Монголдоо ганц гэгддэг эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв буюу “Эх нялхас” байгуулагдаад 92 жил болжээ. Гэвч энэ хугацаанд төдийлөн их засвар хийгээгүй урсгал засвараар аргацаасаар өдийг хүрсэн аж. Азаар сайн санаат хүмүүс, албан байгууллагуудын ач, тусаар тус эмнэлэг бага багаар засварт орсоор байна. Энэ удаад улсын аварга О.Хангай “Тоёота Сэйлс Монголиа” ХХК-ийн бэлэглэсэн түрүү бөхийн байгаараа “Эх нялхас”-ын хамгийн хөл хөдөлгөөнтэй хэсгийн нэг болох хүүхдийн зөвлөх поликлиникийн тасгийг тохижуулж, хүлээлгэн өгчээ.
Тус тасаг нь нэгдүгээр давхартаа нийтийн ариун цэврийн хэсэг, хүлээлгийн хэсэг, цахим бүртгэлийн хэсэг, хувцас өлгүүр гээд 218 м.кв талбайтай бөгөөд өдөртөө 1000-1400 хүүхдэд үзлэг, оношилгоо, зөвлөгөө өгдөг “Эх нялхас”-ын хамгийн ачаалал ихтэй хэсгийг нэг аж.
Хүүхдийн зөвлөх поликлиникийн тасгийг тохижуулсан улсын аварга О.Хангай ярихдаа “Тоёота компаниас жил бүр өгдөг түрүү бөхийн шагналаа эх хүүхдийн эрүүл мэндийн төвд шилжүүлээд хүүхдийн амбулаторийг тохижуулаад өнөөдөр хүлээлгэн өгөхөд бэлэн боллоо. Энэ төвөөр үйлчлүүлж буй хүүхэд, эцэг эхчүүд маань аятай, тухтай байх нөхцөл бүрдлээ. Тохижилтыг хийсэн баг хамт олон ч сэтгэл гаргаж, хийж гүйцэтгэсэн байна. Аливаа улс үндэстний эрүүл мэндийн хөгжлөөс хамааран гэр бүл, үр хүүхдийн эрүүл мэнд хамааралтай байдаг. Монголын эрүүл мэндийн салбар улам хөгжиж, олон улсын жишигт нийцсэн тоног төхөөрөмжтэй болж, хүн бүрт хүртээмжтэй үйлчилгээ үзүүлээсэй гэж хүсч байна. Үүнд багахан ч гэсэн хувь нэмрээ оруулсанд баяртай байна” гэв.
Засварын ажил нийтдээ нэг сарын хугацаанд үргэлжилж, түрүү бөхөд өгдөг автомашины үнэтэй дүйцсэн өртөг гарсан гэнэ. Энэ удаагийн засвар тохижилтын ажлын онцлог нь нярай хүүхэдтэй ээжүүдэд зориулсан өлгий, вандан, хүртээмжтэй ариун цэврийн өрөө, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд ээлтэй, таатай орчин, үйлчлүүлэгчийн хүлээлгийн танхимын том зай талбай зэрэг аж.
Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд олны хөл татарна гэж ердөө байхгүй. Улирал, цаг хамаарахгүй хүлээн авах, амбулатор нь бяцхан “ёо-ёо”-нуудаар дүүрнэ. Ялангуяа хүйтний улирал наашилж, хичээл сургууль дөхөж байгаа учир ханиад, шуухинаагаа хүндрэхээс нь өмнө хурдхан шиг эдгээх хүсэлтэй хүүхдүүд их байх аж.
Ачаалал, хүртээмжийн талаар дэд захирал Т.Болормаа ярихдаа “Өдөрт манай эмнэлгээр 1000-1400 хүүхэд үйлчлүүлдэг. Нэг хүүхэд хамгийн багаар бодоход ээжтэйгээ эсвэл аавтайгаа ирнэ. Ингээд бодохоор энэ тоо 2-3 дахин нэмэгдэнэ. Тиймээс ачаалал ихтэй ажилладаг. 20 гаруй төрлийн төрөлжсөн тусламж үйлчилгээг хүүхэд, нярай хүүхдийн чиглэлд үзүүлдэг. Жилдээ 250 мянган хүн зөвхөн зөвлөх поликлиникийн тасгаар үйлчлүүлж байна” гэлээ.
Нийслэлд хэдийнэ намрын сэрүү орж, модны навчис, өвсний толгой шаргалтаад эхэлчихсэн. Хүйтэн, сэрүүний улирал эхлэхээр эцэг эхчүүд, багш нарын гол дайсан ханиад, томуу болдог. Яаж ч урьдчилсан сэргийлсэн, хамгаалсан өвлийг ханиадгүй давна гэж бараг л байхгүй. Өнөөдөр ч “Эх нялхас”-ын хүлээн авах хэсэгт амны хаалттай, хий, хуурай ханиалгасан хүүхдүүд их байна.
Энэ талаар Т.Болормаа “Манай улс хүйтэн сэрүүний томуугийн улиралтай. Томуугийн улирал хараахан эхлээгүй байна. Гэвч энэ жилийн тухайд Covid-19-ийн халдварын дараа томуу, томуу төст өвчний тохиолдол цар тахлын өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад харьцангуй өндөр түвшинд байна. Сургууль, цэцэрлэг эхлэхийн өмнө хүүхдүүд суурь эмгэг, бусад өвчнөө эмчлүүлэх зорилготой манай ачаалал нэмэгддэг. Ингээд есдүгээр сар гарахаар томуу, томуу төст өвчний өвчлөл ихэсдэг” хэмээн ярив.
Ачаалал нэмэгдэхийн хэрээр эмнэлгийн чадал, орны хүрэлцээ, эмч, эмнэлгийн ажилчдын хүрэлцээ яригдаж эхэлнэ. Дээр хэлсэнчлэн 92 жилийн түүхтэй эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв энэ жил л их засварт орж байгаа аж. Т.Болормаа захирлаас энэ талаар лавлахад "Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв нь байгуулагдсан цагаасаа урсгал засвараар өнгө орж байлаа. Тэгвэл энэ жил Монгол Улсын Засгийн газрын хөрөнгө оруулалтаар манай төвийн үндсэн блокууд дээр их засварын ажил хийж байна. Их засвар гэдэг нь тус төвийн шугам сүлжээ, цахилгаан хангамж гээд бүхий л зүйлсийг нь засч шинэчлэхээр ажиллаж байгаа гэж албаны хүн ярилаа. Манай мэс заслын таван тасаг байрладаг блокын засварын ажил өнгөрсөн долоо хоногт эхэлсэн" гэж хариуллаа.
Ийнхүү эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв төр засаг, хувь хүн, албан байгууллагуудын тусламжтай засвар шинэчлэл хийж, ирэх ханиад томуугийн улирлын бэлтгэл ажлаа базаасаар байна.
Холбоотой мэдээ