Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс цаг үеийн асуудлаар тодрууллаа.
-Энэ намраас эдийн засгийн байдал хүндэрнэ гэж эдийн засагчид дүгнэж байна. Энэ хэрээр валютын ханш нэмэгдэж, валютын нөөцийн асуудал тулгамдаж байна?
-Инфляци өнгөрсөн оны хоёрдугаар хагасаас өнөөдрийг хүртэл өндөр, түвшинд байна. Гэхдээ сүүлийн үеийн мэдээ, статистикаас харвал инфляцийн түвшин сүүлийн нэг жилийн хугацаанд, ялангуяа энэ оны долдугаар сард хамгийн бага түвшинд өссөн. Өмнөх жилийн хугацааны өсөлтөөс буурч байгаа үзүүлэлт ажиглагдаж байна. 2022 оны зургадугаар сард инфляцийн түвшин 16.1 хувь байсан бол, 15.6 хувьтай гарч байгаа нь буурч байгааг харуулж байна. Гэхдээ инфляци цаашид буурах уу гэвэл төвөгтэй. Ялангуяа манай хэрэглээний сагсан дахь бүтээгдэхүүний 50 гаруй хувь нь импортын бүтээгдэхүүн байдаг. Импортын бүтээгдэхүүний инфляцид нөлөөлж буй нөлөөлөл 50 хувиас илүү гарсан. Өөрөөр хэлбэл, инфляцийн түвшингийн 50 хувиас илүү нь импортын бараан дээр байна гэж харагдаж буй юм. Тиймээс дэлхийн инфляцийн өсөлт хэр удаан үргэлжлэх үү, цаашид хэрвээ тогтворжвол манай инфляци тогтвортой болох уялдаатай зүйл ажиглагдаж байна.
"ВАЛЮТЫН НӨӨЦ ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР 2.6 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР БАЙНА"
-Гадаад валют хомсдолд орж, арилжааны төвд ам.доллар 3200 төгрөгт хүрч, арилжааны банкууд доллар хязгаарлалттай эхэлсэн?
-Ерөнхийдөө төв банк хоёр том сорилтын өмнө байна. Нэгдүгээрт, ханш тогтвортой байх, хоёрдугаарт, валютын нөөцийг хадгалах. Ханшийг тогтвортой байлгахын тулд тодорхой хэмжээний нөөцийг гаргадаг. Нөөц буурч буй учраас нөөцөө илүү анхаарч байна. Ханшийн огцом савлагаа үүсгэхгүй байх. Төгрөгийн ам.доллартай харьцах ханш сүүлийн нэг жилд 10 орчим хувиар суларсан. Энэ сулралт бол огцом сулралт гэж Монголбанкны зүгээс харахгүй байгаа. Валютын нөөц өнөөдрийн байдлаар 2.6 тэрбум ам.доллар байна.
-Цаашдаа энэ хэрээр явбал Монгол Улс валютын нөөцөө буурах эрсдэлтэй. Тиймээс Засгийн газартай валютын нөөцөө сэргээх тал дээр хэрхэн хамтарч ажиллах вэ?
-Мэдээж хэрэг, Монгол Улсын валтютын нөөц яавал өсөх вэ гэдэг нь ойлгомжтой. Манай экспортын бараа бүтээгдэхүүн хангалттай хэмжээнд экспортод гарч байж тэр хэмжээнд валютын урсгал орж ирнэ. Ерөнхийдөө алт, зэсний хувьд гайгүй явж байгаа. Нүүрсний хувьд эхний долдугаар сарын байдлаар 11 сая тонн нүүрс экспортолсон мэдээ бий. Монгол Улс цар тахлын өмнө 2019 онд 36 сая тонн нүүрс экспортолсон. Тиймээс нүүрсний экспорт нэмэгдвэл валют орох урсгал сайжрах нь ойлгомжтой.
-Төв банкнаас цаашид бодлогын хүүг нэмэгдүүлэх шаардлага байгаа юу. Энэ хэрээр зээлийн хүү өсч, арилжааны банкууд зээл олгохгүй эрсдэл байна?
-Зээл олголт хэвийн явагдаж байгаа. Гэхдээ 2021 онд олгож байсан хэмжээнээс буурсан. Энэ оны долдугаар сарын байдлыг өмнөх оны мөн үетэй харьцуулбал зээлийн өрний үлдэгдэл 20 хувиар өсчихсөн байна. Шинээр 20 хувийн зээл гарсан байгаа гэсэн үг. Харин мөнгөний нийлүүлэлт бол өнгөрсөн жилийнхээс өсөөгүй. Тэгэхээр мөнгөний бодлого хатуу тал руу явж байна. Бодлогын хүү хамгийн сүүлд 10 хувьд хүрсэн. Бодлогын хүүг цааш өсгөх асуудал нь оны эцэст инфляци хэр өсөх үү, инфялцийг зорилтот түвшинд ямар хугацаанд аваачих нь хамгийн том зүйл. Монголбанкны хамгийн сүүлд хуралдсан Мөнгөний бодлогын хорооны хурлаар инфляцийг зорилтот буюу найман хувийн түвшинд 2023 оны эхний хагас жилд аваачих төсөөлөл бий. Энэ утгаараа дээрх төсөөлөл хэвийн явбал, бодлогын хүүг цаашид өсгөхгүй. Инфляци хэрвээ эрчимжээд байвал яалт ч байхгүй мөнгөний бодлогыг хатууруулахаас өөр арга зам байхгүй.
" МӨНГӨНИЙ БОДЛОГЫГ ХАТУУРУУЛАХ НЬ ТОДОРХОЙ СЭРГЭЛТИЙГ СААРУУЛАХ СӨРӨГ НӨЛӨӨТЭЙ"
-Мөнгөний бодлогыг хатууруулах нь ямар сөрөг нөлөөтэй вэ?
-Ер нь мөнгөний бодлого төв банкны гаргаж буй шийдвэрээр явж байгаа. Нийт эдийн засаг эхний хагас жилийн байдлаар 1.9 хувиар өслөө. Ялангуяа энэ өсөлтөд уул уурхайн салбар, хөдөө аж ахуй, аж үйлдвэр боловсруулах, үйлчилгээний салбарын өсөлт гол нөлөө үзүүлсэн. Тэгэхээр энэ нь эдийн засаг солонгорох буюу төрөлжиж байгаагийн нэг илрэл. Хэрвээ уул уурхайн салбар хэвийн хэмжээнд өсөлттэй болоод ирвэл эдийн засгийн өсөлт энэнээс илүү гарах боломжтой. Эдийн засаг цар тахлын дараа дөнгөж сэргэж байгаа үед мөнгөний бодлогыг хатууруулах нь тодорхой сэргэлтийг сааруулах сөрөг нөлөөтэй. Тиймээс төв банкны зүгээс эдийн засгийн өсөлтийг сааруулахгүй байх талаас нь мөн инфляцийг богино хугацаанд хяналтдаа авах талаас нь мөнгөний бодлогыг явуулна. Энэ утгаараа ирэх 2023 оны төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлээ ийм чиглэл, зорилгын хүрээнд боловсруулж байна.
-Эдийн засгийн өсөлтийг өөдрөгөөр төсөөлж байсан шүү дээ?
-Ялангуяа 2022 онд цар тахлын дараа эдийн засгийн сэргэлт байна гэдгийг төв банк, олон улсын байгууллага, Дэлхийн банк, шинжээч байгууллагууд тийм хэмжээний дүгнэлттэй байсан. Гэсэн хэдий ч олон улсын хурцадмал нөхцөл байдлаас улбаалан нөхцөл байдал хүндэрч байна. Дээрээс нь дайны улмаас нийлүүлэлтийн гацалт буюу бие биедээ бүтээгдэхүүний түүхий эд нийлүүлдэг улс хооронд төвөгтэй байдал үүсч байна. Энэ нь өөрөө бүх улсын эдийн засгийг удаашруулж байна. Мөн бүх улс орнуудад инфляци өндөр түвшинд хүрч байна. Ялангуяа АНУ, Европын холбооны өндөр хөгжилтэй улс орнуудад инфляци найм, есөн хувьд байна гэдэг нь асуудлыг төвөгтэй болгож байна.
-Ээлжит бус чуулганаар үнийн өсөлтийн асуудлыг хэлэлцэх байх. Үүн дээр Монголбанк ямар мэдээлэл, зөвлөгөө өгөх вэ?
-Монголбанк сар бүр мэдээллээ тогтмол гаргаж байгаа. Инфляцитай холбоотой инфляцийн тайланг сар бүр гаргаж байна. Тэгэхээр инфляцийн тайлан дээр ямар хэмжээний ялангуяа инфляци эрэлтийн шинжтэй байна уу, нийлүүлэлтийн шинжтэй байна уу, мөнгөний бодлого бол өөрөө эдийн засаг халах буюу эрэлтийн шинжтэй хөөрөгдөхөд манай бодлогын арга хэрэгсэл маш сайн ажилладаг. Нийлүүлэлтийн буюу төвбанк мөнгөний бодлогоор удирдаж чадахгүй хэмжээний гарал үүсэлтэй байх юм бол удирдахад төвөгтэй. Энэ дээр Засгийн газартай нэлээн хамтарч ажиллаж байна. Тээвэр ложистик, боомтын асуудлыг хэрхэн шийдвэрлэх үү, экспорт импорт дээр гацаа үүсгэхгүй байх тал дээр хамтарч ажиллаж байгаа.
-Ипотекийн зээлийн хүүг бууруулах талаар Монголбанк ямар байр суурьтай байна вэ?
-МИК орон сууцны хөтөлбөрийг Монгол Улсад анх санаачилж 2013 оноос хэрэгжүүлж байгаагийн хувьд МИК-ийн тодорхой гаргаж буй шийдвэрт оролцох үүднээс МИК-ийн нэг гишүүнээ төлөөлөн удирдах зөвлөлд суулгадаг. Орон сууцны ипотекийн санхүүжилтийн хөтөлбөр 2013 оноос явж буй том хэмжээний сайн хөтөлбөр. Олон улсын байгууллагын зүгээс төсвийн шинжтэй арга хэмжээ гэж хардаг. Тиймээс Монголбанкийг ипотекийн санхүүжилтэд оролцохгүй байх талаас нь зөвлөгөө өгдөг. Өнөөдрийн байдлаар ипотекийн зээл цар тахлын хуулийн хүрээнд гарч байгаа. Төв банкны тухай хуулиар ипотекийн санхүүжилтийг олгож явах нь хориотой. 2022 он дуустал хэвийн явна. 2023 оноос эхлээд Засгийн газрын тодорхой агентлаг байгуулагдвал шилжүүлж өгөөд үргэлжлүүлэх зорилготой.
-Ипотекийн зээлийг хүүг бууруулах боломжтой юу?
-Зээлийн хүү бол банкны арилжааны зах зээлийн нөхцөлд сууриалсан учраас хүү өндөр байгаа. Зургаан хувь гэдэг бол нэлээн хөнгөлөлттэй хүү. Хөнгөлөлттэй хүү өгөхийн тулд банкууд алдагдал үүрээд явж буй тул тэрнээс доошоо буурах нь төвөгтэй. Өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн зээлийн хүү наймаас зургаан хувь болсон шүү дээ. Тэгэхээр энэ утгаараа цаашаа бууруулахад төвөгтэй. Үүнийг бууруулъя гэвэл хэн нэгэн байгуулага татаас өгч алдагдлыг нь үүрүүлэх байх.
Холбоотой мэдээ