Монгол Улсад суугаа Тайванийн төлөөлөгчийн газар, "Ци Шин" сан болон "Хязгааргүй байгаль сан" ТББ хамтарч Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд усалгааны эко хувинг ашиглан мод тарив. Энэхүү үйл явдал нь Монголд анх удаа мод усалгааны эко хувинг нэвтрүүлж, мод суулгацын амьдрах чадварыг сайжруулж байгаагаараа ихээхэн онцлогтой аж.
Тус хувин нь дахин боловсруулсан цаасаар хийгдсэн бөгөөд хоёр долоо хоногоос нэг сарын хугацаанд суулгацыг тогтвортой усаар хангах бололцоотой.
Одоогийн байдлаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нийт 280 ширхэг усалгааны эко хувинд модны суулгацыг амжилттай суулгаад байна. Мөн хуурай гандуу бүс нутагт тэр дундаа Жин Мэнд ашиглаж байсан бөгөөд модны амьдрах чадварыг 10 хувиас 70 хүртэл хувиар амжилттай нэмэгдүүлж чадсан шалгаран технологи гэнэ. Хамгийн олзорхууштай нь энэхүү усалгааны хувин нь хөрсөнд шингэдэг төдийгүй тусгай утасны тусламжтайгаар усалгааг авдаг. Цаашдаа энэхүү эко хувинг ашиглан мод тарих ажил улам өргөжнө гэдэгт итгэж буйгаа зохион байгуулагч нар онцолсон юм.
Тайванийн Худалдаа, эдийн засгийн Улаанбааатар дахь Төлөөлөгчийн газрын төлөөлөгч Грэйс Ж.Р.Лөү:
-"Ци шин" сан бол Тайванийн далайн эргийн элсэрхэг нутаг бүсүүдэд мод тарьсан туршлагатай. Энэхүү бүс нутагт мод тарихад бэрхшээлтэй төдийгүй 10 модны нэг нь л амжилттай ургадаг байсан. "Ци шин" сан эко хувинг нэвтрүүлснээр модны ургацыг 70-95 хувь хүртэл сайжруулснаараа үнэхээр шалгарсан технологи юм. Өөрөөр хэлбэл 10 мод тарилаа гэхэд 7-8 нь ургадаг амжилт үзүүлсэн.
Энэ хувин нь цаасны целлюзыг ашиглан үйлдвэрлэдэг болохоор мод том болоод ургасанч гэсэн хувин нь үүргээ гүйцэтгээд хөрсөндөө шингэх явцдаа ашигтай үр шимийг модондоо өгсөөр байдаг. Энэ нь ус хэмнэсэн орчин үеийн эко систем юм.
Ирээдүйд хотын захиргаа болон байгаль орчны яамтай хамтран мод тарих ажлаа явуулах хүсэлтэй байгаа. Өнөөдөр үндэсний соёл амралтын хүрээлэнд 280 ширхэг эко хувины тусламжтайгаар мод тарилаа. Эхний ээлжинд туршилтын маягаар мод тарилаа. Цаашдаа говийн бүсүүдэд мод тарихад энэхүү эко хувинг ашиглах нь илүү үр дүнд хүрнэ гэдэгт итгэж байна.
Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Н.Мэндбаяр:
-Бидний мод тарьж байгаа энэ хэсэг гүүрний ажлаас болоод хамгийн өнгө үзэмж муутай хэсэг байсан учир эхний ээлжинд зүлэгжүүлсэн. Одоо энэ Тайванийн эко хувинтай суулгацыг суулгаж байгаад баяртай байна. Ингэснээр Улаанбаатар хотын оршин суугчдын хамгийн их зорчдог энэ хэсэгт, өндөр мод сүндэрлэсэн хамгийн таатай орчин бий болох боломжтой боллоо. Мэдээжийн хэрэг бидний хувьд хамгийн үнэтэй бэлэг бол манай талбайд мод тарих үйл явдал юм. Яагаад гэвэл мод тарих нь хүний сэтгэл зүйд эерэг нөлөө үзүүлж, агаар орчны олон талын ашиг тусыг бий болгодог.
Холбоотой мэдээ