Монгол ардын намынхан эрх мэдлийн хуваарилал хийж эхэлсэнтэй холбоотойгоор улс төрийн нөхцөл байдал цаг минутаар өөрчлөгдөж эхлэв. МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Засгийн газрын бүтэцдээ өөрчлөлт оруулахаар тохиролцсон байсан улс төр МАН-ын бүлгийн хуралдааны дараа өөрчлөгдөв. Ингэхдээ УИХ-аас Үндсэн хуулийн Цэц рүү тайлбар хүссэн бичиг илгээхээр болж, Үндсэн хуулийн Цэцээс тайлбар хүлээхээр болов. Магадгүй эрх баригчдын тохиролцоо нь Үндсэн хуулийн Цэцээр “туг тахих” гэсэн байхыг үгүйсгэхгүй.
Үндсэн хуулийн 68 дугаа зүйлийн 1-т зааснаар “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилгыг хууль санаачлах эрх бүхий байгууллага, албан тушаалтан гаргах бөгөөд саналыг Үндсэн хуулийн Цэц УИХ-д өргөн мэдүүлж болно” гэх заалтыг хэрэгжүүлж магадгүй байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүд давхар дээл өмсөх гэлээ, эрх баригчид өөрсдөдөө зориулж Үндсэн хуульд гар дүрэх гэж байна гэсэн олны эсэргүүцлийг давахын тулд Үндсэн хуулийн 68.1 дэх заалтыг түүхэндээ анх удаа хэрэгжүүлж болзошгүй нь.
Үндсэн хууль: Жаран наймдугаар зүйл.
- 1.Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилгыг хууль санаачлах эрх бүхий байгууллага, албан тушаалтан гаргах бөгөөд саналыг Үндсэн хуулийн цэц Улсын Их Хуралд өргөн мэдүүлж болно.
- 2.Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Улсын Их Хурлын гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар ард нийтийн санал асуулга явуулж болно. Санал асуулгыг Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 16-д заасан үндэслэлийн дагуу явуулна.
Ийн таамаглахын учир Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдаанаар давхар дээлтэй холбоотой шийдвэр гаргасантай холбож тайлбарлаж болох юм. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудалд эрх баригчид маш болгоомжтой хандаж эхэлсэн. Анхнаасаа л эрх баригчдын хүслийг сөрөг хүчний гишүүд болох Т.Доржханд, Ш.Адьшаа, Н.Ганибал нар гүйцэтгэж эхэлсэн. Тэд давхар дээлийн асуудлаар Цэцэд гомдол гаргаж, удаан хугацаанд шийдвэр нь гаргахгүй явсаар сая Их суудлын хуралдаанаар эцэслэсэн. Ингэхдээ Үндсэн хуулийн 39.1.2 дахь Үндсэн хууль зөрчсөн гэсэн Их суудлын хуралдааны шийдвэр гарсан.
Үндсэн хууль: Гучин есдүгээр зүйл
- 1.Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно.
Их суудлын хуралдааны шийдвэр эцсийнх байдаг бөгөөд шийдвэр гарснаар УИХ холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах зохицуулалттай. Цэцийн ийн шийдвэртэйгээр холбоотой зарлагдсан ээлжит бус чуулган яагаад эргээд Цэцэд хандахаар болов. Бүлгийн хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн биеэр оролцсон. Харин дууссаны дараа МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Цэцийн шийдвэр эцсийнх ч гэсэн энэ шийдвэртэй холбогдуулж тайлбар, тодруулга авахаар болсон. Тиймээс Цэцэд тайлбар, тодруулга хүссэн бичиг хүргүүлэхээр болсон. Цэц бүрэн эрхийн хүрээнд асуудалд хандах болов уу. Цаашид бид Үндсэн хуулийн өөрчлөлтийг оруулахаас өөр аргагүйд хүрсэн. Үндсэн хуулийн өөрчлөлтийг УИХ-ын 57 гишүүний дэмжлэгээр батлах ёстой учраас Цэцийн тайлбар ирүүлсний дараа дахин бүлэг хэлэлцэнэ” гэсэн тайлбарыг өгсөн юм.
Ш.ЧИМЭГ