Ирэх өвлийн “хатуу”-г сануулах дохио

Хуучирсан мэдээ: 2022.08.23-нд нийтлэгдсэн

Ирэх өвлийн “хатуу”-г сануулах дохио

Ирэх өвлийн “хатуу”-г сануулах дохио

Инфляци мөнгөний зах зээлийн тэнцвэр алдагдахад үүсэн бий болж, улмаар үйлдвэрлэл хэрэглээг бүхэлд нь хамардаг. Инфляци хүчтэй болох тутам төрөөс түүний эсрэг зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэхэд улам бүр хүндрэл учирдаг. Дэлхий даяар цар тахал, геополитикийн хурцадмал байдал зэрэг олон хүчин зүйлийн нөлөөгөөр инфляцийн өсөлт үргэлжилж, түүхэн дээд түвшинд хүрсээр байна.

Бид энэ удаа “ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ” буландаа улс орнуудын инфляци урд өмнө байгаагүй их өсөлт үзүүлж, ирэх өвөл улам чангарахыг анхааруулж буй мэдээллийг онцоллоо.

Украины эдийн засагт дайны хор уршиг хүчтэй нөлөөлж, тус улс дефолтод орсон талаар гаднын хэвлэлүүд мэдээлж байна. Украинд долдугаар сард хүнсний үнэ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад дээд түвшинд хүрч, 28.9 хувиар өсчээ. Оны эцэс гэхэд тус улсын инфляци бараг 40 хувьд хүрэх төлөвтэй байгааг шинжээчид онцлов. Мөн Украинд мөнгөн тэмдэгтийн хомсдол үүсчээ. Тэнд нөхцөл байдал хэт хүнд ч барууны орнууд өнөөдрийн байдлаар Киевийн эсрэг ямар нэгэн хориг тавиагүй хэвээр байгаа юм.

Олон улсын үнэлгээний “S&P Global”, “Fitch” агентлагууд Украин бондын төлбөрүүдээ барагдуулах боломжгүйд хүрч, дефолтод орсныг хүлээн зөвшөөрчээ. Үүний зэрэгцээ шинжээчид Украин хийн нөөцгүйн улмаас энэ өвөл хотууд нь хөлдөх эрсдэлтэйг онцлон тэмдэглэсэн байна.

Европын Төв банк Украинд болж буй дайн, эрчим хүчний эх үүсвэрүүдийн үнэ хурдацтай өсч байгаатай холбогдуулан евро бүсийн инфляцийн талаарх таамаглалаа эрс өсгөсөн. Тус банкнаас оны эхний улиралд “Энэ онд инфляцийн дундаж түвшин 5.1 хувьтай байна” мэдээлсэн юм. Европын Төв банкны дарга Кристин Лагард “Орос, Украины дайн болон үүнээс үүдэлтэй эрчим хүч, түүхий эдийн үнийн өсөлт болон олон улсын худалдааны саатал нь эдийн засгийн идэвхжил, инфляцид мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байна. Энэхүү сөрөг нөлөөллийн цар хүрээ мөргөлдөөн цаашид хэрхэхээс шалтгаална” гэж мэдэгдсэн.

“Financial times” өнгөрсөн Даваа гариг (2022.08.22)-т ХБНГУ-ын инфляци сүүлийн 70 жилийн хамгийн дээд түвшинд хүрсэн талаар мэдээлэв. Тус улсын Төв банкны тэргүүн Йоахим Нагель “Сүүлийн 70 жилд инфляци анх удаа хоёр оронтой тоонд хүрсэн тул үндсэн хүүг нэмэгдүүлэх шаардлагатай” гэж мэдээлжээ. Үүний зэрэгцээ Нагель Оросоос нийлүүлэх хийн хэмжээ багасч, байгалийн хий, цахилгаан эрчим хүчний үнэ мэдэгдэхүйц нэмэгдсэнийг онцолсон байна. Тэрбээр “Эрчим хүчний хямрал гүнзгийрэхийн хэрээр ирэх өвөл эдийн засгийн хувьд хүнд сорилттой тулгарч болзошгүй” гэж хэлжээ.

Өнгөрсөн долдугаар сард хэвлэлүүд Германы байгалийн хийн агуулахууд 66 хувийн дүүргэлттэй байгаа мэдээллийг онцолж, өвлөөс өмнө энэ тоог 80-90 хувьд хүргэх шаардлагатай талаар мэдээлж байв. Йоахим Нагель тус улс ирэх арваннэгдүгээр сард хийн агуулахуудын дүүргэлтийг 95 хувьд хүргэх зорилтдоо хүрэх нь бүрхэг байгаа талаар мэдэгджээ.

ХБНГУ-ын эрчим хүчний зарим мэргэжилтэн салбарт нь хямралт нөхцөл байдал нүүрлэхийг эртнээс сануулсан байна. Тэд эрх баригчдадаа ОХУ-ын байгалийн хийгээс хэт их хамааралтай болж байгааг анхааруулж, эрчим хүчний өөр эх үүсвэртэй болохыг уриалсаар иржээ. Тус улс байгалийн хийн нийт хэрэглээнийхээ талаас илүү хувийг ОХУ-аас авдаг. Гэвч Украины дайнаас хойш нүүрсний цахилгаан станцуудаа нээж, Катараас шингэрүүлсэн хий авахаар хэлэлцэж эхэлжээ. Үүний дүнд нүүрс тээвэр эрчимжиж, усан тээврийн компаниудыг ажилтай болгосон ч нүүрсний утаа тортог байгальд сөргөөр нөлөөлөх тухай асуудал боссон байна.

Лондоны хөрөнгийн биржийн мэдээллээс харахад, Европт хийн үнэ 2022 оны гуравдугаар сарын эхнээс хойш анх удаа мянган шоо метр нь 2900 ам.доллар давжээ.

Эрчим хүчний хямрал нүүрлэж, эвслийн Засгийн газар иргэдээсээ шүршүүрт орохдоо өмнөхөөсөө бага цаг зарцуулахыг уриалсан. Учир нь тус улсад маш халуун зун болж, эрчим хүчээ хэмнэх бүх аргыг хэрэглэж буй талаар ВВС онцолж байв. Зарим мэргэжилтэн цөмийн цахилгаан станцуудаа дахин ажиллуулж, ирэх өвлийг давах санал гаргасан аж. Гэвч Эвслийн засгийн газарт багтсан Ногоон нам хүчтэй эсэргүүцсээр иржээ.

Германд Европын Холбооны стандартаар тооцсон хэрэглээний үнэ өнгөрсөн долдугаар сард өмнөх оны мөн үеийнхээс 8.5 хувиар өссөн гэж тус улсын Статистикийн газар (Destatis)-аас гаргасан урьдчилсан мэдээлэлд дурдсан байна. Өнгөрсөн сард инфляци зургадугаар сарын үзүүлэлттэй харьцуулахад хурдацтай өсч, 8.2 хувьд хүрчээ.

Их Британид өнгөрсөн сард инфляцийн түвшин сүүлийн 40 жилийн дээд түвшинд хүрч, 1982 оноос хойш анх удаагаа 10 хувийн босго давав. Тус улсын Үндэсний статистикийн товчооноос мэдээлснээр, өнгөрсөн зургадугаар сард 9.4 хувьтай байсан инфляци долдугаар сард 10.1 хувьд хүрч өссөн байна. Инфляцийн өсөлтөд хүнс, эрчим хүч, шатахуун, дизель түлшний үнийн өсөлт ихээхэн нөлөөлжээ. Түүнчлэн тээврийн зардал инфляцийн өсөлтийн том хүчин зүйл болжээ.

Тус улсын инфляцийн түвшин “Reuters” агентлагаас эдийн засагчдын дунд явуулсан санал асуулгаар гаргасан урьдчилсан таамаглалаас (9.8 хувь) давсан байна. Английн Төв банк инфляцийн түвшин цаашид 13 хувьд хүрч магадгүй гэж мэдээлжээ. Тус улсад инфляцийн дарамт нэмэгдсээр буй нь хүнсний бүтээгдэхүүн, эрчим хүчний эх үүсвэрийн үнэ өссөнтэй холбоотой аж. Өнгөрсөн зургадугаар сард хүнсний бүтээгдэхүүн, согтууруулах ундаа, тамхи, эрчим хүчний эх үүсвэрийнхээс (суурь инфляци, CPI Core) бусад үнэ жилийн дундаж үзүүлэлтээс 5.8 хувиар, өмнөх сарынхаас 0.4 хувиар өссөн байна. Жижиглэнгийн үнэ жилийн дундаж үзүүлэлтээс 11.8 хувиар нэмэгджээ.

Эстони улсын инфляци өнгөрсөн зургадугаар сард 22 хувьд хүрч, еврогийн бүсийн хамгийн өндөр үзүүлэлт болсон билээ. Түүний араас Литва (20.5 хувь), Латви (19.2 хувь) улсууд орсон.

БНСУ-ын Үндэсний статистикийн газраас мэдээлснээр, өнгөрсөн зургадугаар сард инфляцийн түвшин өнгөрсөн оны мөн сартай харьцуулахад 6 хувьд хүрсэн нь 1998 оны арваннэгдүгээр сараас хойших хамгийн дээд үзүүлэлт болжээ. 1998 оны арваннэгдүгээр сард инфляци 6.8 хувьд хүрч байжээ. Хүнс, шатахууны үнийг тооцохгүйгээр суурь инфляци зургадугаар сард өнгөрсөн оны мөн үеийнхээс 3.9 хувиар өссөн үзүүлэлт аж. Хэрэв өсөлт энэ хэвээр үргэлжилбэл жилийн инфляци Өмнөд Солонгосын Сангийн яамны таамаглаж байснаас давна гэж шинжээчид үзжээ. Тус улсын Сангийн яам жилийн инфляцийг 4.7 хувьтай байна гэж таамаглажээ.

“Zaobao”-д мэдээлснээр, энэ оны тавдугаар сард Канадын хэрэглээний үнийн индекс (ХҮИ) өмнөх оны мөн үеийнхээс 7.7 хувиар өссөн нь 1983 оны нэгдүгээр сараас хойших инфляцийн дээд үзүүлэлт болсон байна. Тухайн сард шатахууны үнэ өмнөх сарынхаас 12 орчим хувиар нэмэгдсэн нь инфляцийн өсөлтөд ихээхэн нөлөөлжээ. Шатахууны хүчин зүйлийг хасч тооцвол тус сард ХҮИ өмнөх оны мөн үеэс 6.3 хувиар өссөн байна. Мөн жижиглэнгийн хүнсний барааны үнэ өмнөх оны мөн үеэс 9.7 хувиар өссөн ба үүнээс хүнсний тосны үнэ 30 хувиар өссөн нь түүхэн дээд үзүүлэлт болжээ.

Дэлхийн улсуудын инфляцийн төвшин урд байгаагүйгээр нэмэгдэж, ирэх өвөл “ширүүн” болохыг сануулсаар байна.

 МОНГОЛ УЛС ДЕФОЛТЫН ЭРСДЭЛЭЭС ХОЛ ГЭВ ҮҮ?

Монголд ирэх өвөл эдийн засаг улам хүндрэх төлөвтэй байгаа мэдээллийг эдийн засагчид өгч буй юм. Төв банк хэрэглээний үнийн индексээр хэмжигдсэн инфляцийг 2022-2024 онд жилийн 6 хувь орчимд, +/-2 нэгж хувийн интервалд тогтворжуулах зорилтыг хэрэгжүүлэн ажиллаж буй. Инфляци сүүлийн улирлуудад эрчтэй нэмэгдэхэд тээвэр логистик, гадаад хүчин зүйлсийн нөлөө өндөр байжээ. Тухайлбал, 2022 оны I улиралд инфляци улсын хэмжээнд 14.4 хувь, Улаанбаатар хотод 16.0 хувь болж, өмнөх оны IV улирлаас харгалзан 3.2 болон 4.6 нэгж хувиар нэмэгдсэн байна. Олон улсад геополитикийн таагүй нөхцөл байдал үүсч, дэлхийн зах зээл дээрх түүхий эд, хүнсний үнийг хөөрөгдсөн, европоор дайран өнгөрдөг тээвэр логистикийн нөхцөл байдал муудсан, гадаад төлбөр тооцоонд сөргөөр нөлөөлсөн зэрэг нь импортын барааны үнээр дамжин инфляцийг нэмэгдүүлжээ.

2022 оны долдугаар сард хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 15.7 хувь, өмнөх оны эцсээс 10.6 хувь, өмнөх сараас нэг хувиар өсчээ. Инфляцийн түвшин долдугаар сард 15.7 хувь гарсан нь 6.3 нэгж хувь буюу 40.1 хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлтөөс, 8.5 нэгж нь буюу 54.1 хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалсан байна.

Эдийн засагчдын хувьд Монгол Улс дефолт зарлахад тун ойрхон буйг анхааруулж буй ч Төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тийм нөхцөлтэй нүүр тулаагүйг мэдээлээд, эдийн засгийн суурь үзүүлэлтүүд харьцангуй сайн байгааг онцолсон юм. Тэрбээр “2016 онд дефолтын эрсдэл яригдаж байх үед эдийн засгийн нөхцөл байдал өнөөдрийнхөөс илүү хүнд, гол үзүүлэлтүүд сул байсан. Гадаад валютын нийт нөөц 1 тэрбум ам.долларт хүрэхтэй үгүйтэй, импорт 3 сарын хэмжээнээс ч доош орж, төсвийн алдагдал ДНБ-ий 15 хувийг давсан, богино хугацаанд төлөх томоохон өр төлбөрийн асуудалтай байсан. Тухайн үед Монгол Улсын зээлжих зэрэглэлийг Moody’s агентлагийн хувьд “Caa1” буюу маш өндөр эрсдэлтэй түвшинд, харин “Fitch” болон “S&P” агентлагууд зээлжих зэрэглэлийг “B-” болгож, хоёр шат дараалан бууруулж байсан" гэж хэлэв.

Манай улсын гадаад валютын нөөц өнөөдрийн байдлаар 3 орчим тэрбум ам.доллар буюу импортын 5-6 сарын хэрэгцээг хангах түвшинд байгаа бөгөөд төсвийн алдагдал ДНБ-ий 5 орчим хувьтай, эдийн засгийн өсөлт энэ оны эцэст 2 хувийг давах хүлээлттэй байна. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хууль, УИХ-ын тогтоолоос харахад ирэх жилүүдэд төсөв, санхүүгийн сахилга бат хангагдах дүр зурагтай байгаа аж.

Монголбанкны ерөнхийлөгч хэлэхдээ "Эдийн засгийн одоогийн суурь, цаашдын төлөв эерэг, дефолтын эрсдэл хол байгааг зээлжих зэрэглэл тогтоогч байгууллагууд мөн баталгаажуулаад байна. Тухайлбал, энэ оны тавдугаар сард “Fitch” агентлаг, долдугаар сард “S&P” агентлаг манай улсын үнэлгээг “B”, төлөвийг “тогтвортой” хэвээр үлдээснээ баталгаажуулсан. Энэ нь олон улсын хөндлөнгийн хараат бус шинжээчдийн эдийн засгийн цаашдын төлөвт, гадаад өрөө хугацаанд нь эргэн төлөх чадварт өгч буй үнэлгээ юм. Мөн 2022-2023 онд төлөгдөх, валютын нөөцөнд ихээхэн дарамт учруулах зарим өр төлбөрийг хойшлуулж, улсын өрийн удирдлагыг сайжруулахад томоохон алхмуудыг өнгөрсөн хугацаанд хийж чадсан. Дээр нь мега төслүүд болох Оюутолгой удахгүй бүрэн хүчин чадлаар ажиллах, боомтууд холбогдож уул уурхай болон тээврийн салбар сэргэхээр хүлээгдэж байгаа нь хүндрэлээс гарах боломж бий болгоно гэдэгт итгэлтэй байна” гэж мэдээлсэн юм.

Улсын эдийн засгийн нөхцөл байдал урд жилүүдтэй харьцуулахад "туниа муу"-тай байгааг эдийн засагчид анхааруулсныг энд дурдъя.

Эх сурвалж: ҮСХ, МОНГОЛБАНК, FINANCIAL TIMES, BBC, DW, ZAOBAO

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж