Дэлхийн дуурийн урлагт Монгол хэмээх нэрийг цуурайтуулж яваа алтан хоолойтнуудын нэг Ардын жүжигчин Э.Амартүвшин эх орондоо иржээ. Тэрбээр ханьтайгаа эх орондоо амарч байгаа бөгөөд наймдугаар сарын 31-нд Итали руу буцах гэнэ. Түүний хань Д.Туяа нь эр нөхөртэйгөө нэг салбарт хүчин зүтгэдэг бөгөөд Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучнаар ажиллаж байсан. Гэргий Д.Туяа нь Алма-Ата хотын хөгжмийн дээд сургууль төгсч, Итали улсад мэргэжил дээшлүүлсэн уран бүтээлч юм.
Тэрбээр 25 насандаа Монгол Улсын Гавьяат жүжигчин цолыг хүртэж, 2016 оноос эхлэн дэлхийн томоохон театруудтай гэрээ байгуулан дэлхийн дуучин болсон түүхтэй.
Түүнийг Ерөнхийлөгчийн зарлигаар /2021.11.24/ Ардын жүжигчин цол хүртээсэн боловч өөрөө гадаадад тоглолттой байсан учраас эх орондоо биечлэн ирж чадаагүй билээ. Тэрбээр 2004-2009 онд Соёл урлагийн их сургуулийг Монгол Улсын Гавьяат Жүжигчин Ц.Ерөө багшийн удирдлага дор суралцаж төгссөн бөгөөд 2009 оноос сонгодог урлагийн гараагаа Дуурь, бүжгийн эрдмийн театраас эхэлж байжээ.
Энэ хугацаанд дэлхийн томоохон сонгодог урлагийн уралдаан тэмцээнүүдээс дараах шагналуудыг хүртэж байв.
- 2011 онд П.И.Чайковскийн нэрэмжит ОУ-ын XIV уралдаан /Санкт-Петербург, ОХУ/, II байр мөн үзэгчдийн нэрэмжит шагнал,
- 2012 онд Плачидо Домингогийн ОУ-ын дуурийн дуучдын уралдаан /Бээжин, БНХАУ/, I байр,
- 2013 онд Франциско Винасын нэрэмжит 50 дахь ОУ-ын уралдаан /Барселон, Испани/, II байр, Оросын хөгжмийн зохиолчдын бүтээлийн шилдэг дуучин мөн «Associacio d’Amics de l’Opera deSebadell»-ийн тусгай шагнал,
- 2015 онд «BBC Cardiff Singer of the World» тэмцээн, үзэгчдийн нэрэмжит шагнал,
- 2016 онд «Seoul International Music Competition»-д III байрыг тус тус эзэлсэн.
Холбоотой мэдээ