Уул уурхай, хүнд үйлдвэр (УУХҮ)-ийн сайд Г.Ёндон энэ сарын 20-ны өдөр АИ95 автобензин болон дизель түлшний үнэ 300 төгрөгөөр буурах талаар мэдэгдсэн. Үүний дагуу шатахууны үнэ буурч, дизель түлш 3730-3890 төгрөгийн үнээр худалдаалагдаж буй билээ.
УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал хэлэхдээ "Дэлхийн зах зээл дээр түүхий газрын тосны үнэ буурсантай холбоотойгоор Монголд ч гэсэн АИ95 болон дизель түлшний үнэ литр тутамдаа 300 төгрөгөөр буураад байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд дэлхийн зах зээл дээр түүхий газрын тосны үнэ сар бүр өсөх үзүүлэлттэй байсан бол дэлхийн эдийн засгийн өсөлтийн удаашралтай холбоотойгоор анх удаа буюу сүүлийн сар уналт ажиглагдсан. Түлшний үнэ түүхэн үедээ 135 ам.долларт хүрч байсан бол өчигдрийн байдлаар 96 ам.доллар болж буурсан үзүүлэлттэй байна.
Харин АИ92 өргөн хэрэглээний авто бензиний хувьд ОХУ-ын "Роснефть" компанитай хийсэн хэлцлийн дагуу он дуустал бид ОХУ-аас нэг тонн бензинийг 830 ам.доллараар авч байна. Энэ хүрээнд 2390 гэсэн үнэ өөрчлөгдөөгүй хэвээр, он дуустал тогтвортой барина гэсэн хүлээлттэй байна.
Цаашид буюу дараа сард газрын тосны үнэ 100 ам.доллараас доогуур хэлбэлзсэн байдалтай хэвээр байвал одоогийн энэ үнэ ч буурах боломжтой гэсэн хүлээлт мөн байна. Хэдэн төгрөгөөр буурах нь тухайн үедээ тодорхой болох байх" гэв.
Г.ЁНДОН: ОЙРЫН ХУГАЦААНД "РОСНЕФТЬ" КОМПАНИТАЙ ХЭЛЦЭЛ ХИЙНЭ
ОХУ-ын "Роснефть" компаниас 2022 оны наймдугаар сард Монгол Улсад нийлүүлэгдэх А-80, Аи-95, Аи-98 автобензиний импортын хилийн үнэ тус бүр 18.1, 16.8, 16.2 хувиар, дизель түлш 17.4 хувиар тус бүр буураад буй. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон энэ талаар хэвлэлүүдэд мэдээлэл өгөхдөө "Улсын хэмжээнд шатахуун, түлшний 30 хоногоос дээш нөөцтэй байна. АИ-95, АИ-98 түлшний үнэ зах зээлийнхээ жамаар явдаг. Үүний дагуу гадаад зах зээл дээр гадаад улсуудын эдийн засгийн өсөлт буурсан болон зарим асуудалтай холбоотойгоор гадаад зах зээлд түлшний үнэ буурсан. Үүнтэй уялдуулаад Монгол орж ирж байгаа хил үнэ дээр өөрчлөлт гарсан тул энэ дагуу АИ-95 дизелийн үнэ буурсан. Өмнө нь гадаад зах зээлийн үнэ өсөхөд үнийг өсгөчихөөд, буухад нь манайд үнийг буулгадаггүй гэх иргэдийн гомдол байсан. Цаашдаа үнэ буувал буулгаад явна.
АИ-92 бензиний хувьд ОХУ-ын "Роснефть" компанитай хэлцэл хийсний үр дүнд долдугаар сараас 35.3 хувиар хямдруулж, 830 ам.долларын гэрээ хийж, он дуустал тогтворжуулах шийдвэр гарсан. Ойрын хугацаанд бид "Роснефть" компанитай хэлцэл хийж, цаашдаа ямар байдлаар явахаа ярилцана. Бид таван жилийн хугацаатай гэрээний дагуу явж байсан. Гадаад нөхцөл байдлаас үүдэн тэр үнийг барих боломжгүй болж, бид эдгээр арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн. Урт хугацаандаа бид нефть боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил, газрын тосны нөөц олборлолтыг нэмэгдүүлэх, нүүрснээс шатахуун гаргах төслүүдэд анхаарах шаардлагатай байна" гэв.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ