Б.Энх-Амгалан Дарханы замын асуудлаас "бултав"

Хуучирсан мэдээ: 2022.08.22-нд нийтлэгдсэн

Б.Энх-Амгалан Дарханы замын асуудлаас "бултав"

Б.Энх-Амгалан Дарханы замын асуудлаас "бултав"
Авлигатай тэмцэх газрынхан таван жил гацсан Дарханы замын тендер шалгаруулалтыг нарийн шалгаж эхэлсэн. Тодруулбал, Авлигатай тэмцэх газраас Зам тээвэр хөгжлийн яаманд нэгжлэг хийж, тус замын тендертэй холбоотой хэд хэдэн албан тушаалтныг шалгаж байгаагаа мэдээлсэн юм. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мөн “Дарханы замын асуудлыг шалгана, нэг цент ч дутаахгүй зарцуулсан мөнгөний хойноос явна” гэдгээ илэрхийлсэн.
Тэгвэл өнөөдөр /2022.08.22/Зам, тээврийн хөгжлийн сайд асан Б.Энх-Амгалан сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө "Авлигатай тэмцэх газраас хэнийг шалгаж байгаа эсэхийг авсан нь зүйтэй. Одоогоор надаас мэдээлэл авч, асууж тодруулж, шалгасан зүйл алга. Би Дарханы замын асуудлаар олон удаа мэдээлэл өгсөн. Тийм учраас өгсөн мэдээлэл, ярилцлагууд пэйж дээр байгаа. Бүх юмны учир олдож, үнэн нь тайлагдах байх. Хэрэгтэй гэвэл миний өрөө тасалгааг үзнэ л биз. Би бүх материалаа тарааж өгөхөд бэлэн. Ер нь буруутныг шалгаж тогтоох ёстой. Тийм учраас нэгжлэг хийлгэх хэрэгтэй.
Өнгөрсөн 2018 оны есдүгээр сард Дарханы замын бүтээн байгуулалтын гэрээ хийсэн. Тэр үед би Зам, тээврийн хөгжлийн сайд байгаагүй.
Өнгөрсөн 2019 оны долдугаар сард тендерийн шалгаруултад орсон. Тендерийн комиссыг томилох ажлыг одоогийн Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа хүн хийсэн. Азийн хөгжлийн банкны олон улсад төсөл хөтөлбөр шалгаруулдаг журам бий. Тэр журмын дагуу шалгаруулсан. Түүний дагуу Хятадын компаниуд орсон. Босго өндөр учраас Монголын компаниуд орох ямар ч боломжгүй байсан. Харин энэ дээр асуудал гарсан гэж үзэж байвал тухайн тендерт оролцсон хүмүүс, компаниудыг хуулийн байгууллага шалгаж тогтоох байх. Зарим нэг нь ажлаа өгөөд шалгуулаад явсан тохиолдол байдаг. Тэр нь шүүхээр шийдэгдсэн эсэхийг хэлж мэдэхгүй байна. Тангараг өргөсөн төрийн албан хаач нар учраас тэр хүмүүсээс нөхцөл байдал юу болсныг сайн асуух ёстой. Мөн Хятадын компаниудыг ч бас шалгах ёстой. Хуулийн байгууллагад хүндэтгэлтэй хандаж өөрийн зүгээс шаардлагатай мэдээллүүдийг өгнө. Айж ичих зүйл алга" гэдэг хариултыг өгөв.
Эргэн сануулахад, одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа Б.Энх-Амгалантай өөрийн биеэр очиж, 2019 оны зургадугаар сарын 18-нд Дарханы замын бүтээн байгуулалтыг нээж, үг хэлж байсан юм.

Ерөнхий сайдаас үүрэг болгосны дагуу Дарханы замын тендер сонгон шалгаруулалтад оролцсон эрх бүхий албан тушаалтнуудыг шалгаж эхэлсэн бөгөөд албан бус мэдээллээр Дарханы замын тендерийг хариуцаж байсан УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, тус яамны дарга Х.Оргил-Эрдэнэ нарыг шалгаж буй гэх мэдээлэл цацагдсан.

Товчхон дурдвал анх Засгийн газрын шийдвэр гарч, тухайн үеийн Зам тээврийн сайд Д.Ганбатын үед Дархан-Улаанбаатарын замыг дөрвөн эгнээтэй болгож, шинэчлэх ажил эхэлж байв.

Түүнээс хойш таван ч сайдын нүүр үзэв. Тодруулбал, Дархан-Улаанбаатарын замын ажлын Ж.Бат-Эрдэнэ, Я.Содбаатар, Б.Энх-Амгалан, Л.Халтар нар хариуцаж байв.

Удтал дуншсан тус замын бүтээн байгуулалт 2023 оны аравдугаар сард нэг мөр дуусч, Монголчууд удаан хүлээсэн дөрвөн эгнээ замаараа зорчино гэж одоогийн сайд, Засгийн газар амлаад буй. Өнгөрсөн зургадугаар сард Ерөнхий сайд Дарханы замын бүтээн байгуулалттай танилцах үеэр Дарханы замыг гацаагчдыг АТГ-аар шалгуулна гэж мэдэгдсэн. Түүний үг биелэлээ олж, тендер зарласан хүмүүсийг шалгаж эхэлсэн нь энэ. Шалтгаан нь “цаасан дээрх компани” сонгон шалгаруулсан дарга, удирдлага, сайд нарыг эхнээс нь шалгаж, хариуцлага тооцно гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж