Энэ долоо хоногийн VS буландаа УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийн эсрэг тэсрэг байр суурийг онцолж байна. АН-ын бүлэг хоёр хуваагдаж, гишүүд даргын асуудал дээр санал нэгдэх нь байтугай хагарал улам гүнзгийрэв. Ээлжит бус чуулган эхэлж АН-ын бүлэг хуралдсанаар даргын асуудлыг нааштай шийдэх байх хүлээлт МАН-ынханд ч тэр, иргэд сонгогчдын дунд ч байлаа. Харин АН-ынхан “нөгөө л янзаараа” бүлгийн даргын асуудалд шийдэлд хүрч чадсангүй. “ЖАН”-ын гэх тодотголтой АН-аас УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийг бүлгийн даргаар сонгосон бол, С.Эрдэнэ даргатай АН-аас уг асуудлыг хууль бус хэмээн үзлээ. Тэдний эсрэг тэсрэг байр суурийг хүргэе.
Н.Ганибал:
УИХ-ын гишүүн
-Сая бүлэг хуралдаад санал хураалтаар О.Цогтгэрэлийг нийт гишүүдийн олонх дэмжсэн. Дараагийн процесс бол УИХ-ын даргад өргөн барина. Чуулган дээр уншиж танилцуулснаар шинэ бүлгийн даргатай болох нөхцөл бүрдлээ. Бүлэг нийт есөн гишүүн оролцлоо. Хоёр хуваагдсан асуудал байхгүй. УИХ-ын дэгийн тухай хуулиар бүлгийн даргын талаар нэмэлт өөрчлөлт орж ирсэн. Нийт гишүүдийн олонх дэмжсэн бол уг шийдвэрийг УИХ-ын даргад өргөн бариад, уншиж танилцуулснаар бүлгийн дарга албан ёсоор албажна. Өмнөх хурлаар бүлгийн даргад гурван хүн нэр дэвшсэн. Миний бие намынхаа эв нэгдлийг хангах үүднээс нэрээ татсан. Д.Ганбат гишүүн санал хураалтад оролцоогүй. Ямар ч байсан чуулган эхлэхээс өмнө гаргасан шийдвэрээ УИХ-ын даргад хүргүүлнэ.
Д.Ганбат
УИХ-ын гишүүн
-Нэр бүхий зарим гишүүд хуралдаж шийдвэр гаргахдаа УИХ-ын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.12-ыг зөрчиж нийт бүлгийн гишүүдийг оролцуулахгүйгээр хуралдсан байна. Хуралд миний бие УИХ-ын гишүүн Д.Ганбат, Д.Бат-Эрдэнэ, А.Адьяасүрэн нар оролцоогүй, Б.Пүрэвдорж гишүүн гадаад улсад албан томилолттой байгаа болно. Ингэснээрээ УИХ дахь АН-ын бүлгийн даргад нэрээ дэвшүүлж өрсөлдөх эрхтэй эдгээр гишүүдийн бүрэн эрхийг бүдүүлгээр зөрчиж хуулийн 31 дүгээр заалтын 31.12-т заасан “нийт гишүүдийн олонхын саналаар шийдэх” зохицуулалтыг шууд зөрчсөн байна.