“E-Mongolia-д бүртгэгдсэн ч харьяа цэцэрлэг нь бүртгээгүй асуудал гарсан”

Хуучирсан мэдээ: 2022.08.24-нд нийтлэгдсэн

“E-Mongolia-д бүртгэгдсэн ч харьяа цэцэрлэг нь бүртгээгүй асуудал гарсан”

“E-Mongolia-д бүртгэгдсэн ч харьяа цэцэрлэг нь бүртгээгүй асуудал гарсан”

Монгол Улсын Засгийн газраас санаачилсан “Хүүхэд бүрийг цэцэрлэгт” хөтөлбөрийн хүрээнд 2022-2023 оны хичээлийн жилийн цэцэрлэгийн бүртгэлийг "E-Mongolia"-аар дамжуулан хийж байна. Цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг өнөөдөр/2022.08.24/ өдрийн 17:00 цаг хүртэл хүлээж авах юм. Зарим эцэг, эхчүүдийн зүгээс хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэсэн ч цэцэрлэг болон “E-Mongolia” дээр бүртгэгдээгүй байх вий гэсэн айдастай байгаа юм.

Уг асуудлын талаар “И-Монгол академи" УТҮГ -ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн Э.Уранцэцэгээс тодрууллаа. Тэрбээр “Өчигдөр яг ийм гомдол ирсэн. Тухайн иргэний мэдээллийг шалгаад үзэхэд “e-Mongolia” системээр Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтээ ирүүлсэн байсан. Боловсролын ерөнхий газрын урьдчилсан тооцоогоор 73 мянга орчим хүүхэд өнгөрсөн жилээс дэвшин суралцах судалгаатай байсан ч өнөөдрийн байдлаар 64 мянган хүүхэд нь хүсэлтээ илгээсэн байгаа юм. Иймд цэцэрлэгүүдээс хуучин явж байсан хүүхдийн асран хамгаалагч нар луу утасдан “Хүүхдээ цэцэрлэгт явуулах хүсэлтээ илэрхийлээгүй байвал Нийслэлийн боловсролын газрын даргын 2022 оны А/81 дүгээр тушаалаар батлагдсан “Нийслэлийн цэцэрлэгийн элсэлт бүртгэлийг зохион байгуулах түр журам”-ын дагуу Эцэг эх, асран хамгаалагч заавал хүсэлтээ илгээсэн байх шаардлагатай тухай сануулж утасдаж байгаа юм. Ингэж иргэдэд сануулж утасдаж байгаа нь тухайн иргэний цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг нь тухайн цэцэрлэг нь хүлээн аваагүй гэх ойлголтыг иргэдэд төрүүлсэн байж болох юм. Та "e-Mongolia" системээр болон тухайн цэцэрлэг дээрээ очиж хүсэлтээ гаргасан л бол таны хүүхдийг цэцэрлэгт хувиарлах үйлдлийг Боловсролын ерөнхий газраас хийж иргэнд буцаан мэдэгдэх юм. Хэрэв хүсэлттэй холбоотой өөр асуудлаар бол эцэг, эхчүүд тухайн цэцэрлэг дээрээ очиж асуудлаа шийдвэрлүүлэх хэрэгтэй. Хэрэв хаана хандахаа мэдэхгүй байвал 1111 дугаар луу залгаж тусламж авч болно. Мөн эцэг, эхчүүдийн зүгээс E-Mongoliа руу нэвтэрч чадахгүй эсвэл шилжилт хөдөлгөөн хийсэн хаягийн зөрчилтэй хүмүүс гомдол, санал ирүүлж байгаа. Оршин суугаа хаяг зөрсөн, хаягаа шилжүүлж амжаагүй иргэд цөөнгүй байх шиг байна. Тэдгээр хүмүүс энэ удаагийн бүртгэлд хүүхдээ хамруулж амжаагүй бол есдүгээр сарын 10-25, аравдугаар сарын 3-24-ний хооронд ахин бүртгэл хийгдэх учраас тэр үед бүртгүүлэх боломжтой” гэлээ.

Нийслэлийн хэмжээнд 2-5 насны 141023 хүүхэд бий. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар 86309 хүүхдийн бүртгэл хийгджээ. Бүртгэл энэ сарын 24-ний өдөр хүртэл үргэлжилнэ. Хүсэлтийн хариуг наймдугаар сарын 26-ны өдрөөс эхлэн гар утасны дугаарт мессежээр илгээх ба давхар "E-Mongolia" системээс орж харах боломжтой.

Цэцэрлэгт бүртгүүлэх хүүхдүүд нь:

  • 2017.01.01-ний өдрөөс 2020.12.31-ний хооронд төрсөн хүүхдүүд хамрагдана
  • Нийслэлийн иргэн нь амьдарч буй хаяг дээрээ шилжилт хөдөлгөөний бүртгэлээ заавал хийлгэсэн байна
  • Орон нутгийн түр оршин суугч иргэн нь бүртгэлээ хийлгэсэн байх.

Түүнчлэн цэцэрлэгийн насны 34486 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй үлддэг байсан асуудлыг шийдэж, энэ оны есдүгээр сарын 1-н гэхэд 26643 хүүхэд, арванхоёрдугаар сарын 31-н гэхэд 7755 хүүхэд буюу нийт 34398 хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломж бүрдүүлээд байна. Мөн байгууллагын цэцэрлэг дээр 1000 орчим хүүхэд хамруулах бөгөөд есдүгээр сарын 1-н гэхэд 450 хүүхдийг байгууллагын цэцэрлэгт хамруулах болно.

 

 

Ц.Намуунцэцэг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж