Эрдэнэбүрэнгийн УЦС-ийн төслийн талбайд бүтээн байгуулалтын ажил эхлээд байна

Хуучирсан мэдээ: 2022.08.22-нд нийтлэгдсэн

Эрдэнэбүрэнгийн УЦС-ийн төслийн талбайд бүтээн байгуулалтын ажил эхлээд байна

Эрдэнэбүрэнгийн УЦС-ийн төслийн Зохицуулагч Ч.Гантулга

  1. Эрдэнэбүрэнгийн УЦС-ийн төсөл эхэлсэн байна эхний шатны ажлын явц хэр явж байна вэ?

Эрдэнэбүрэнгийн УЦС-ийн төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан баталгаажсан ба уг тайлангаар төслийн нөлөөлөлд өртөж буй айл өрхийг 2022-2025 онд багтаан үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөсөн. Төслийн 2022 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу төслийн нөлөөллийн бүс буюу Увс аймгийн Өмнөговь сумын Улиаст багийн 40 айл өрх болон Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Цэцэгт, Шар Цэхээ багуудын 51 айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, нөхөх олговор олгох ажлын хүрээнд төсөл хэрэгжүүлэх нэгжээс 2022 оны 5,6 дугаар сард Увс аймгийн Өмнөговь сумын Улиаст багийн 40 айл өрх болон Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Цэцэгт, Шар Цэхээ багийн нөлөөлөлд өртөж буй айл өрх болон иргэдийн бүртгэлийг бүрчлэн БОННҮ-тэй тулган баталгаажуулах ажлыг хийсэн. Ингэснээр 2022 онд батлагдсан төсвийн хүрээнд эд хөрөнгийн нөхөн олговор олгох ажил болон нөхөх олговрын хэмжээг бодитойгоор шийдвэрлэх эрхзүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн шийдвэрээр нөлөөлөлд өртөж буй айл өрхийн иргэн бүрд олгох нэг удаагийн нөхөн төлбөр олгох ажлын бэлтгэл ажил хангагдаад байна. Нөлөөллийн бүсэд буй малчин айл өрхүүдийн амьжиргааг дордуулахгүйгээр хууль журмын дагуу нүүлгэн шилжүүлэлтийн ажлыг хийнэ.

  1. Эрдэнэбүрэнгийн УЦС-ийн төслийн барилгажих талбайд ямар ямар ажил эхлүүлээд байгаа вэ?

Эрдэнэбүрэнгийн УЦС төслийг цаг алдахгүй хэрэгжүүлэх шаардлагын улмаас гүйцэтгэгч компанитай харилцан тохиролцсоны дагуу барилгын бэлтгэл ажил хийгдэж эхлээд байна. Энэ хүрээнд нарийвчилсан зураг төслийг  боловсруулж экспертизээр баталгаажуулах зорилгоор төслийн гол барилга байгууламжийн талбайд өрөмдлөгийн ажил, төслийн талбарт ашиглалтын зам тавих, хөрсний чулуулгийн механик, физик шинж чанар, элс хайрганы чанарын тест, усан толионы судалгаа болон топографын зураг, усны чанарын шинжилгээ, ажиллагсдын кемп байгуулах зэрэг ажлуудыг 8,9 дүгээр сард хийж дуусгахаар ажиллаж байна. Энэхүү ажлыг эхлүүлснээр төслийн барилгын ажлын нарийвчилсан зургийг хийж дуусгаж Монгол Улсын холбогдох мэргэжлийн байгууллагуудаар зургийн магадлан хяналтын ажлуудыг хийлгэнэ. Гүйцэтгэгч Пауэр Чайна компанийн гол гол төсөл хариуцсан ажилчид, инженер, техникийн ажилчид төлөвлөгөөний дагуу эхний ээлжинд хийгдэх ажлууд эхэлж байгааг Эрдэнэбүрэнгийн УЦС-ийн ажил төлөвлөгөөний дагуу явж байна гэж ойлгож болно.

  1. БНХАУ-ын гадаад хэргийн сайдын айлчлалын үеэр Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн талаар яригдсан. БНХАУ-аас авах зээлийн санхүүжилтийн ажил ямар үе шатанд явж байгаа вэ?

Эрчим Хүчний яамнаас төслийн Тусгайлсан зээлийн хүсэлтийг уламжилж өгөхийг Сангийн яаманд 2022 оны нэгдүгээр сарын 17-ны өдрийн а/208 тоотоор хүргүүлсэн. Сангийн яамнаас Тусгайлсан зээлийн хүсэлтийг 2022 оны гуравдугаар сарын 02-ны өдөр БНХАУ-ын Эксим банканд хүргүүлсэн. Зээлийн хүсэлт явснаас хойш цаг алдалгүй Эрчим хүчний яам болон төсөл хэрэгжүүлэх нэгж болон бусад холбогдох газрууд ажлын хэсэг байгуулж БНХАУ-ын Эксим банктай 6 удаагийн цахим уулзалт хийж 26 асуудлын хүрээнд хоёр тал хэлэлцээр хийж Эксим банктай зээлийн санхүүжилтийг авахад шаардлагатай холбогдох нэмэлт бичиг баримтуудыг бүрдүүлж өгч дуусаад байна. Жишээ нь энэхүү асуудлууд дотор УЦС-ийн техникийн стандартуудыг БНХАУ-ын талтай шинэчлэн тогтох, нөлөөлөлд өртөх бүс дэх түүхийн үл хөдлөх дурсгалыг дахин нягтлан нарийвчилсан хайгуул, судалгааны ажлыг хийлгэж тоо ширхэгийг эцэслэж, Соёлын яам, ШУА-ийн Археологийн  хүрээлэнтэй хамтарч 2022-2024 онуудад авран хамгаалах ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулах төлөвлөгөө гаргаж, шаардагдах төсвийг шийдвэрлэх зэрэг ажлууд юм.

  1. Нүүлгэн шилжүүлэх ажил ямар шатанд явж байгаа вэ? Хүндрэлүүд гарч байна уу?

Монгол Улсын Засгийн газраас нөлөөлөлд өртөж буй айл өрхийн иргэн бүрд нэг удаагийн нөхөн төлбөр олгох асуудлыг бүрэн шийдэж 2022-2024 онд нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөг хэрэгжүүлж үе шаттайгаар зохион байгуулан ажиллаж байна. Мэдээж нүүлгэн шилжүүлэх ажилд хүндрэлүүд гарч байна. Үүнийг хүн бүр мэдэж байгаа ба энэ талаар болон эдгээр асуудлуудыг хэрхэн яаж шийдвэрлэж байгаа мэдээллийг аль болох нээлттэйгээр олон нийтэд хүргэн ажиллаж байгаа. Энэ хэмжээний нийгэмд үр ашгаа өгөх мега төслийг Засгийн газар иргэдтэйгээ хуулийн хүрээнд ойлголцож, асуудлуудыг шийдвэрлэж зохион байгуулалтын ажлуудыг хийж ажиллаж байна. Нийт нөлөөлөлд өртөж буй айлуудын иргэн бүрд нэг удаагийн нөхөн төлбөр олгох шийдвэр гарсны дагуу Баян-Өлгий, Увс, Ховд аймгуудын айлууд улс орны том бүтээн байгуулалтыг дэмжиж төлөвлөгөөний дагуу газрыг чөлөөлж өгөх тухайгаа ихэнх иргэд уулзалтын үеэр мэдэгдэж дэмжиж буйгаа илэрхийлсэн. Цөөн тооны иргэд буруу ташаа мэдээлэл тарааж, иргэдийн зохион байгуулалттай эсэргүүцэх, турхирах ажлуудыг хийж байгааг тухай бүр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдэгдэж байсан. Газрын тухай хуулийн 16.1.13-т Үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх газрыг улсын тусгай хэрэгцээнд авч стратегийн холбогдолтой дэд бүтцийн томоохон ажлууд хийгдэж байгаа. Эрчим хүчний яам болон төсөл хэрэгжүүлэх нэгжийн зүгээс зохион байгуулалтын ажлууд, тулгамдаж буй асуудлуудын талаар болон төсөлтэй холбогдон гарч буй шийдвэрийн талаар нээлттэйгээр тогтмол хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж ажиллаж байгаа. 90МВт-ын хүчин чадалтай Эрдэнэбүрэнгийн УЦС төслийн ажил төлөвлөсөн хуваарийн дагуу хэрэгжиж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж