Үнийн өсөлт, иргэдийн амьжиргааны түвшин, өрхийн сарын дундаж орлого зэргээс харвал эдийн засаг цаашид ч хүндрэх эрсдэлтэйг иргэд хэлж буй. Тиймээс эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал ирэх саруудад хэрхэх талаар эдийн засагчдын байр суурийг тодрууллаа.
"МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ ГАДААД ОРЧНООС ИЛҮҮ ХАМААРАЛТАЙ БАЙГАА НЬ ГОЛ АСУУДАЛ"
Эдийн засагч Ж.ДЭЛГЭРСАЙХАН:
–Юуны өмнө Монгол Улсын эдийн засаг өнөөдөр ямар байгааг дүгнэх гэж оролдох нь зөв. Миний бодлоор Монгол Улсын эдийн засаг хямралын нөхцөл байдалд байна. Дотоодын нийт бүтээгдэхүүн гурван улирал хасах явсны эцэст эерэг тоонд шилжлээ. Хэдийгээр төсвийн орлого, гадаад худалдааны тэнцэл зэрэг цөөн макро үзүүлэлт эерэг байгаа ч үүний нөгөө талд үнийн өсөлт, валютын хомсдол, төлбөрийн тэнцэл, иргэдийн бодит орлогын бууралт зэрэг томоохон асуудлууд бидний өмнө байна. Мөн өрхийн орлогын бүтэц, орлого, зардлын харьцаа сөрөг хандлагыг зааж байна. Эдгээрийг дурдаж байгаа нь нөхцөл байдлыг сөргөөр харах гэсэнгүй. Цар тахал, дэлхийн улс төр, эдийн засгийн байдал, дотооддоо явуулж байгаа бодлого зэргээс шалтгаалж эдийн засаг ямар болчихсоныг бид бүхэлд нь харж дүгнэх шаардлагатай гэсэн санаа юм.
Цөөн эерэг үзүүлэлтийг харж сэтгэлээ хуурах нь алдаанд хүргэж болзошгүй.
Дээр дурдсан эдийн засгийн өсөлтөд шилжсэн байдал нь эдийн засгийн суурь өөрчлөлт гэж харахад хүндрэлтэй байгаа нь дотоодын нийт бүтээгдэхүүний өөрчлөлтийн задаргаанаас тодорхой. Тодруулбал, аж үйлдвэрийн салбар түүн дотор уул уурхайн салбар уналттай, хөдөө аж ахуй, үйлчилгээний салбарын эерэг өөрчлөлтөд суурилсан багахан өсөлт нь цар тахлын хязгаарлагдмал нөхцөл байдлын дараах динамик өөрчлөлт гэж харахаар байна.
Өнөөгийн Монгол Улсын эдийн засгийн бүтэц, чадамжид суурилан харвал гадаад орчноос илүү хамааралтай байгаа нь бидний гол асуудал.
Учир нь өнөөг хүртэл бидний бүтээсэн улс төр, эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал нь энэхүү томоохон хямралын эсрэг сөрөн зогсох дотоод нөөц бололцоо ихээхэн багатай. Иймээс дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал, ялангуяа өмнөд хөршийн эдийн засгийн байдалтай Монголын эдийн засгийн ойрын ирээдүйн хандлага ихээхэн хамаарна. Тухайлбал дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнэ, урд хөрштэй хийх худалдааны нөхцөл байдал, эрдсийн бүтээгдэхүүний гарцаас шууд шалтгаалах ийм л эдийн засаг гэсэн үг. Үүн дээр УИХ, Засгийн газар, Монголбанкны оролцоог оролцуулан тооцох шаардлагатай. Бид томоохон төслүүдийг хэрэгжүүлэх, төсвийн зөв бодлого, гадаад худалдааны нөхцөлийг сайжруулж чадах зүйлсийг хийж чадвал дээрх нөхцөл байдалд эерэг нөлөөлөх боломжтой.
Эдгээр гадаад дотоод хүчин зүйлс бидний талд байвал 2022 оны эдийн засаг бидний таамаглаж буй 2-3 хувийн түвшинд гарах бололцоотой.
-Иргэдийн аж амьдралд авч байгаа цалин нь хүрэлцэхгүй байна. Цаашид ч үнийн өсөлт үргэлжилбэл эдийн засаг хэр уналтад орох вэ?
-Чухамдаа энэ хямралын гол цохилт иргэд дээр хүндээр тусч байгаа. Үнийн өсөлт, эдийн засгийн уналт нь иргэдийн амьжиргаанд хүчтэй сөрөг нөлөөлж бодит орлогыг бууруулж байна. Хэдийгээр долдугаар сарын статистикаар инфляци бага зэрэг саарсан гэж гарсан боловч энэ нь суурь оны нөлөөлөл, иргэдийн худалдан авах чадвартай илүү холбоотой болов уу.
Үнийн өсөлт үргэлжлэх нь эдийн засгийн уналтаас илүү иргэдийн амьжиргаанд сөрөг нөлөөлөх байдал нь өндөр. Энэ нөлөөллөөс бий болсон доройтлоос гарахад хугацаа шаардлагатай.
Мөн халамжийн бодлого хязгаарлагдах, зээлийн эргэн төлөлтийг сэргээх зэрэг нь амьжиргаанд улам сөргөөр нөлөөлнө. Эдийн засгийн хувьд дээр дурдсан гадаад орчин сайжирвал сэргэх боломжтой. Тиймээс бидний ойрын томоохон сорилт нь иргэдийн амьжиргааг хамгаалах, орлогын доройтлыг багасгах.
-Арилжааны банкууд урт хугацаатай зээл олголтыг хязгаарласан нь зөв үү?
-Санхүүгийн зах зээлд нь эдийн засгийн нөхцөл байдлаас хамаарч түүнд нийцсэн хариу үйлдэлд суурилдаг. Иймээс хязгаарласан гэхээсээ илүү хязгаарлахаас өөр аргагүй нөхцөл байдалд орсон гэвэл арай илүү үнэнд нийцэх байх.
Макро эдийн засгийн байдал, бизнесийн орчин, иргэдийн амьжиргаа гээд бүх л нөхцөл байдал зээл олголтын эсрэг чиглэлд байна.
Энэ нь зээлийн эрсдэлийг нэмэгдүүлж байна гэсэн үг. Нөгөө талаар эх үүсвэрийн нөхцөл байдал ч таатай бус байна. Мөнгөний захын үзүүлэлтүүд болох мөнгөний нийлүүлэлт, хадгаламжийн статистик үүнийг харуулж байна. Иймээс эдийн засгийн нөхцөл байдал нь санхүүгийн зах зээлийг болгоомжлох, хязгаарлах нөхцөл байдалд орох суурь болсон. Иймд банкууд ч гэсэн өөрөө бизнесийн байгууллага тул томоохон эрсдэл бий болгохоос сэргийлж байна гэж би хувьдаа ойлгож байгаа. Энэ байдал нь эдийн засаг сэргэхийн хэрээр эргээд хэвийн болох боломжтой.
"ИМПОРТЫГ ОРЛОХ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭР ҮНИЙН ӨСӨЛТИЙГ ЗОГСООЖ, ЭДИЙН ЗАСГИЙГ СЭРГЭЭХ БОЛОМЖТОЙ"
Эдийн засагч С.БЯМБАХОРЛОО:
-Нөхцөл байдлыг харвал эдийн засагт таатай үзүүлэлт ховор. Нүүрсний экспорт зэргээс шалтгаалж төсвийн орлого бүрдэхгүй байх эрсдэлтэй. Хэрэв төсвийн орлого бүрдэхгүй бол цаашид зарцуулагдах ёстой төсөв хөрөнгө хумигдана гэсэн үг. Инфляци 15.7 хувьтай, бодлогын хүүг үе шаттайгаар нэмсэн ч гэсэн шууд нөлөөлөх үр дүн одоогоор гарах болоогүй. Бодлогын хүү гэдэг бол тодорхой хугацааны дараах нөлөөллийг бодолцож гаргадаг зүйл. Эдгээрээс харвал иргэд хадгаламжид 10-13 хувийн хүүтэй мөнгө хадгалах эсэх нь эргэлзээтэй болж ирж байна.
Дараагийн асуудал бол үнийн өсөлт. Үнийн өсөлт үргэлжилж байгаа нь хоёр шалтгаантай. Нэгдүгээрт, гадаад валютын хомсдол, хоёрдугаарт, иргэдийн сэтгэлзүй, хандлага ч гэсэн дасан зохицож байна.
Тиймээс аль болох эдийн засагт нөлөөлөх нөлөөллийг дэмжихийн тулд экспортыг дэмжсэн ажлуудыг хийх ёстой. Гадаад валютыг олох, эдийн засгийг солонгоруулах зэрэг арга хэмжээг авсан ч одоогоор бол үр дүн хараахан гараагүй байна. Тэгэхлээр импортыг орлох бүтээгдэхүүнээр үнийн өсөлтийг зогсоож, эдийн засгийг сэргээх боломжтой. Түүнээс импортыг орлох үйлдвэрлэлгүй, үргэлж гадаадаас хараат байвал үнийн өсөлт явагдсаар байх болно. Намрын улиралд бол ургац хураалттай холбоотой хүнсний ногоо, мах зэрэг харьцангуй хямд үнээр худалдаалагддаг. Тэгэхлээр 9-10 дугаар сард эдийн засагт эерэг тал гарах магадлалтай. Гэхдээ эргээд боловсрол, оюутнуудын сургалтын төлбөр, дэд бүтцийн асуудал, түгжрэл гээд хүндрэл бол их.
-Арилжааны банкууд зээл олголтыг тодорхой хэмжээнд хязгаарлаж байгааг та юу гэж харж байна?
-Хамгийн гол нь зээл санхүүжүүлэх эх үүсвэр байхгүй болчхоод байна гэж дүгнэж байна. Банкууд орон сууц, цалин зэрэг урт хугацаатай зээл олгох бололцоогүй нөхцөл байдалтай болсон. Нөгөө талаар дээр хэлсэнчлэн иргэд хадгаламжид мөнгө хийх нь багассан учир банк зээлийн эх үүсвэргүй болоход хүрээд байгаа. Хэрэв эдгээр сөрөг нөлөөллүүд даамжирвал цаашид эдийн засаг улам хүнд байдалд орж болзошгүй. Ер нь бол ирэх арваннэгдүгээр сараас эхлээд нөхцөл байдал улам хүндрэх эрсдэлтэй байна.
Холбоотой мэдээ