уялдуулж яаралтай арга хэмжээнүүдийг шуурхай авч ажиллана гэдгийг албаныхан хэллээ.
Холбоотой мэдээ