"Монголынхоо 4 хязгаарт “Соёмбот” хөшөөг барилгачин залуустайгаа хамтран бүтээлцсэнээрээ үргэлж бахархдаг

Хуучирсан мэдээ: 2022.08.23-нд нийтлэгдсэн

"Монголынхоо 4 хязгаарт “Соёмбот” хөшөөг барилгачин залуустайгаа хамтран бүтээлцсэнээрээ үргэлж бахархдаг

Гишүүн байгууллагуудаа сурталчлах, танилцуулах зорилгоор МБҮА ТББ-аас зохион байгуулж буй цуврал ярилцлагад “БОЛД” ХХК-ийн Ерөнхий захирал Х.Болдбаатарыг урин заллаа. Эрдэнэт уурхайг нээсэн анхны Хайгуулын ангийн дарга Ж.Сүхбаатар агсны хүү тэрбээр дөрөвхөн настайдаа эцгээс өнчирч хоцорсон хэдий ч сайн эмээ өвөө, ээж, нагац ах нарынхаа тус дэмээр ямар ч ажлыг гололгүй хийж явсныхаа үр шимээр өдий зэрэгт хүрсэн дурсамжаар яриагаа эхэлсэн юм. Эр хүн туг ч барина, тугал ч хариулна гэдэг шиг хорь ч хүрээгүй залуу хүү цахилгаанчин, жолооч, механикчаас ажлынхаа гарааг эхлүүлж, хожим нь олон зуун хүнтэй компанийг удирдах болжээ. Тэрбээр ажлыг зүгээр нэг оромдож биш, үр дүнг нь харагдтал хийдэг болохоор “Гавьяат тээвэрчин” хэмээх урмын тодотгол түүнийг зорьсон биз ээ.


-Гавьяат гэх эрхэм цолыг хүртсэн танд баяр хүргэе. Шагналын эзэн болох зам амаргүй, тоолохын аргагүй олон даваа нугачааг туулсан нь эргэлзээгүй …

-Би жирийн л нэг ажилчны гэр бүлд төрсөн хүн. Онцлоод хэлэх юм нь сайн эмээ, сайн ээжийн гар дээр өсч, зөв хүмүүжлийг олсонд л байгаа болов уу. Сурлага сайтай хүүхдүүдийн тоонд ордог сурагч байлаа. Тэгтэл 1984 онд аравдугаар ангиа төгсөх жил уралдаант шалгалтандаа уначхав аа. Тэгээд Дарханы техникумд хуваарилагдаж очсон боловч долоо хонов уу, үгүй юу буцаад ирсэн. Яагаад ч юм нэг л дасч өгөхгүй байсан юм. Сургуульгүй хоцорч, гэртээ байгаад байхаар ойр орчны хүмүүс гайхаад байсан юм билээ. Автобус баазын дарга, сүүлд Хөдөлмөрийн баатар болсон Дашцэрэн гуай намайг дагуулаад Баянхошуунд байдаг Авто засварын курст суулгасан юм. Тухайн үед би техникт үнэхээр дургүй нэгэн байлаа. Тэгээд гурван сарын курсээ төгсөөд Автобус баазад ажилд орлоо доо. Хүүхэд байсан болоод ч тэр үү, буруу зөрүү юм ярихаараа нүүр маань час улаан болчихно, тэгэхээр баазын эгч нар элдэв үгээр цаашлуулна. Тэнд би их юм сурсан. Мэдсэн сурсан бүхэн маань Зүүнбаянгийн авто засварын батальонд гурван жил цэргийн албыг хаах хугацаанд мөн ч их хэрэг болж байлаа. Тухайн үеийн цэргүүдийг дайчлахгүй газар гэж бараг байгаагүй юм шүү. Зуд турхан, хадлан тэжээл, тариа ногоо гээд хаана, ямар хүнд хүчир ажил байна, тэр бүгдэд дайчлагдана. Бүр “Мандухай цэцэн хатан” киноны зураг авалтад хүртэл орж явсан гээд бод доо. Ингээд ХААДС-д сурах урилгатай мундаг цэрэг халагдаж ирж байлаа.

19 НАСТАЙ ЗАЛУУ ТУХАЙН ҮЕДЭЭ 500 ТӨГРӨГИЙН ЦАЛИНТАЙ ТӨГСЧ БАЙЛАА”

– Авто сургууль төгссөн хүний цалин хөлс ямархуу байв даа?

-Тухайн үеийн Авто сургууль жолоочоос гадна автын цахилгаанчин, агрегат засварчин, моторчин гээд олон мэргэжлээр сургаж төгсгөдөг байсан юм. Миний хувьд шалгалтаа өгөөд IV-р зэрэгтэй болсон. Ийм түвшний цахилгаанчны цалин 500 төгрөг байлаа. Тэгтэл Тээврийн яамнаас, тийм жаахан хүүхэд яагаад ийм өндөр зэрэг авав гээд комисс ирж давтан шалгалт авсан даа. Нөгөө Болдоо хүү яах вэ дээ ахиад л зэргээ батлаадахсан. Манайхыг төгссөн олон мундаг хүн одоо ч мэргэжлээрээ ажиллаж байна. Тухайн үед нийгэм хатуу чанга, ажлын хариуцлага, сахилга, дэг журам нарийн байсан болохоор цехийн ах эгч нар бүх юмыг дагуулж зааж, сургаж байсны үр нөлөө их, ямар ч машин тэргийг нухаж байгаад л гараас гаргадаг байлаа шүү дээ. Тэр үеийн техникийг одоотой харьцуулах ч юм биш. Орчин үеийн машин техник чинь маш нарийн болсон байна.

-Дээд сургуулийн урилга автлаа үнэлэгдэж, насан туршдаа мартахааргүй ээнэгшин дассан цэргийн хуаран, анд нөхдийн тухай дурсамж хамгийн үнэтэй байдаг болов уу…

-Хүний амьдралд цэргийн алба хаасан он жилүүд хамгийн дурсамжтай, хамгийн гоё байсан шиг санагддаг юм. Одоогийнх шиг 365-хан хоног биш бүхэл бүтэн гурван жил буюу 1080 хоног нэг газар байрлаж, хамт очсон нөхөдтэйгөө зовлон жаргалаа хуваалцана гэдэг чинь хүний амьдралын бас нэг онцгой үеийг өнгөрүүлж байгаа хэрэг л дээ. Халагдсаны дараа нэг хэсэгтээ л тэднийгээ бодоостой явдаг юм билээ. Хэдэн жилийн өмнө цэргийн андуудаа цуглуулж нэг уулзалдсан юм.  Үгээр хэлэхийн аргагүй сайхан мэдрэмж, дурсамж хөвөрсөн дөө. Эр хүн цэргийн албанд л хүмүүжиж, цаашдын амьдралаа төвхнүүлэх жинхэнэ эр хүний төрхийг олдог гэж би боддог. Ангийн дарга нар ажилч хичээнгүй сайн цэрэгтээ бугуйн цагаа тайлж өгдөг нь цэргүүдийн хувьд хамгийн том бэлэг болдог байлаа. Манай Зүүнбаянгийн цэргийн ангийн техникийн орлогч Могноон цэргүүдэд их юм зааж өгдөг хүн байсан. Тэр дарга “комментерский” цагаа тайлж надад бэлэглэсэн үйл явдал санаанаас минь ер гардаггүй юм.

“СИТИ БОЛДОО” НЭРЭЭР МИНЬ НИЙТИЙН ТЭЭВРИЙНХЭН АНДАХГҮЙ …

-Та, нийтийн тээвэр, тэр дундаа таксины үйлчилгээнийхэнд “Сити Болдоо” нэрээрээ танигдсан хүн юм билээ …

-Би нийтийн тээврийн салбарт 38 дахь жилдээ ажиллаж байна. 1997 онд Х.Баттулга, Найдан нар Оросоос “Лада” машин олноор оруулж ирэхэд нь би такси жолоодож явлаа. Дараа нь хувь заяаны ерөөлөөр Х.Баттулга захиралтай (тухайн үед ерөнхийлөгч байгаагүй) таарч жолооч, жолоочоос механик, механикаас “Сити такси” компанийн захирал болтлоо дэвшиж ажилласан байдаг юм. Компаниа 1000 такситай болтол нь зүтгэхдээ бас мянга мянган жолоочтой танилцаж, хамтран ажиллаж байлаа. Улс орон зах зээлд шилжиж, өмч хувьчлал явагдаж, нийгмийн байдал ороо бусгаа, хөл толгой нь мэдэгдэхгүй болсон тэр хүнд үед нийтийн тээврээс таксины үйлчилгээг салгаснаар олон хүнийг ажлын байртай болгож, улсын нуруун дээрээс багагүй ачааг нь хөнгөлж өгсөндөө баярлаж явдаг юм. Тухайн үед 65 аж ахуйн нэгжийн 6000 орчим такси нийтийн тээврийн үйлчилгээнд явж байсан бөгөөд сүүлд Таксины холбоо байгуулагдахад миний бие Удирдах зөвлөлд нь орж өөрийн мэдлэг, туршлагаа харамгүй зориулсан, хөгжил дэвшилд нь ч хувь нэмрээ оруулсан гэж боддог.

Саяхан хэдэн залуу ирж надтай уулзлаа. “UB Cab-онлайн такси үйлчилгээ”-ний шинэ хэлбэрийг нэвтрүүлэх саналаа хэлж, төслөө танилцуулсан. Тэднийг дэмжиж, хөрөнгө оруулахдаа такси үйлчилгээг шал өөр, шинэ түвшинд гаргахад гар бие оролцож байгаадаа би итгэлтэй байсан шүү.

Хорин мянган такситай атлаа нэг ч баазгүй системийг үүсгэлээ. Миний олон жилийн итгэл, зүтгэл, хувь нэмэр төр засгийн сонорт хүрч, мэлмийд тунгаагдсан юм болов уу “Гавьяат тээвэрчин” хэмээх эрхэм шагналын эзэн болголоо. Төрөөс шагнал авах чинь бас их өөр мэдрэмж төрүүлдэг юм байна. Шагнал гардуулах мөчид Зам, тээврийн хөгжлийн Сайд Л.Халтар “Овгийн чинь өмнө Гавьяат гэх давхар овог дуудагдах боллоо шүү, алтан шар замын яруу алдрыг өндөрт өргөж яваарай” гэж хэлсэн нь эцэг эх, эх орноо хамтад нь үүрч яваа мэт нэг их тэнэгэр, уужим мэдрэмжийг төрүүлсэн. Энэ сайхан өдөр нийтийн тээврийн салбараас хос гавьяат төрсний нэг нь бидний “ТэБэ” хэмээн товчлон дууддаг Тэрбиш маань байлаа.

-Монголчуудын сайн мэдэх “Шар такси” брэндийг үүсгэлцэж өдий зэрэгт хүргэсэн үүх түүх арвин гэдэгт эргэлзэх зүйл үгүй болов уу…?

-Х.Баттулга захирал бол Монгол Улсын таксины үйлчилгээг шинэ шатанд гаргахад маш их үүрэг гүйцэтгэсэн шүү дээ. Монгол Улсад яах аргагүй таксины үйлчилгээ дутагдаж байгааг мэдрээд ОХУ-аас анх “Лада” маркийн, дараа нь Солонгосын Daewoo-гийн машинуудыг оруулж ирж, 27-р баазын суурин дээр ажлын гараагаа эхлүүлж байсан. Тухайн үед хүмүүс ганзагын наймаанд яваад овоо мөнгө, хуримтлалтай болсон төдийгүй хувьдаа машинтай байх хэрэгцээ, сонирхол бий болсон байсан. Тиймээс лизингийн үйлчилгээ хэрэгтэй юм байна гэдгийг олж хараад цоо шинэ 200 таксийг оруулж ирсэн байдаг юм. Тэгээд 1000 долларын урьдчилгаа аваад гурван жилийн хугацаатай машинаа унасны дараа хувьд өгдөг тогтолцоог бий болгосон. Монголчууд цоо шинэ машин унаж үзээгүй байсан учир инээдтэй юм  тохиолдож байсныг алийг тэр гэхэв дээ. Жишээ нь, машинаа аваад цаг хэртэй унаж явснаа эргэж ирээд “Сольж болох уу, эвгүй үнэртэй юм байна” гэнэ. Цоо шинэ машины дуп халаад ирэхээр тос масло үнэртдэгийг ч мэддэггүй байлаа шүү дээ.

Нэг сонин юм ажигласнаа хэлэхэд, өмнөх нийгмийн үед чинь тод өнгөнд нэг их дуртай биш байжээ. Тийм болохоор манай хэдэн шар таксинуудыг өнгөөр нь хүртэл гоочилж, “Витамин С”-тэй зүйрлэн нэрлэдэг үе бас байсан л юм. Миний хувьд галын дөл мэт шар өнгөнөөс ажил, амьдралын гараагаа эхлүүлсэн болоод ч тэр үү, энэ өнгөнд их дуртай.

Монголдоо анхных болох хаалганаас хаалганд буюу хүүхэд хүргэх үйлчилгээ, хүргэлтийн үйлчилгээ, лизингийн үйлчилгээ гээд олон шинэ үйлчилгээг энэ шар таксигаараа эхлүүлсэн юм шүү дээ. Маш олон айлыг унах унаа, цалин хөлсөөр таслаагүй. Түүнээс гадна хамгийн чухал нэг зүйл бол лизингийн үйлчилгээ нэвтэрснээр монголчууд санхүүгийн сахилга бат гэж юу болохыг өөрсдийн биеэр мэдэрч эхэлсэн юм. Анх удаа хувьдаа машинтай болсон хүмүүс баярлахдаа хадаг, сүү, ганц гожин барьж ирээд л нулимс унагаж байсан жишээ нэгээр тогтохгүй  дээ. Арга ч үгүй биз, хэдэн сайд дарга нараас өөр хувьдаа машинтай хүн байсан биш. Тийм ч учраас нийгмээрээ уухай түрж, алга ташин талархаж байсан.

-Та нэлээн хожуу барилгын салбар руу орж ирсэн байх. Та бүгдийн барьсан  “Чухаг 2” хотхоныг хараад ёстой л хүний төлөө гэсэн сэтгэлээр бүтээж дээ гэсэн сэтгэгдэл төрлөө…

-Би нэлээн олон салбарт ажиллаж, тодорхой хэмжээний туршлага, хуримтлалтай болоод байсан үед “Тэргүүн Лхам” компанийн захирал н.Азжаргал хамтарч орон сууц барих саналыг тавьсан юм. Тэгээд бид нийлж гурван ч орон сууц барьсан. Тэрнээс хойш “Батс-Өргөө” компанийн захирал Ж.Батсайхан “Чи санхүү, маркетингдаа сайн юм байна, би барих ажилдаа сайн, хөдөө орон нутагт олон барилга барилаа, одоо хотод барилга баримаар байна” гэснээр бид хамтарлаа. Юм гэдэг сонин шүү, анх бид хоёр 21 дүгээр хорооллын Авто сургуулийн буурин дээр 265 айлын орон сууц барьсан юм. Хажууханд нь маш том өрсөлдөгч болох “Содон хороолол” баригдаж байсан үе. Тиймээс шууд л нэг хувийн хүүтэй орон сууцны зээл гаргаад өгч байлаа. Барилга уг нь материал, мөнгө нь тасалдахгүй бол их хурдан босдог, нүдэн дээр л бүтээн байгуулалт хийгдэж, ажил буцлаад л сайхан шүү дээ. Ийнхүү Батсайхантайгаа хоёр, гурван жил хамтарч байтал “Чи дангаараа барьж чадах юм байна” гэсэн түүний итгэлийн дагуу бие дааж, барилгын салбарт орсон түүхтэй. Дандаа шинээр төгссөн инженерүүд ажилд аваад “Чадна аа” гээд л эхэлж байлаа шүү дээ.

“Чухаг 2” барилгын газрыг дуудлага худалдаагаар авч, орон сууц барьсан юм. Ховд аймгийн Зэрэг суманд бас орон сууц барьсан. Одоогоор 1000 гаруй айлын орон сууц бариад байна.

-Барилга барина гэдэг олон хүний амь нас, эд хөрөнгөтэй холбоотой асуудал. Танай компанийн захиргаа хотхондоо байрлаж байгаа нь барилгынхаа чанарт баталгаа өгч байгаагийн илрэл гэж харж байна?

-Тэгж ойлгож болно. Барилгыг зөв хийвэл их буянтай ажил. Барьсан барилгаа хамгийн түрүүнд таньж мэддэг хүмүүсдээ л зардаг. Учир нь юу вэ гэвэл, хамгийн ойр дотно хүмүүстээ би баталгаа гаргаж байгаа ухаантай байхгүй юу.

Тун удахгүй манай компанийн 25 жилийн ой болох гэж байна. Энэ хугацаанд 150-160 ажилтан, албан хаагчдаа байрны үнийн хөнгөлөлт үзүүлэх, байртай болгох зэргээр нийгмийн баталгааг нь гаргаж өглөө. Зуун хувь үнэгүй өгдөг үе ч байсан.

Байр авсан зарим нэг нь хэдэн жил ажиллаад өөр компанийг зорьсон тохиолдол ч байдаг л юм. Сүүлийн үед 30-40 хувь хөнгөлөөд 8-6 хувийн ипотекийн зээлд хамруулах боломжоор хангаж өгөхийг чухалчилж байна. Хүний нөөцийн тогтвортой байдал, нийгмийн халамж, ажлын байрны баталгаа гээд асуудал мэдээж олон байна. Гэхдээ хэтэрхий их халамж, анхаарал тавиад байхаар хүн гэдэг чинь бэлэнчлэх байдал нь ихсээд хүний өмнөөс ажиллаж, амьдарч байгаа юм шиг л болдог юм байна. Үүнд л их харамсдаг даа, миний хувьд.

-Түрүүн хэлдгээр бараг хүн болгон л байшин барьж байна. Орон сууцыг  бариад, бариад л явдгаас биш хүний тав тух, аюулгүй байдлыг нь орхигдуулаад байх шиг харагддаг. Энэ талаар таны санал бодлыг сонсмоор байна.  

-Орон сууц барьж байгаа л бол тэнд амьдрах хүний тав тухыг хамтад нь бодож шийдэх хэрэгтэй. Машинаа хаана тавих вэ, хаана нь хөгшид нарлаж, хаагуур нь хүүхдүүд тоглох вэ гэх мэт олон шийдлийг олж төлөвлөх хэрэгтэй болов уу. Би шийдэл бус, ашиг орлогоо бодоод спортын төвийнхөө оронд хоёр орц буюу 180 айлын орон сууц барьж болох л байсан. Гэхдээ бид нэг үеэ бодвол харьцангуй боломжтой боллоо, хуримтлалтай ч болсон. Тиймээс ашиг гэхээсээ илүүтэй оршин суугчаа, иргэнээ гэсэн сэтгэл гаргах хэрэгтэй болов уу.

– Байрны үнэ тэнгэрт хадаж байна. Үүнд юу нөлөөлөөд байна вэ?

-Тээвэр логистикийн хямрал, материал, шатахууны үнэ урьд өмнө байгаагүйгээр нэмэгдлээ. Дээрээс нь барилгын норм норматив, стандарт хуулиа дагаад зардал өсч байна. Орон сууцны үнэд юу шингэдэг гээч. Барилга барихын тулд эхлээд хашаа хороо татна, ажилчдын байр, хоол унд, унаа тэрэг, ХАБЭА-н талаасаа барилгын хашааны гадна явган зорчигчдын аюулгүй байдлыг хангасан байгууламжийг барина. Хөдөлмөрийн хуулийн дагуу нэмэгдэл цалинг олгоно гэх мэт төрөөс тавьж байгаа шаардлага, стандартын дагуу ажиллахад маш өндөр зардал гаргадаг. Мэдээж, бид энэ стандарт, норм дүрмийн дагуу ажиллах ёстой. Харин эдгээр зардал хаана очиж нэмэгдэж байна вэ гэхээр нөгөө м.кв дээр очиж нэмэгдэнэ. Тэгэхээр орон сууцны үнэ зөвхөн өнөөдрийн бүх юмны үнийн өсөлтөөс  болж нэмэгдээд байгаа хэрэг биш юм шүү дээ.

-Сүүлийн үед барилгууд улам чанаржаад байгаа нь энэ салбар хөгжиж байгаагийн шинж үү?

-Гучин жилийн өмнө Улаанбаатар ямар байлаа. Өнгөрсөн хугацаанд төрийн нэртэй  хэд гуравхан төсөл хэрэгжиж. Жишээ нь, Буянт-Ухаа 1,2 гэдэг ч юм уу. Урьд нь хотын дарга компанийн захирлууд дээр очоод “Та энэ газрыг аваач ээ, байшин бариач ээ” гэж гуйдаг байлаа шүү дээ. Анх 90-ээд оны дундуур ёотон шиг жаахан цагаан юмнууд барьдаг байсан даа, харин жил ирэх тусам норм шаардлага, стандарт нь чангарч 7,  9, 12, 16, 25 давхар гэдэг байснаа одоо бүр 43 давхар барилга баригдахаар яригдаж байна. Барилгын хөгжил дэлхийн хөгжилтэй зэрэгцээд цуг яваад эхэлсэн. АНУ, Солонгос гэх мэт орнуудын барилга дээр ажиллаж байсан хүмүүс “ноу-хауг” нь авчраад байна.

“ХОТЫН ДАРГА НЬ ГАЗАР ҮНЭГҮЙ ӨГЬЕ, БАРИЛГА БАРИАД ӨГӨӨЧ ГЭДЭГ ЦАГ ҮЕ БАЙЛАА”

-Ховдын суманд орон сууц барьсан гээд дурдчихлаа. Орон нутагт, тэр дундаа суманд орон сууц барина гэдэг ямар бол?

-Ховд аймгийн Зэрэг суманд 40 айлын орон сууц барьсан. Орон нутагт юм гээд бид м2-ын үнээ хотын ханшаас бага тооцоод зарлахад хүмүүст авах сонирхол их байвч бэлэн мөнгөгүй, лизингийн үйлчилгээнд хамрагдаж чадахгүйн улмаас гурав, дөрвөн айл л урьдчилгаа өгөөд нөгөө 8 хувийн зээлээ хүлээгээд жил тойрсон доо. Сүүлдээ нэг хувийн хүүтэй лизингийн үйлчилгээ гаргангуут хүмүүсийн хувьд илүү уян хатан байдал үүссэн. Өөрөөр хэлбэл, хөдөө орон нутагт төдийлөн байгаагүй нөхцөл тавьж олон айлыг орон сууцтай болгосон юм. Дахиад ийм сайн орон сууц барьж өгөөч ээ гэдэг санал одоо ч ирсээр л байна. Нэг удаа тэнд яваад очтол хаус бариад орчихсон, яг хотынх шиг амьдарч байгаа айлтай таарсан. Ямар их баярласан гээч. Хөөрсөндөө зураг хөрөг бэлэглээд сүйд майд болсон юм. Энэ жишгийг олон хүн дагаасай гэсэндээ л тэр шүү дээ. Улс дэд бүтцийг нь хийгээд өгвөл компаниуд яаж ажиллаж, хотжуулж болдгийн нэг жишээ нь энэ.

-Бизнесийн гараагаа хэрхэн эхэлж байсан бэ?

-1960-аад оныхон бол их азтай хүмүүс. Социалист нийгмийн хатуу хөтүүд өсч хүмүүжлээ. Зах зээлийн эхэн үед цүнхээ үүрээд холыг зорихдоо картонон цаас дэвсээд хаа сайгүй унтаж, бас Оросын мафиудад дээрэмдүүлж үзлээ, хаа байсан Герман, Чехээс бараа, машин зөөгөөд нойртой, нойргүй явж үзлээ. Би гэхэд Москвагаас гурван удаа машин зөөсөн байдаг юм. Польшоос эм, Оросоос уран зураг аваад Хятадад зарж байлаа.

-Та их сонин зураг харууллаа. Монгол Улсын нутаг дэвсгэрийн дөрвөн хязгаарын цэгт соёмбо байрлуулсан байна. Энэ ямар учиртай юм бэ?

-Монголчууд бид үеийн үед л газар нутгаа өөрийн аминаас дээгүүр тавьж, хайрлаж хамгаалж ирсэн түүхтэй билээ. Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нь улсынхаа нутаг дэвсгэрийн дөрвөн хязгаар буюу баруун цэг болох Алтай Таван Богдын Цаст даваа, хойд цэг Монгол шарын даваа, зүүн цэг Соёлз уулын “Модтой хамар”, өмнөд цэг Орвог гашууны бор толгойд тус тус Соёмбот багана босгох зарлиг гаргасан юм. Баганат хөшөөг Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн соёрхолт, уран барималч Л.Ганхуяг урласан. Харин манай “Болд” компани, “Батс-Өргөө” компанийн инженер, техникийн ажилчид угсралт, суурилуулалтын ажлыг хийж гүйцэтгэсэн. Болох ёстой юм амархан л бүтдэг юм билээ. Ердөө сар гаруйханы хугацаанд хийгээд байрлуулчихсан. Энэ Соёмбот хөшөөг барилгачдын төлөөлөл болсон залуустайгаа хамтран бүтээлцсэнээрээ бид үеийн үед бахархах болно.

– Танд баярлалаа.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж