Өмнөд Солонгос улс 1992 онд Хятадтай дипломат харилцаа тогтоосны дараа хоёр орны харилцаа богино хугацаанд өргөжин тэлэх мэт санагдаж байв. Тухайн үед Өмнөд Солонгосын экспортын дөнгөж 3.5 хувийг Хятад эзэлж байсан ба хоёр орны иргэдийн хооронд харилцаа ч бага байв. 30 жилийн дараа хоёр орны харилцаа эдийн засгийн өнцгөөс хүчтэй мэт харагдаж байна. Өдгөө Хятад нь Өмнөд Солонгосын хувьд худалдааны хамгийн том хамтрагч орон болжээ. Тухайлбал, энэ оны эхний хагас жилд Өмнөд Солонгосын экспортын 25 орчим хувийг Хятад улс дангаар эзэлсэн аж.
Гэвч өдгөө хоёр орны иргэдийн харилцаа сүүлийн 30 жилийн хамгийн доод хэмжээнд хүрч муудсанаар энэхүү цэцэглэн хөгжсөн эдийн засагт “хар үүл хуралдаж” эхэлжээ. Ялангуяа, хятадуудын талаарх өмнөд солонгосчуудын сөрөг үзэл, хандлага их байна. “Pew” судалгааны агентлагийн өнгөрсөн зургадугаар сард явуулсан судалгаагаар Өмнөд Солонгосын 10 иргэн тутмын нэг нь Хятадын талаар сөрөг бодолтой байдаг гэв.
Хятадын талаарх сөрөг хандлага Өмнөд Солонгосын залуусын дунд буюу 20-30 насныханд илүү ажиглагдаж байгааг энд тодотгох нь зөв. Тус судалгааны байгууллагаас нийт 19 оронд ижил судалгаа явуулахад зөвхөн Өмнөд Солонгост ийм үзэгдэл ажиглагджээ.
Нүүрээ нууж, компьютерын ард нуугдсан өмнөд солонгосчууд цахим ертөнцөд хятадуудын эсрэг ялгаварлах үзлийг өдүүлсэн сэтгэгдлээр давалгаалах аж. Мэдээжийн хэрэг, энэ төрлийн цахим шүүмжлэл, үзэн ядалт нь өдгөө бүх улс оронд түгээмэл болсон. Мөн өмнөд солонгосчуудын уур бухимдлын цор гарч бай нь Хятад биш.
2019 онд гарсан Хонгконгийн ардчиллын төлөөх бослогын үеэр Сөүлийн их сургуулийн хотхонд өмнөд солонгосын залуус эх газрын Хятадаас ирсэн оюутнуудтай муудалцаж, зодолдсоноор хоёр орны ард иргэдийн дайсагнал, сөргөлдөөн цахим ертөнцөөс хальсныг харуулсан. Энэхүү зөрчил нь Хонгконгийн ардчиллыг дэмжсэн суртал ухуулгын хуудсыг урж хаяснаас үүдэн гарсан байв.
“Хоёр орон 30 жилийн өмнө дипломат харилцаа тогтоохдоо ийм үр дүнд хүрнэ гэж бодоогүй” гэж Сөүлийн их сургуулийн хятад соёл судлалын профессор Ха Нам Сук тайлбарлав. 1992 онд өмнөд солонгосчуудад Хятадын талаар эерэг хандлага, итгэл найдвар байсан гэж тэрбээр нэхэн дурслаа. “Хоёр орон дипломат харилцаа тогтооход би ахлах сургуульд байсан. Бүх хүн хятад хэл сурч эхэлж байсан. Дараа нь их сургуульд ороход Хятадад том бизнес эрхлэх зорилготой оюутнууд олон байсан. Гэтэл өдгөө гэмгүйгээр хятад хэл сурахыг өмнөх шигээ эерэгээр хүлээж авахаа больсон. Бага сургуульд хүүхдүүд нэгнээ хятад хэл сурсных нь төлөө дооглодог болсон талаар хятад хэл заадаг багш нараас их сонссон” гэж Ха профессор дурсан ярьжээ.
ХОЁР ОРНЫ ИРГЭДИЙН ДУНД ҮЗЭЛ БОДОЛ, ИТГЭЛИЙН ЗӨРЧИЛ ЯАГААД ҮҮСЭВ, ҮҮНИЙГ ЗАЛРУУЛАХ БОЛОМЖТОЙ ЮУ?
Хэдийгээр улс төрийн тогтолцоо, үнэт зүйлсийн талаар маргаангүй ялгаатай ч иргэдийн харилцаа ирээдүйд хүйтэн, аюултай байх албагүй гэж хоёр орны шинжээчид хэлж байна.
Иргэдийн харилцаа сайжрах үндэс нь Азийн хөрш орнуудын эдийн засгийн асар том харилцаанд түшиглэх гэж зарим шинжээчид үзэж байна. Үүний тулд хоёр улсын засгийн газрын хооронд геополитикийн томоохон хагарал үүсэхээс зайлсхийх ёстой аж. Түүнчлэн иргэдийн хооронд уулзах, харилцах давтамжийг нэмэгдүүлж, цахим ертөнц дэх үзэн ядалтыг хуулиар хязгаарлах, ялгаварлан гадуурхлын эсрэг боловсрол олгохыг зарим шинжээчид сануулжээ.
Ямартай ч эдийн засгийн харилцан хамаарал, геополитикийн аюулгүй байдал өмнөд солонгосчуудын Хятадыг үзэх үзэлд гол үүргийг гүйцэтгэсээр байх болно. Тухайлбал, АНУ-аас 2016 онд “THAAD” пуужингийн довтолгооноос хамгаалах системээ Өмнөд Солонгост байршуулснаар Хятадын эдийн засгийн хариу арга хэмжээтэй нүүр тулсан. Энэ цагаас Өмнөд Солонгосын олон иргэний дунд Хятадын талаарх сөрөг мэдрэмжүүд хуримтлагдаж эхэлсэн гэж шинжээчид дүгнэжээ.
Сэжон их сургуулийн Хятадын худалдаа, үйлчилгээ судлалын профессор Чой Пил Сүгийн тайлбарласнаар 1992 оноос хойш эхний 10 жилд өмнөд солонгосчуудын хувьд Хятад нь том боломжийн эх газар байсан. Үнэндээ 2000-аад оны эхэн үед Америкийн эсрэг үзэл илүү хүчтэй байсан. Ялангуяа, 2002 онд Янжү хотын хурдны зам дээр АНУ-ын цэргийн автомашин Өмнөд Солонгосын 14 настай сурагч охиныг мөргөж хөнөөсөн ослын дараа америкчуудын эсрэг сөрөг хандлага нэмэгджээ. Нөгөө талд Хятадад илүү тааламжтай хандлагатай байв.
Ерөнхийдөө “THAAD” системийг байршуулахаас өмнө Хятадын талаарх өмнөд солонгосчуудын хандлага илүү эерэг байжээ. Тухайн үед Хятад нь пуужингийн системийг эсэргүүцэн солонгос контентыг хориглож, БНСУ руу аялах жуулчдад хязгаарлалт тавьсан.
Үүнээс болж хятад жуулчдын тоо буурч, хоригоос болж аялал жуулчлалын салбарт 2020 оны байдлаар 2.1 их наяд воны хохирол учирсан гэж Сөүлийн төв банк тооцоолжээ. “THAAD” систем нь аюулгүйн байдал, эдийн засаг, үндсэрхэг үзлийг хөндсөн чухал шийдвэр болсон нь энэ.
Иргэдийн хандлага буурсан нь хэвлэл мэдээлэл Хятадын талаар хэрхэн мэдээлэхэд ч нөлөөлжээ. Пёнтек их сургуулийн профессор И Хи Жүн 2021 онд хиймэл оюун ухааны технологи ашиглан “мэдрэмжийн индекс”-ийг гаргахад Өмнөд Солонгосын хэвлэлд Хятадын талаарх эерэг мэдээлэл “THAAD”-аас хойш хоёр жилийн дотор огцом буурсан байна. Үүнээс хойш нийгмийн сэтгэлзүйд сөрөг хандлага давамгайлах болсон нь ажиглагджээ. Тухайлбал, 2015 онд Хятадын талаар сөрөг үзэлтэй иргэдийн хувь 37 хувь байснаа 2016 онд “THAAD” системийг байршуулсны дараа 2017 онд 61 хувь болж өссөн байна. Улмаар уг үзүүлэлт 2020 онд 75 хувьд хүрсэн бол энэ онд 80 хувьд хүрчээ.
ӨМНӨД СОЛОНГОСЧУУД ЯАГААД ХЯТАДАД ДУРГҮЙЦЭХ БОЛОВ?
Пуужингийн системээс гадна Өмнөд Солонгосын үнэт зүйлийн эсрэг үйлдэл буюу Шинжаан дахь үндэстний цөөнхийн эсрэг хатуу бодлого, Хонгконгийн ардчиллыг хүчээр дарсан үйл явдал, Хятадаас ирэх “нарийн ширхэгтэй тоосонцор”, цар тахлын халдвар Уханьд анх гарсан зэрэг нь Бээжинг “муу тал” болгосон аж. Цар тахлаас болж эдийн засаг хүндэрч, Өмнөд Солонгосын залуус өдгөө хамгийн хэцүү, сорилтот цаг үеийг туулж байна. Эдийн засгийн хүндрэлийн үед иргэд засгийн газраа буруутгах нь түгээмэл.
Үүний зэрэгцээ 20-30 насны залуус Өмнөд Солонгосын түүхэнд хамгийн ардчилсан үед амьдарч байна. Тиймээс тэд эрх чөлөө, хүний эрх, шударга ёсыг ихээр үнэлж, нандигнадаг. Тиймдээ ч Хэдийгээр Хятадын бүрэн эрхтэй холбоотой боловч Шинжаан дахь хүний эрхийн зөрчил, Хонгконгийн ардчиллыг дарсан зэрэгт өмнөд солонгосчуудад эмзэг хандаж байна. Өмнөд солонгосчуудад Хонгконгод болсон үйл явдал нь 1980-аад оны БНСУ-ын Ардчилсан хувьсгалтай төстэй учраас өөр орон шиг санагдахгүй байгаа гэж Ха профессор тайлбарлав. Тиймээс Хятадын эсрэг сөрөг мэдрэмж Өмнөд Солонгосын залууст илүүтэй байна.
Гэхдээ хоёр орны иргэдийн харилцааг сайжруулах боломжийг зарим шинжээчид харж байна. Квангвун их сургуулийн профессор Ким Хи Гёгийн хувьд Хятадын эсрэг үзэл Өмнөд Солонгосын улс төрийн систем, үзэл баримтлалд хатуу суугаагүй ба эдийн засаг, аюулгүй байдалтай холбоотой гэж харжээ.
Глобалчлал, Хятадын судалгааны төвийг үндэслэгч Ван Хуйяаогийн тайлбарласнаар Өмнөд Солонгос нь цэрэг, армиар Бээжинтэй зөрчилдвөл нөхцөл байдал улам түвэгтэй болно. “Өмнөд Солонгос нь батлан хамгаалах, үзэл суртлын хувьд барууныг түшиглэдэг боловч эдийн засгийн харилцаа нь Хятадтай нягт холбоотой. Тиймээс өмнөд солонгосчуудын амьжиргаа, хөгжил цэцэглэл Хятадтай хийх худалдаа наймаанаас ихээр хамааралтай. Эдийн засгийн харилцаагаа хадгалахын зэрэгцээ Хятадын эсрэг үзэн ядалтыг бууруулахын тулд хэт үндсэрхэг үзлийг багасгаж, нийгмийн сүлжээг хяналтдаа авах хэрэгтэй” гэж тэрбээр үзэж байна.
ЭХ СУРВАЛЖ: SOUTH CHINA MORNING POST
Холбоотой мэдээ