ОХУ-ын Улаан-Үд хотын цагдаагийн газар Монгол Улсын иргэншилтэй 45 настай эрэгтэйд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр татсан гэх мэдээлэл өнөөдөр /2022.08.23/ олон нийтийн сүлжээгээр тархаад буй.
Тодруулбал, Улаан-Үд хотын төвд байрлах нэгэн худалдааны төвөөр үйлчлүүлж байсан иргэн түрийвчээ алдсан тухай дуудлага мэдээллийг наймдугаар сарын 13-ны өдөр холбогдох цагдаагийн газар мэдэгдсэн аж.
Түрийвчинд 53 мянган рубль буюу Монгол мөнгөөр ойролцоогоор хоёр сая гаруй төгрөг, бичиг баримт, банкны карт зэрэг байжээ. Цагдаагийн байгууллагаас хяналтын камерыг шүүж үзэхэд Монгол иргэн авсан нь тогтоогджээ. Улмаар ойролцоох зочид буудалд аяллаар ирээд байсан 45 настай Монгол эрэгтэйг саатуулсан байна. Тухайн иргэн гэм буруугаа хүлээж, мөнгөтэй түрүүвчийг бүрэн бүтнээр нь хүлээлгэн өгчээ.
Уг хэргийн талаар Монгол Улсын гадаад харилцааны яамны холбогдох ажилтнаас тодрууллаа. Тэрбээр “Бид Улаан-Үдийн Ерөнхий Консулын газартай холбогдсон. Монгол Улсын иргэн гэх 45 настай эрэгтэй уг асуудалд холбогдсон талаарх мэдээлэл үнэн гэдэг нь тогтоогдсон. Тиймээс Гадаад харилцааны яамны зүгээс цагдаагийн байгууллагатай хамтран тухайн иргэнийг бүх талаар нь хамгаалж ажиллана. Ер нь гадаадад зорчиж буй иргэд хилийн чандад аливаа хэрэг, зөрчилд холбогдох нь цөөнгүй. Тиймээс ямар ч хэрэгт холбогдсон гадаад харилцааны яам иргэдийнхээ талд үйлчилж, хамгаалж болох бүх арга хэмжээг авдаг” гэлээ.
Д.НАМУУНЦЭЦЭГ