Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Б.Эрдэнэхуяг нь Хөвсгөл аймагт хуваарилагдан ирсэн нэг тэрбум төгрөгийг завшсан хэргийг шүүхэд шилжүүлжээ. Тодруулбал, тэрээр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын зөвшөөрөлгүйгээр өөрийн хамаарал бүхий аж ахуйн нэгжид зээл олгож, давуу байдал бий болгож, улсад их хэмжээний хохирол учруулсан аж. Төсвийн мөнгөнөөс ийнхүү завшсан гэх түүний хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан төсөв захирагч төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах замаар хөрөнгө завшиж хохирол учруулсан. Энэ гэмт хэргийн улмаас их хэмжээний хохирол учирсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх хуулийн заалттай юм.
- Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Говийн ирээдүй” цогцолбор сургуулийн захирал "М" нь албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан албаны эрх ашгийн эсрэг ашиглаж хийх ёсгүй үйлдэл хийж өөртөө давуу байдал бий болгосон гэх;
- “Г” нь Дундговь аймгийн Луус сумын Төрийн банкны тооцооны төвийн захирлаар ажиллах хугацаандаа иргэдийн хуурамч бичиг баримт ашиглаж, зохиомол байдлыг бий болгох, бодит байдлыг нуух замаар албан тушаалын байдлаа хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёсгүй үйлдлийг хийж, эрх мэдлээ хэтрүүлэн 13 харилцагч иргэний нэр дээр зээл авч 225.906.474 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэх;
- ИНЕГ-ын харьяа Сэргээн засах амралтын газрын захирал “А” нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хохирол учруулсан гэх;
- Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албаны Зөрчил шалган шийдвэрлэх хэлтсийн албан тушаалтан хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх;
- “М” нь Орхон аймгийн Эрүүл мэндийн газрын даргаар ажиллаж байх хугацаандаа албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, өөртөө давуу байдал бий болгосон гэх;
- “Б” нь Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн даргаар ажиллаж байхдаа бусдаас хахууль авсан гэх;