“Багануурын ДЦС-ын төсөл тодорхойгүй хугацаагаар гацлаа”

Хуучирсан мэдээ: 2022.08.23-нд нийтлэгдсэн

“Багануурын ДЦС-ын төсөл тодорхойгүй хугацаагаар гацлаа”

“Багануурын ДЦС-ын төсөл тодорхойгүй хугацаагаар гацлаа”

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан /2022.08.23/ эхэллээ. Хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд болон, Эрчим хүчний сайд нарын мэдээллийг сонслоо. 


Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан Тавантолгойн дулааны цахилгаан станц /ДЦС/, Багануурын ДЦС-ын явц, санхүүжилтийн талаар тодрууллаа.

Хариуд нь Эрчим хүчний сайд Н.Тавинбэх  “Тавантолгойн ДЦС-ын санхүүжилтийг Засгийн газрын тогтоол гарсан. Төр өөрөө барина. Санхүүжилтийн  хувьд уг станцын 30 хувийг Эрдэнэс-Тавантолгойд эзэмшүүлэх замаар Эрдэнэставантолгой санхүүжүүлэхээр, үлдсэн 70 хувийг барилга угсралтын гэрээ байгуулагдсан үед Засгийн газрын баталгаа гаргахаар тохирсон. Барилга угсралтын гэрээ байгуулагдаагүй учраас дараагийн шат руу орохгүй хүлээгдэж байгаа. Барилга угсралтын  ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдчихвал уг станцын хөрөнгө оруулалтын дүн тодорхой болно. Тиймээс Засгийн газарт ийм хэмжээний мөнгөн дүнтэй Засгийн газрын баталгаа гаргах хүсэлтэй байгаа гэдгээ оруулж ирнэ.

Багануурын ДЦС-ын хувьд туйлын бүтэлгүй байгаа. Энэ их сайн гэрээ болсон юм билээ. Ажил эхэлсэн явж байхад нь Монголын талаас тодорхойгүй шалтгаанаар зогсоосон. 2020 онд бүх гэрээг ахиж хийгээд концесс эзэмшигчид өгсөн. Концесс эзэмшигч санхүүжилтээ босгохоор явсан.

Санхүүжилтээ хөөцөлдөж байх хугацаанд Ши Жинпинь даргын үгтэй холбоотойгоор нүүрсний технологиор ажилладаг эх үүсвэрийг санхүүжүүлэх ажлыг зогсоосон. Гэхдээ 2022 оны дөрөвдүгээр сард Хятадын Хөгжил шинэтгэлийн хорооноос уг төслийг тусгай горимоор санхүүжүүлэх буюу Ши Жинпинь даргын үгнээс хамааралгүйгээр санхүүжүүлэх төсөлд оруулсан. Тиймээс  “танай концесс эзэмшигч хүсэлтээ гаргавал бид санхүүжилтийн асуудлыг ярилцахаар байна” гэсэн. Харамсалтай нь ерөөсөө хүсэлтээ гаргахгүй байсан. Бид худалч хүнд долоо хоног бүр уулзалт хийж шахсан. Тодорхойгүй тайлбар тавьсаар байгаад саяхан наймдугаар сарын эхээр “Бид энэ төслийг санхүүгийн хувьд цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон учраас хувьцаагаа шилжүүлэх хүсэлтэй байна” гэсэн албан бичиг ирүүлсэн. Өөрөөр хэлбэл уг төсөл тодорхойгүй хугацаагаар гацаж байна гэж ойлгож болохоор байна. Энэ бичиг ирсэнтэй холбоотой миний бие  БНХАУ-ын Элчин сайдтай уулзсан. Элчин сайд адилхан байр суурь илэрхийлсэн. “Цөмийн энергийн компани энэ чиглэлээр ажиллана. Эрчим хүчний нүүрсний технологид оролцох боломжгүй. Уг компани хувьцаагаа дотооддоо шилжүүлээд энэ төслийг хэвийн үргэжлүүлэх компани олно гэдэгт би эргэлзэж байна” гэсэн хариу өгсөн.

Багануурын ДЦС-ын ажил тодорхойгүй хугацаагаар гацлаа. Бид ирээдүйн хэрэглээгээ хангах, техникийн шийдэл гаргахгүй бол болохгүй байна.

Үүнээс гадна, Эрдэнэбүрэнгийн УЦС-ын зээлийн тусгайлсан хэлэлцээр хийгдэж байгаа. Өнөөдрийн байдлаар Монголын тал, Хятадын талаас шаардсан бүх бичиг баримтыг бүрдүүлээд өгчихсөн. Хятад дотроо зээл олгох процессын цаг хугацаа явж байна. 250 сая ам.доллараас дээш өртөгтэй гадагшаа олгож буй зээлийг төрийн зөвлөлөөр хэлэлцүүлдэг. Тиймээс цаг хугацаа орно шүү гэдгийг хэлж байгаа. Сайн зүйл нь бид гүйцэтгэгчтэй ойлголцоод талбай дээр ажлаа эхлүүлчихсэн” гэлээ.

ДИЗЕЛЬ ТҮЛШНИЙ ТУХАЙД ОРОС ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛЭХ БОЛОМЖГҮЙ ГЭСЭН Ч СҮҮЛД ТАВАН ХУВИЙН ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛСЭН

 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.ЁНДОН:

-Монгол Улс газрын тосны хэрэглээгээ 100 импортоор хангаж байгаа. 2021 онд 1,8 сая тонн газрын тосны бүтээгдэхүүнийг импортоор хэрэглэсэн. Улсын хэмжээнд 2022 оны 1-8 дугаар сард 1,1 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн импортоор оруулж ирээд байна. Энэ сарын 18-ны байдлаар А80 бензин 43 хоног, АИ92 автобензин 28 хоног, АИ95 бензин 38 хоног, дизель түлш 30 хоног, онгоцны түлш 25 хоногийн нөөцтэй байна.

Брэнт төрлийн газрын тосны үнэ 95,52 ам.доллар баррель, VTI төрлийнх 89,45 ам.доллар баррель байна. Өнгөрсөн долдугаар сард Хятадын эдийн засаг удааширч, газрын тос боловсруулах үйлдвэрийн гарц 2022 онд доод үзүүлэлтэд хүрсэн болохыг тус улсын Засгийн газраас мэдээлсэн. Ингэснээр тус улс дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн таамаглдалыг 4,5-4 хувь болгож бууруулсан юм. Цаашид инфляцийн өндөр байдал, цар тахлын нөхцөл байдал зэргээс хамаарч бууруулах боломжтойг онцолж байна. Хэрэв 2015 онд байгуулсан цөмийн хэлэлцээрийг сэргээх тухай Европын холбооноос хүргүүлсэн саналыг Иран, АНУ хүлээж авсан тохиолдолд газрын тосны үйлдвэрлэл өсөх төлөвтэй болохыг ч шинжээчид онцолж байна.

Нийлүүлэлт нь ихсэх хүртэл дэлхийн зах зээлд газрын тосны брэнт төрлийн үнэ 105-93 ам.доллар баррелийн хооронд хэлбэлзэж магадгүй гэж газрын тосны брокерууд хэлж байгаа юм. Хятадад 9-10 дугаар сард ургац хураалт эхэлж, дизель түлшний хэрэглээ ихсэх төлөвтэй. Иймээс он дуустал түлш импортыг хязгаарлаж магадгүй байна.

Оросоос Монголд импортох шатахууны үнэ нь дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэтэй шууд хамааралтай байдаг.

УУХҮЯ-наас шатахууны үнийн өсөлтийг сааруулах зорилгоор газрын тосны гол нийлүүлэгч ОХУ-ын Роснефть компанитай хэлцэл хийж 2022 оны 4, 5, 6 дугаар саруудад нийлүүлэх 120 мянган тонн АИ92 автобензинийг тонн тутамд 840 мянган ам.доллараар худалдаж авах болсон. Ингэснээр жижиглэн борлуулатын үнийг өсөхөөс сэргийлсэн. Шатахууны жижиглэнгийн үнийн тухайд цаашид 2022 оны дөрөвдүгээр сарын 18-нд батлагдсан гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомдсолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тогтоолыг батлуулсан. Дэлхийн улс төр, эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалж нефтийн үнийг барих боломжгүй гэдгийг ч анхааруулж байна. Сүүлийн долоон жилийн хамгийн идэвхтэй нөхцөл байдал бол одоо зах зээл үргэлжилж байна гэж ченд фондууд хэлж байна. 2021 онд өдөрт 1,99 доллараар зах зээлийн үнэ хэлбэлздэг байсан бол одоо 5,62-оор хэлбэлзэж байгаа юм.

Дизель түлшний тухайд Орос хөнгөлөлт үзүүлэх боломжгүй гэсэн ч сүүлд таван хувийн хөнгөлөлт үзүүлсэн. Энэ хөнгөлөлтийг нэмэгдүүлэх талаар мөн судалж байгаа.

Ирэх есдүгээр сарын эхээр болох эдийн засгийн олон улсын чуулгад УУХҮЯ-наас оролцож санал хүсэлтээ хэлнэ. Тиймээс он дуусахаас өмнө хэлэцээ хийж, хөнгөлөлт авах зорилготой ажиллаж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж