Иргэн Б.Бат-Эрдэнэ өнөөдөр/2022.08.22/ 12 жилийн турш Монгол Улсын Дээд шүүхийн ургийн хонгилын хохирогч болсон талаараа мэдээлэл хийлээ. Тэрбээр 2008 онд иргэн н.Баянжаргалаас 543 м.кв газар болон тус газар байрлах 187 м.кв гаражийг 100 сая төгрөгөөр худалдан авчээ. Тус газар дээр нь бүртгэлийн албанаас өмчлөлийн ногоон гэрчилгээ, гаражан дээр нь өмчлөлийн улаан гэрчилгээ тус тус гарсан аж. Тухайн үед уг газар дээр мөн 86 м.кв жижиг байшин байсан гэнэ. Тэрхүү байшин нь Анод банканд хураагдаж, иргэн н.Дамба дуудлага худалдаагаар худалдан авч, эзэмшлээ болгожээ. Энэ үеэс л маргаан тасраагүй байна.
Иргэн Б.Бат-Эрдэнэ:
-Иргэн н.Дамба гэх хүн 2010 онд захиргааны шүүх дээр надад нэхэмжлэл гаргасан. Гурван шатны шүүхээр явж, дээд шүүхээс иргэн н.Дамбагийн талд шийдвэр гаргасан. Харин намайг бүртгэлийн албанаас хохирлоо төлүүлээрэй гэсэн. Ингээд би 2011 онд 543 м.кв газрын 86 м.кв-ыг нь хасаад үлдсэн 455 м.кв нь минийх гэж шүүхээр явсан. Шүүхээс ч миний талд шийдвэр гаргасан. Гэвч 2012 онд дахин шүүхээр явсан. Гурван шатны шүүх гурвуулаа 455 м.кв газар нь иргэн Б.Бат-Эрдэнийн өмч мөн гэсэн. Үүнээс хойш 12 жил өнгөрлөө. Би одоог хүртэл шүүхээс салаагүй л байна. Яагаад байнга ялтан шиг шүүхэд дуудагдаад байгаагаа ойлгоогүй. Ажлаа ч хийж чадахгүй, шүүхээс дуудаад дарамтлаад байна.
Ийнхүү явсаар эцэст нь 2016 онд н.Баяртогтох гэдэг хүн дахин түүн дээр нэхэмжлэл гаргажээ. Учир нь н.Дамба газраа н.Баяртогтоход зарж, асуудал дэгдээв. Түүний хэрэг Г.Мөнхтулга гэх шүүгч дээр ирсэн байжээ.
Иргэн Б.Бат-Эрдэнэ хэлэхдээ, "2010 онд манайх гурван шатны шүүхээр ялагдахад Г.Мөнхболд гэж шүүгч эсрэг талын өмгөөлөгчөөр ажиллаж байсан. Түүний аав нь 1999-2005 оны хооронд Монгол Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байсан Ч.Ганбат. Харин 2018 онд захиргааны хэргийн шүүх дээр намайг дуудсан шүүгч нь Ганбатын Мөнхтулга. Анх намайг ялсан Г.Мөнхболдын дүү гэсэн үг. Ах,дүү, аав гурвын талаар би олж мэдээд захиргааны хэргийн ерөнхий шүүгчид гомдол гаргасан. Ингэж болиулсан. Гэхдээ Г.Мөнхтулгын санаатай үйлдэл байхгүй болоогүй. Энэ хүн намайг шүүхийнхээ эрх мэдлээр ялж, нухчин дарах зорилготой байсан. Ингээд 2018 оноос хойш би захиргааны хэргийн шүүх дээр уяатай болчихсон. Энэ долоо хоногийн Пүрэв гаригт шүүх хурал зарлагдсан" гэв.
Үүн дээр нэг ноцтой асуудал үүссэн нь анх яригдаж 86 м.кв жижиг байшингийн хэмжээ 244 м.кв болоод гараад ирчихжээ. Шүүхийн шийдвэр, худалдаж авсан акт ч байхгүй байхад л гэнэт 244 м.кв талбай гараад ирсэн аж. Энэ талаар Б.Бат-Эрдэнэ судалж, явсаар Г.Мөнхболд, Г.Мөнхтулга нарын дүү Г.Мөнхсарнай нь улсын бүртгэгч гэдгийг олж мэдсэн гэнэ. Мөн шинээр нэхэмжлэл гаргасан н.Баяртогтохын эхнэр нь улсын бүртгэгч, төрсөн дүү нь Баянгол дүүргийн улсын архивч байсан аж.
Ингээд шүүх, улсын бүртгэлээр холбоо, сүлбээтэй хүмүүс иргэн Б.Бат-Эрдэнийн эзэмшилд үлдсэн 455 м.кв газрыг булаан авахаар шүүхээр дайраад байгаа гэжээ.
Б.Бат-Эрдэнэ 6-7 жилийн явсны эцэст 2018 онд газрын гэрчилгээгээ гаргуулан авчээ. Гэвч дээрх этгээдүүд 2011 онд Б.Бат-Эрдэнийн газрыг эзэмших гэрчилгээ авчихсан байв.
Тэрбээр энэ талаар ярихдаа “2010 онд шүүхийн шийдвэр гарсны дараа энэ хүмүүс 2011 онд манай газрын өөрсдийн нэр дээр авчихсан. Эрх дархтай, албан тушаалтай хүмүүсийн ажил нэг жилийн дотор бүтэж байх жишээтэй. Харин 6-7 жилийн явсны эцэст дөнгөж гэрчилгээ нь өмчлөлөөрөө биш эзэмшлээрээ гарч ирсэн. Надад ямар ч танил тал байхгүй. Би дээд шүүхийн, захиргааны хонгилоор чирүүлж, амьдралынхаа 12 жилээр хохирлоо. Надад хэцүү байна” гэлээ.
Түүнээс дараах асуултуудад тодорхой хариулт авсан юм.
-Та зохих хууль ёсны байгууллагуудад хандсан уу?
-Хүмүүсийн хэлснээр АТГ-д хандсан. Гэвч үүнийг нотлох баримтгүй, хэрэг биш байна гэж үзсэн. Шүүхийн ёс зүйн хороонд бас өргөдөл өгсөн. Хурал нь болсон гэсэн. Гэхдээ Г.Мөнхтулга шүүгч чиний хэрэг дээр ороод чамайг гомдоосон зүйл алга гэсэн. Одоо олигтой үр дүнд хүрээгүй учир ард түмэндээ хандаж байна. Шүүх ямар засаглалтай, улсын бүртгэл хэрхэн ажиллаж байгааг ард түмэндээ харуулж, дэмжлэг туслалцаа хүсч байна. Албан тушаалтан, шүүгч, бүртгэлийнхэн хүний хохироож байна. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Хууль зүйн сайдад би өргөдөл өгье гэж бодож байгаа.
-Г.Мөнхболд, Г.Мөнхтулга, Г.Мөнхсарнай, н.Баяртогтох зэрэг хүмүүс хуйвалдан таны газрыг авах гээд байна гэж ойлгож болох уу?
-Сайн мэдэхгүй байна. Гэхдээ анх гэнэт н.Дамба гэх хүн нэхэмжлэл бичээд гараад ирсэн. Шүүхийн талаар ямар ч мэдлэггүй би анхны шүүх хуралдаа ээжийгээ төлүүлэн оролцуулаад ялагдсан. Би тухайн үед Бээжинд оюутан байлаа. Тэр үед Г.Мөнхболд надтай уулзахдаа “Чи наад газраасаа зайл. Наад газар дээр чинь чиний гэх юу ч үлдээгүй” гэсэн. Мөнгөө төлөөд авчихсан газар, үл хөдлөхөө ингээд л алдлаа гэж маш их гомдсон. Гэтэл сүүлд нь Г.Мөнхтулга, Г.Мөнхболд нарын харилцааг мэдэж авсан. Дараа нь Г.Мөнхсарнай гэж дүү нь гараад ирсэн. Сүүлд н.Баяртогтох гээд намайг барьж идчих гээд байдаг залуу гарч ирсэн. Эхнэр, дүү нь мөн л улсын бүртгэлд ажилладаг. Ингээд бүгд нийлчихсэн над руу дайраад байна. Захиргааны хэргээс иргэний хэрэг дахиад захиргааны хэрэг гээд намайг залхаан цээрлүүлэх гэж байна. Гэм хор хийгээгүй, шударгаар өмчтэй болсон иргэнийг шүүх, улсын бүртгэл залхаан цээрлүүлж, газрыг нь булаах гэж байна.
-Одоо таны бусад газрыг булаан авахаар шүүхдээд явж байна гэсэн үг үү?
–Би анх хотын төвд байшин, барилга баръя гэсэн төлөвлөгөөтэй байсан. Одоогоос 14 жилийн өмнө худалдаж авсан. Энэ газрын 86 м.кв дээр нурж унах гэж байгаа нэг байшин байгаа. Тэр нь одоо гэнэт 244 м.кв болчихсон. Улсын бүртгэлийн луйврын аргаар ийм болсон. Одоо миний эзэмшилд байгаа 455 м.кв газрын минь 244 м.кв газрыг нь салгаж авахаар явж байна.
-Танд тохиролцох санал тавьсан уу? Газраа хэдээр үнэлсэн бэ?
-Мөнгөөр тохиролцъё гэсэн санал тавьсан. Гэхдээ дандаа газраа өндрөөр үнэлсэн. Би 50 саяар тохиролцъё гэсэн чинь 100 сая төгрөг нэхсэн. Үүнээс доош ярихгүй, шүүхээр учраа олъё л гэж байна.
Холбоотой мэдээ