Финландын Ерөнхий сайд Санна Мариныг дэмжиж эмэгтэйчүүд өөрсдийн бүжиглэж буй бичлэгээ нийтэлж байна.
Финландын Ерөнхий сайд Санна Мариныг найзуудтайгаа үдэшлэг хийж буй бичлэгийнх нь төлөө сөрөг хүчин нь шүүмжилсэн. Үүний дараа дэлхийн өнцөг булан бүрт эмэгтэйчүүд бүжиглэж буй бичлэгээ олон нийтийн сүлжээнд нийтэлж байна. Өнгөрсөн долоо хоногт гарсан видео клипэнд 36 настай удирдагч найзуудтайгаа хувийн орчинд бүжиглэж байгааг харуулжээ. Зарим улс төрийн өрсөлдөгчид видеон дээрх Мариныг Ерөнхий сайдад тохиромжгүй үйлдэл гаргасан гэж буруушаасан аж.
Эмэгтэйчүүд энэхүү шүүмжлэлд хариулж, өөрсдийнхөө бүжиглэж буй клипээ #solidaritywithsanna гэсэн хаштаг ашиглан жиргэж, Ерөнхий сайддаа дэмжлэг үзүүлэх болов. Мөн эмэгтэйчүүд Мариныг өмгөөлж, шүүмжлэгчид давхар стандарт үзэл гаргаж байна хэмээн буруушаав.
"Тэр яагаад ажил тараад хөгжилдөж болдоггүй юм бэ? Бид дарга нараа хүн биш байх ёстой гэж бодох уу?" гэж Шведийн Уппсалагийн их сургуулийн Энхтайван ба зөрчил судлалын профессор Ашок Свейн твиттер хуудсандаа бичжээ.
"Ямар гайхмаар юм бэ!!! Ажлаа хийж, хувийн амьдралаа сайхан өнгөрүүлдэг залуу улстөрч… Залуу эмэгтэй яагаад хөгжилдөж болохгүй гэж? Би жендерийн давхар стандартыг тэвчиж чадахгүй байна" гэж Испанийн улстөрч Иратсе Гарсиа Перес твиттер хуудсандаа мөн жиргэсэн байна. Тэрбээр мөн "Миний бүх дэмжлэг @MarinSanna" гэв.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ