Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2022.08.22/ боллоо. Зөвлөгөөний үеэр анхаарал хандуулсан нэгэн асуудал нь цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг даалгаврын биелэлт байлаа. Энэ талаар Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “Нийслэл Улаанбаатар хотод цэцэрлэгийн насны 144 мянган хүүхэд бий. Тэднээс 100,067 хүүхдийн цэцэрлэгийн бүртгэл баталгаажсан. Нийслэлийн хэмжээнд 30461 хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломжоор хангаад байна. Үлдсэн 7130 орчим хүүхдийг энэ ондоо багтааж бүрэн цэцэрлэгт хамруулна. Зарим цэцэрлэгийн барилга есдүгээр сарын 1-ээс өмнө ашиглалтад орж амжихааргүй байгаагаас ийн хойшилж байгаа юм. Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс түрээс болон худалдан авах ажиллагаа үргэлжилж байна.
Сургуулиудын хувьд гурван ээлжээр хичээллэж болзошгүй 41 сургууль бий. Бид 14 сургуульд нэмэлт зохицуулалт хийж байна. Зохицуулалтын хүчинд дээрх сургуулиуд гурван ээлжээр хичээллэх шаардлагагүй болно” гэв.
51 ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД ЦАХИМ ШИЛЖИЛТ ХИЙНЭ
Нийслэлийн төрийн үйлчилгээнд мэдээллийн технологийн шийдлүүдийг ашиглан, иргэдэд ойр, таатай, ухаалаг хотыг бий болгох зорилтын хүрээнд “Нэг тархи-нэгдсэн систем” төслийг эхлүүлсэн. Төслийн хүрээнд ухаалаг нийтийн тээвэр, ухаалаг зогсоол, ухаалаг худаг, шатлал бүрийн эмнэлгийн үйл ажиллагааг цахимжуулах, хэсгийн ахлагчийн нэгдсэн систем, онлайн бизнес төв, зам тээврийн ухаалаг систем, гэрлэн дохио, авто замын хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн систем зэрэг нийт 19 төрлийн төсөл, арга хэмжээг үндэсний технологийн компаниуд болон монгол инженерүүд боловсруулж байгаа билээ. Энэ тухайд Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр, "Төрийн үйлчилгээг цахимд шилжүүлэх ажлын хүрээнд дүүргүүдээс олгодог болон архи, тамхи борлуулах тусгай зөвшөөрлийг цахимжуулна. Нийтийн тээвэр, боловсролын салбарт олон талт ажлууд хийгдэж байна. Нийслэлийн хэмжээний 151 өрхийн эрүүл мэндийн төвд цахим шилжилт хийгдэнэ. Авто замын хөдөлгөөний ачаалал,зам тээврийн систем дээр хийж буй ажлууд дарааллын дагуу явагдаж байгаа. УБЗАА-тай холбоотой тусгай зөвшөөрөл, архи тамхины худалдаа болон дүүргүүдээс иргэдэд үзүүлдэг бүхий л үйлчилгээг аравдугаар сарын 15 гэхэд цахимжуулж дуусгана. Түүний дагуу хяналт шалгалтыг ч мөн цахим хэлбэрт шилжүүлэх юм" гэлээ.
НАЙМДУГААР САРЫН 27, 28-ААС ЭХЛЭН АВТОМАШИНЫ ТЭГШ СОНДГОЙГООР ЯВУУЛНА
Цаг үеийн тулгамдсан асуудалтай холбоотой онцлог ажлуудыг Нийслэлийн Засаг дарга тодруулан асуулаа.
Замын хөдөлгөөний удирдлагын төв НӨҮГ-ын дарга С.Адъяасүрэн:
-Замын хөдөлгөөний эрчим наймдугаар сарын 10-аас нэмэгдэж эхэлсэн. Нийслэлд орж ирж буй машины тоо хотоос гарч байгаагаас өндөр байна. Жилийн өмнө 418 мянган авто машин хөдөлгөөнд оролцож байсан бол энэ жилийн дундаж өсөлтөөс анзаарахад оргил үедээ 443 мянган авто машин хөдөлгөөнд оролцохоор байна.
Тиймээс наймдугаар сарын 27, 28-аас эхлэн долоо хоногийн хугацаанд автомашинуудыг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оруулах саналыг гаргасан.
Эс тэгвээс түгжрэл өндөр байх магадлалтай юм. Хэрэв тэгш сондгойгоор зорчуулбал хөдөлгөөний эрчим 40 орчим хувиар буурна. Түүнчлэн авто замын нэгдүгээр эгнээний камеруудыг суурилуулж байна. Одоогоор 15 камер шинээр суурилуулсан бөгөөд бусдыг нь хуваарийн дагуу суурилуулж дуусгана гэлээ.
Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын дэд дарга, хурандаа Б.Батболд:
-Улаанбаатар хотын гудамж замд хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэж байгаагаас 440 алба хаагч ээлжээр ажиллаж байна. Сургууль, цэцэрлэг эхлэхтэй холбоотойгоор явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах чиглэлд анхаарч байна. Хүүхэд багачууд болон хөдөө орон нутгаас ирж буй шинэхэн оюутнуудад замын хөдөлгөөнд зөв, соёлтой оролцох, дадал суулгах чиглэлийн сургалтыг зохион байгуулахаар төлөвлөсөн. Хотын хэмжээнд шинээр тавигдсан замуудад хөдөлгөөний урсгал хурдацтай байгаа ч зарим авто замд хийж буй замын засвараас шалтгаалан замын хөдөлгөөн саарч байгаа. Ялангуяа Улсын цирк орчимд зам эвдрэлтэй байна гэлээ.
АМБУЛАТОРИЙН ҮЗЛЭГИЙН 5.8 ХУВИЙГ ТОМУУ,ТОМУУ ТӨСТ ӨВЧИН ЭЗЭЛЖ БАЙНА
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж:
-Нийслэлийн хэмжээнд нийт амбулаторийн үзлэг 63-85 мянга орчим байна. Үүний 5.8 хувийг томуу,томуу төст өвчин эзэлдэг. Наймдугаар сарын эхний гурван долоо хоногт томуугийн өвчлөл буурч байна. Нийслэлийн түргэн тусламжийн төв хоногт 7500-8600 дуудлагын дагуу ажилладаг. Дуудлагын 11.2 хувь нь томуу, томуу төст өвчний дуудлага байна. Улаанбаатар хотын хэмжээнд вирусын эсрэг эмийн нөөц 172-300 хоногийн нөөцтэй байна гэв.
Эрүүл мэндийн салбарын байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл 82 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд Жаргалант тосгоны эрүүл мэндийн төвийн дээврийг засах шаардлагатай байгааг мөн үеэр дуулгалаа.
Д.НАМУУНЦЭЦЭГ