Хятадын эргийн хамгаалалтын хөлөг онгоц сүүлийн жилүүдэд Малайз, Индонезид харъяалагддаг Өмнөд Хятадын тэнгисийн маргаантай бүс нутагт удаа дараалан нэвтэрсэн. Тодруулбал, энэ нь Малайзын Сабах, Саравакийн эрэг орчим, Индонезийн Натуна арлуудын хойд хэсэг гэсэн үг юм. Эдгээр нь Хятадын хяналтын есөн шугамтай огтлолцдог. Хятадын хяналтын есөн шугам нь Өмнөд Хятадын тэнгисийн гурван сая хавтгай дөрвөлжин км талбайн 90 орчим хувийг эзэлдэг. Энэ шугамыг Хятадын зарим шинжээч далайн хил гэж үздэг аж.
Маргаантай бүс нутагт Хятадын эргийн хамгаалалтын хөлөг онгоц эрчимтэй нэвтрэх болсон нь эдийн засгийн хувьд ашигтай газрын тосны ордууд илэрсэнтэй холбоотой. Тодруулбал, 2011 онд Саравакийн эрэг орчмын төв Лукониа дахь Касаварид, 2014 онд Натунасын хойд хэсэгт байрлах Туна блокт газрын тосны ордууд тус тус илэрчээ. Малайз, Индонези улсуудыг тус бүс нутагт газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулахаа зогсоо гэж Хятад улс шаардаад байна.
Малайзын Хааны тэнгисийн цэргийн хүчин болон Индонезийн тэнгисийн цэргийн хүчин дор бүрнээ Хятадын эсрэг хариу арга хэмжээ авахаар хичээж буй. Тэд усан хил рүү нэвтэрч буй онгоцуудыг хүчээр гаргаж, сөргөлдөхийн оронд “сүүдэрлэх” арга хэмжээ авчээ. Энэ нь аливаа улсын нутаг дэвсгэр дэх тэнгисээр дамжин өнгөрч буй гадаадын хөлөг онгоцыг дагалдаж, ажиглах аргыг хэлдэг. Малайз, Индонези улсуудын хувьд Хятадын талаас эрсдэлийг тооцоолж буй нь энэ юм. Тэд Хятад улстай эдийн засгийн үр өгөөжтэй харилцаагаа хадгалахын тулд Бээжинд зохих улаан шугамын хүрээнд дайсагналаа илэрхийлэх боломжийг олгох хэрэгтэй гэж үзэж байна.
“Сүүдэрлэх” арга хэмжээг “The diplomat” цахим хуудас вальс бүжигтэй зүйрлэжээ. Төсөөлбөл, Хятадын эргийн хамгаалалтын хөлөг онгоцууд урагшлах үед нөгөө хоёр нь эсрэгээрээ ухрах юм.
Индонези, Малайзын баримталж буй зарчим тун энгийн. Индонезийн Батлан хамгаалах яамны стратегийн захирал хэлэхдээ “Нөхцөл байдлыг яаран хурцатгах хэрэггүй” гэжээ. Эндээс үзвэл Индонези, Малайзын хөлөг онгоц маргаантай бүс нутагт Хятадын хөлөгтэй шууд нүүр тулахгүй байх магадлалтай. Тиймээс хятадууд маргаантай бүс нутагт үлдэх боломжтой гэж “The diplomat” цахим хуудас бичжээ.
Гурван улс 2021 оны дунд үеэс эхлээд дөрвөн сарын турш газрын тосны цооногуудын эргэн тойронд энэ маягаар вальс эргэлджээ. Хамгийн анх Малайзын “Сапура энержи” компанийн эзэмшилд байдаг “Сапура 2000” хөлөг зургадугаар сарын 4-нд Касавари хийн талбайд ирснээр бүжиг эхэлж байв. Талбайн ажил арваннэгдүгээр сард дуусах хүртэл Малайзын тэнгисийн цэргийн хүчин Хятадын хөлгүүдийг сүүдэрлэсэн гэхэд болно. Зорилго нь Хятадын онгоцыг зогсоох бус аливаа болзошгүй тохиолдлын эсрэг аюулгүй байдлын арга хэмжээ аж.
Дээрхээс гадна 2021 оны есдүгээр сараас аравдугаар сар хүртэл Малайз улс “Сиакап хойд Петай” талбайд өрөмдлөг хийсэн. Энэ үеэр Хятадын тал Да Ян Хао нэртэй судалгааны хөлөг онгоцоо Сабах эргийн ойролцоох баруун Капеллад байршуулжээ. Да Ян Хао дангаараа яваагүй өөр хоёр ч онгоц дагалдаж явсан байна. Эдгээр нь “Yu318”, “CCG6307” гэсэн цэргийн хөлөг онгоц байсан. Цэргийн хөлөг онгоц дагалдаж явсан хэдий ч Малайзын тэнгисийн цэргийн хүчин ямар нэгэн хүчтэй хариу үйлдэл үзүүлээгүй.
Индонезийн тэнгисийн цэргийн хүчний “Noble Clyde Boudreaux” хөлөг зургадугаар сарын 30-нд Туна блокт өрөмдлөгөөр ирээд арваннэгдүгээр сарыг дуустал ажлаа үргэлжлүүлсэн. Энэ хугацаанд Хятадын эргийн хамгаалалтын хөлөг онгоцууд ээлжлэн сүүдэрлэж байв. Заримдаа Индонези, Хятадын хөлгүүд хоорондоо хоёр километр хүрэхгүй зайд ойртож байсан ч анхааруулах буудлага хийхээс татгалзсан.
ГУРВАЛСАН ВАЛЬСЫН ЦААДАХ ДАЛД БОДЛОГО
Малайз, Индонези улсуудад Хятадын тэнгисийн халдлагыг зохицуулах өөр сонголт бий. Гэвч энэ нь хууль эрхзүйн олон сорилттой тулгарах юм. Мөн гадны хүчнүүдээс туслалцаа авах шаардлагатай болно. Баруун Капелла бүсэд 2020 оны дөрөвдүгээр сард Хятад, Малайзын хүчин тулсан бөгөөд энэ үед Малайз улс АНУ, Австралийн оролцоог хориглосон байна. Хэрвээ асуудлын гол зангилаа Хятад, Малайз хоёрын эрх мэдлийн тэгш бус байдалд байсан бол Куала Лумпур гадаад улсуудын оролцоонд харин ч баярлах ёстой байсан болов уу. Гэтэл бусад улсын оролцоогүйгээр тайван замаар асуудлыг шийдвэрлэх гэсэн нь Бээжинг хамгаалах гэсэн дохио гэж үзэж байна.
Тус улсын хувьд 2009 онд ерөнхий сайд Нажиб Разаз албан тушаалаа хүлээж авснаас хойш далд тактик бий болсон. Гэвч тэр цагаас хойш хэрэгжиж буй арга хэмжээнүүд нь Өмнөд Хятадын тэнгис дэх хамгийн муу жишээ болж байна. Малайзын тэнгисийн цэргийн хүчний хязгаарлагдмал хүчин чадал, хилийн аюулгүй байдлыг хангах хөрөнгө оруулалтын хэмжээ зэргээс үзвэл Хятадын эсрэг тэнцвэртэй байна гэдэг бүтэхгүй санаа аж.
Индонези улс 2017 оноос далд бодлогоо хэрэгжүүлж, Хятадад илүү болгоомжтой хандаж эхэлсэн. Угтаа бол 2016 онд Хятадын хууль бус загас агнуурын хөлөг онгоцуудыг Индонези зогсоож байсан. Гэтэл дээрх хоёр үйлдэл нь хоорондоо зөрчилдөх болжээ. Хөрөнгө оруулалт, худалдаа, Covid-19-ийн вакцин нийлүүлэлт гээд олон чиглэлээр хоёр улс нягт хамтрах болсон тул Индонезийн эрх баригчдын Хятадад хандах хандлага өөрчлөгджээ. Тэд Хятадыг чухал түншээ гэж үзэн, илүү эерэг талаас нь харж эхэлсэн байна.
Үүний нэг илрэл нь Бээжин 2021 оны наймдугаар сараас есдүгээр сард судалгааны хөлөг онгоцоо маргаантай бүс рүү илгээхэд Индонези цэргийн онгоцоо дагалдуулахгүй байхыг зөвшөөрсөн явдал юм.
Малайз, Индонезийн улаан шугамыг Хятад зөрчвөл юу болох вэ? Тус хоёр улс хуулийн дагуу нэхэмжлэх гаргавал ямар ч асуудалгүй бөгөөд олон улс ч тэдний ард байх нь тодорхой. Гэсэн хэдий ч тэд Хятадтай харилцах харилцаандаа ихээхэн ач холбогдол өгч, Хятад ч сүүлийн жилүүдэд маш их хөрөнгө оруулалт цацжээ. Тиймээс харилцаагаа улайран сүйрүүлэхгүй байх нь ойлгомжтой болж байна. Малайз, Индонези хоёр бол Хятадын Ази дахь хамгийн найдвартай, нөлөө бүхий түншүүдэд тооцогддог.
Усан хилээс гадна агаарын хил зөрчиж байсан тохиолдол ч бий. Тухайлбал, 2021 оны дөрөвдүгээр сард Хятадын 16 онгоц зүүн Саравак мужийн ойролцоо маргаантай усан дээгүүр нисч, Малайзын улаан шугамыг зөрчиж байжээ. Энэ үед Малайзын Агаарын цэргийн хүчин дипломат эсэргүүцэл илэрхийлж, Хятадын Элчин сайдтай уулзаж байв. Хурцадмал байдал хөшигний ард эвтэйхэн шийдэгдсэн боловч Малайзын Хятадад хандах чиг баримжаа нь хуваагдмал хэвээр байгааг илэрхийлсэн явдал болжээ.
Эх сурвалж: THE DIPLOMAT, THE INTERPRETER
Холбоотой мэдээ