Нэнси Пелоси Тайваньд айлчлахад хэдий харуй бүрий болсон байсан ч аль ч талаасаа түүний хувцаслалт тодхон харагдаж байсан. Тайпэйн Соншан олон улсын нисэх буудалд ягаан өнгийн хослолтой буусан Пелосиг та бүхэн тодхон санаж буй биз ээ. Хар саарал өнгийн хослолтой хүмүүсийн дунд түүний ягаан хослол юуг өгүүлж байсныг “CNN” хуудас онцолжээ.
Пелосигийн хувцаслалт зүгээр нэг гангараа байгаагүй бэлгэдлийн чанартай байв. Тайвань руу хийсэн маргаантай аялал нь өөрөө бэлгэдлийн чанартай байснаас гадна ардчиллын төлөөх Америкийн амлалт түүний хослол шиг эрч хүчтэй гэсэн утгатай аж. Тодруулбал, ягаан өнгийн хувцас улс төрийн харилцааны нэг хэлбэр байсан гэхэд болно. Тэр нислэгийн дундуур хувцсаа солиогүй. Тайваньд ирэхийнхээ өмнө Малайзын парламентад зочлохдоо мөн ягаан хувцастайгаа байсан.
Ягаан бол өөртөө итгэлтэй, хүчирхэг боловч ямар нэгэн аюул заналхийлэл илэрхийлээгүй өнгө юм. Тиймээс ягаан өнгө түүнийг Хятадтай дайсагналцах бус, Тайваньтай нөхөрлөж буйн илэрхийлэл гэж үзэв.
Барууны орнуудад 1700-аад оны дунд үеэс ягаан өнгө моодонд орж байсан гэдэг. Тухайн үед Европын язгууртнууд эр эм хамааралгүйгээр тансаг зэрэглэлийн бэлгэдэл болсон бүдэг ягаан өнгийн хувцас өмсдөг байжээ. Ягаан өнгийг охидын өнгө бус харин ч бага насны хөвгүүдэд илүү тохиромжтой гэж тэр үед үздэг байв. 19 дүгээр зууны дунд үеэс эхлэн барууны эрчүүд бараан өнгийг түлхүү сонгох болж, бүсгүйчүүддээ ягаан өнгийг үлдээжээ. Ягаан өнгө бол эмэгтэйлэг өнгө гэдэг ойлголт энэ үеэс л эхэлсэн байна.
Ажиглагчдын анзаарсан өөр нэг өнцөг бол Пелосигийн ягаан өнгөний сонголт Хиллари Клинтоныг санаатайгаар дуурайсан байх магадлалтай гэж үзэж байна. АНУ-ын тэргүүн хатагтай асан Хиллари Клинтон 1995 онд Бээжинд болсон НҮБ-аас зохион байгуулдаг Дэлхийн эмэгтэйчүүдийн IV бага хуралд оролцсон. Энэ үеэрээ “Эмэгтэйчүүдийн эрх бол хүний эрх” гэж Хиллари Клинтон тунхагласан бөгөөд Пелосигийн нэгэн адил ягаан хослол өмссөн байв.
Зөвхөн Тайванийн айлчлалаар зогсохгүй Нэнси Пелоси хэзээнээсээ л хувцаслалтын хүчийг ашиглаж, өнгөний зөв сонголтыг хийж байсан гэх. Тухайлбал, 2017 онд Ардчилсан намын конгрессын эмэгтэй гишүүдтэй хамт Трампад хандаж үг хэлэх үеэрээ цагаан өнгийн хувцас өмссөн байв. Тухайн үед эмэгтэй гишүүд бараг бүгд цагаан өнгийн хувцас өмссөн байсан. Цагаан өнгө нь улс төрийн салбарын эмэгтэйчүүдийн бэлгэдэл, шилдэг сонголт байсаар иржээ. Конгресст сонгогдсон анхны Африк гаралтай улстөрч Ширли Чишолм 1969 онд тангараг өргөхдөө цагаан өнгийг сонгосон.
Цагаан өнгө нь эрт үеэс эмэгтэйчүүдийн сонгох эрхийн хөдөлгөөнтэй холбогдож байжээ. Харин ногоон өнгө итгэл найдварыг, нил ягаан өнгө ёс суртахууны цэвэр байдлыг илэрхийлдэг аж.
Нэнси Пелоси 2018 оны арванхоёрдугаар сард Трамптай уулзаж, ширүүхэн ярилцлага хийсэн. Тухайн үед Трамптай уулзаад гарч ирж буй Пелосигийн хар шилтэй, “Max Mara”-ийн улаан хүрэмтэй зураг цахим сүлжээнд тарж, меме зураг хүртэл гарч байв. Энэ үеийг “CNN” хуудас онцлохдоо, Пелоси үг хэлээгүй ч улаан хүрэм нь түүний өмнөөс ихийг өгүүлсэн гэжээ. “Elle” сэтгүүл түүнээс улаан хүрэм нь зориуд хийсэн сонголт уу гэж асуусан. Харин Пелоси “Надад ямар ч төлөвлөгөө, зорилго байгаагүй. Зүгээр л цэвэрхэн байсан. Цэвэр байх нь хамгийн эхний шалгуур” гэж хариулжээ. Харин “Max Mara” брэндийн загвар зохион бүтээгч Иан Гриффитс үүнийг өөрөөр тайлбарласан. Тэрбээр Пелосиг хувцаслалтын хүчний талаар нарийн дүн шинжилгээ хийсэн хүн гэж тодорхойлжээ.
АНУ-ын Конгрессын гишүүн Александриа Окасио-Кортез час улаанаар уруулаа будаж, Камала Харрис анхны эмэгтэй дэд ерөнхийлөгчөөр сонгогдохдоо цав цагаан хувцас өмссөн байсан. Эдгээрээс үзвэл эмэгтэй хүний хувцаслалт, гадаад төрх түүний хүчирхэг байдлыг илэрхийлж байж. Нөгөө талаасаа улстөрч эмэгтэйчүүдийн хувьд үзэл санааных нь илрэл болох юм.
Нэнси Пелосиг “Washington post” сонин болон “Daily beast” цахим хуудас загварын бэлгэ тэмдэг гэж нэрийдэж байв. Ази дахь айлчлалаа ягаан хослолтой эхлүүлсэн тэрбээр улс бүрт өөр өөр өнгийн хослол, өнгө дагуу өсгийтөөр гангарч байсныг энд дахин сануулъя. Тэр БНСУ-д айлчлахдаа хөх хослолтой, Тайванийн парламентад зочлохдоо цагаан хослолтой байсан бол Японд айлчлахдаа усан цэнхэр өнгийг сонгожээ.
Сенатор Элизабет Уоррен, Хиллари Клинтон, Дээд шүүхийн шүүгч Елена Каган зэрэг нөлөө бүхий эмэгтэйчүүдийн стилистээр ажилладаг загвар зохион бүтээгч Нина МакЛемор Төлөөлөгчдийн танхимын даргын хувцаслалтыг сайшаасан удаатай. Тэр хэлэхдээ Пелоси загварын алтан дүрмүүдийг ихэнхийг нь дагаж мөрддөг гэжээ. Тухайлбал, анхаарал сарниулах гээд байдаг учраас хэт хурц тод өнгө сонгодоггүй, хэт урт ханцуйтай хувцас өмсдөггүй, чанарлаг даавуу сонгодог гэх мэт дүрэм үүнд багтана.
Эх сурвалж: WASHINGTON POST, CNN, GLAMOUR
Холбоотой мэдээ