Р.Ичинхорлоо: Нэг насаа шүүхдээ зориулж дээ

Хуучирсан мэдээ: 2022.08.22-нд нийтлэгдсэн

Р.Ичинхорлоо: Нэг насаа шүүхдээ зориулж дээ

Р.Ичинхорлоо: Нэг насаа шүүхдээ зориулж дээ

Эвлэрүүлэн зуучлалын Р.Ичинхорлоо гэхээр түүнийг шүүхийнхэн андахгүй. Тэрээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн Иргэдийн төлөөлөгч, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хариуцсан референтээр ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан. Шүүхэд анх эвлэрүүлэн зуучлалыг хэрхэн нэвтрүүлж байсан талаар болон шүүхийн байгууллагад ажилласан 40-өөд жилийнх нь дурсамжаас хуваалцлаа.

-Та шүүхийн байгууллагад хэдэн жил ажилласан бэ?

-Шүүхийн захиргааны байгууллагад 39 жил ажиллаад хуульд заасны дагуу өндөр насныхаа тэтгэвэрт энэ жил гарлаа. Анх 1982 онд ажилчны районы ардын шүүхэд зарлага хийж байлаа. Тэр үед төрийн албаны мерит зарчим гэдэг чинь яг л үйлчилдэг байж. Зарлага хийж байгаад дараа нь бичээч тэгээд шүүхийн нарийн бичгийн дарга болж байсан. Сүхбаатар дүүргийн шүүхэд нарийн бичгийн дарга, туслах шүүгчээр 20 жил ажиллаж байтал Улсын дээд шүүхийн дарга Ч.Ганбат шүүхэд олон жил ажилласан хүмүүсийг цуглуулаад шалгалт авсан шалгалтдаа тэнцээд УДШ-ийн Иргэний шүүн таслах ажиллагаа хариуцсан шинжээчээр ажилд авсан. Ингээд Улсын дээд шүүхэд ажиллаж байгаад 2005 оноос Шүүхийн ерөнхий зөвлөлд ажилласан.

Анх орохдоо бас л нөгөө төрийн албаны мерит зарчмаар зааварлагч, ахлах зааварлагч, ахлах мэргэжилтэн, референт гээд шатлан дэвшсэн. Тухайн үед Шүүхийн ерөнхий зөвлөл 14 гишүүнтэй байсан.  Шүүхээс 7, шүүхийн бус 7 гишүүнтэй, ажлын албаны 18 ажилтантай, маш их ачаалалтай ажилладаг байлаа. Нэг хүн нэгээс таван хүний ажил хийдэг, маш эрч, хүчтэй байж, одоо бодоход бас залуу л байсан байх. 2012 онд Шүүхийн тухай багц хууль батлагдаад, би шүүхийн иргэдийн төлөөлөгч, эвлэрүүлэн зуучлал хариуцсан референтээр ажиллаж байгаад тэтгэвэртээ гарч байна.

-Хүмүүс шүүх гэхээр өндөр төсөвтэй, хангамж сайтай гэж боддог. Гэтэл шүүхийн төсөв хүрэлцдэггүй, захиргааны ажилтнуудын цалин бага, цаг наргүй маш их ажилтай байдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй байх?

-Шүүх, шүүхийн захиргааны байгууллагын ажилтнууд цаг наргүй, маш их ажилтай байдаг. Би гэхэд гурван шүүгчийн нарийн бичгээр ажилладаг байлаа. Гурван шүүгч гурвуулаа эрүү, иргэний хэрэг давхар шийддэг. Эрүүгийн хэрэг гэдэг чинь хорихоос дуудна, ялах дүгнэлт аваачиж өгнө. Тэгээд алга болсон шүүгдэгчийг эрэн сурвалжлах ажилд бүтэн сайн өдөр явж ажиллана. Ажил тараад долоон цагаас хойш л арай гэж хүмүүс яваад шүүх нам гүм болно. Тэр үед л туслах, нарийн бичгийн дарга нарын ажил эхэлдэг байсан. Хүүхдүүдээ шүүхийнхээ ойр цэцэрлэгт өгчихсөн. Ажил тармагц хүүхдүүдээ шүүх дээрээ авчраад шөнө дунд болтол ажиллана. Манай жижүүр эрүүгийн зааландаа сонин дэвсээд хүүхдүүдийг унтуулчихдаг байсан шүү дээ. Нөгөөдүүл чинь хувцастайгаа, бүр хамаг хөлс нь гоожчихсон унтаж байдаг. Ажлаа дуусаад шөнө дөлөөр хүүхдүүдээ үүрээд харьцгаадаг. Тэр үед такси гэж байсан биш. Мэдээж бид нар цалин бага байсан болохоор сүүлчийн автобусанд амжиж суугаад гэртээ харьдаг байлаа. Одоо бол тухайн үеийг бодвол ачаалал арай багассан. Гэхдээ л шөнө дөл болтол ажил дээрээ суух бол хэвээрээ л байгаа. Шүүхийн захиргааны ажил барагддаггүй,  ёстой байнгын л ажилтай. Шүүхээс ямар л эрхийн акт гарч байна тэр бүхний гүйцэтгэлийг шүүгчийн туслах, нарийн бичгийн дарга нар л хийж байна шүү дээ. Шүүх хурал олон цагаар үргэлжилдэг. Шүүх хуралдааны тэмдэглэлийг хэдэн ботиор нь гараараа бичнэ. Иргэний бүртгэлийн дэвтэр, эрүүгийн бүртгэлийн дэвтрийг бас гараар хөтөлнө. Маш их ажиллагаатай байсан.

Гэхдээ хүн ажил хийх тусам бие чангараад ажиллах хүсэл зорилго ундарч байдаг юм болов уу л гэж боддог. Ер нь бол ажиллая гэсэн чин хүсэл зорилго л байсан байх л гэж боддог. Тэр үед нарийн бичгийн дарга 145 төгрөгийн цалин авдаг, шүүгч 700 төгрөгийн цалинтай байсан. Тэгээд нэг нэгнээсээ гурван төгрөг таван төгрөг зээлдэг тэгээд л тэрийгээ цалин буухаар буцааж өгдөг. Байнга ийм ачаалалтай ажилладаг болохоор ар гэрийн бүх л асуудлаа нөхөртөө даатгаад үлдээдэг байж. Мэдээж хүний амьдрал чинь зөндөө л юм тохиолдоно. Өвчин, зовлон гээд. Тэр болгонд үүртэж түүртэхгүй, тэр зовлонгоо ярихгүй, ажлаа л хийдэг. Ганц би биш шүүхийнхэн ингэж л ажилладаг байсан. Одоо техникийн дэвшлээр ажил арай хөнгөвчлөгдсөн ч ажлын ачаалал бол буураагүй. Маш их хөдөлмөрлөж байна шүү дээ. Шүүхэд ажилладаг хэн ажил багатай байгаа юм бэ. Бүгд л маш их ачаалалтай ажилладаг. Шүүгч ч ялгаагүй. Бүгд л хуульд заасан ажил үүргээ гүйцэтгэх гээд л мэрийж явна шүү дээ.

-Шүүхэд ажиллах, шүүхийн захиргааны төв байгууллагад ажиллах юугаараа ялгаатай вэ?

-Олон жил шүүхийн захиргаанд ажилласны хувьд шүүх шийдвэр гаргахаас бусад ажиллагааг шүүгчийн туслах, нарийн бичгийн дарга нар хийдэг гэж боддог. Шүүхийн ерөнхий зөвлөл дээр бас л ялгаагүй гүйцэтгэлийг захиргааны ажилтан л хийдэг. Хууль батлагдлаа. Хуульд нийцүүлж дүрэм, журам боловсруулах ажлыг захиргааны ажилтан боловсруулж гүйцэтгэдэг. Батлахаас бусдыг нь л хийдэг. Тэгэхээр гүйцэтгэлийг нь захиргааны ажилтан хийдэг юм байна гэж би ойлгосон шүү дээ. Миний ойлголт буруу ч байж болно. Шүүхийн тухай багц хууль 2012 онд батлагдахад дөчин хэдэн журам бид нар хоёр жил боловсруулсан. Тэгээд хэрэгжээд явангуут 2021 оноос Шүүхийн тухай хууль шинэчлэгдлээ. Тэгэхээр энэ олон дүрэм журмыг хуульд нийцүүлж, шинэчилж батлууллаа. Одоо батлагдах 50 гаруй дүрэм, журам хүлээгдэж байна. Тэрийг шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын алба дахиад л боловсруулж байна. Шүүхийн ерөнхий зөвлөлд ажиллаж байгаа захиргааны ажилтнууд дүрэм, журам боловсруулаад мэргэшиж байна.Тэгэхээр энэ бол захиргааны ажилтныг үнэлэх бас нэг үнэлэмж юм байна гэж бодож байгаа.  Цагаан цаасан дээр а үсэг тавьж, тэр журмыг эхлүүлнэ гэдэг бол маш том ажил, хэдийгээр бид батлахгүй ч гэсэн.

-Шүүхэд маш удаан ажилласан байж та яагаад шүүгч болоогүй юм бэ?

-Миний ээж дөчин жил шүүгч хийж байгаад тэтгэвэртээ гарсан. Намайг хүүхэд байхад ээж маш их ажилтай. Ээжтэйгээ уулзаж юм ярья гэхээр л би унтсан байдаг. Өглөө эрт бас л унтаж байхад ажилдаа явсан байдаг.  Шүүхийн ажил их. Тэгээд л уулзаж чадахгүй. Тэгээд хүүхэд байхаасаа л шүүгч болоод хэрэггүй юм байна, миний хүүхдүүд ч ялгаагүй ээжийгээ хүлээгээд над шиг ээжтэйгээ ярих гэсэн юмаа ярьж чадахгүй гээд боддог байсан. Шүүгч болоод хэрэггүй, ерөөсөө л зүгээр хуульч болъё л гэж бодож байсан. Би 1982 онд нийслэлийн 33 дугаар сургуулийг төгсөөд Багшийн дээд сургуулийн хуваарь аваад тэндээ шалгалт өгч тэнцсэн. Тухайн үед манай төгсөлтөд хуулийн ангийн ганцхан хуваарь ирээд би авч чадаагүй. Тэгээд за ерөөсөө л хуульч болъё л гэж бодож байсан болохоор багшийн сургуулийн хувиараа болиод Ажилчны районы шүүхэд зарлагаар орсон. Шүүхийн ажил гэдэг чинь маш хүнд ажил. Ар гэртээ цаг гаргах боломж гарахгүй. Тэгэхээр шүүхийн ажилтнуудын ар гэрийнхэн бол маш мундаг хүмүүс байдаг. Эхнэрээ, ээжийгээ аавыгаа ойлгож, ажлыг нь тайван хийлгүүлж байна шүү дээ.

-Шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагааг Монголд нутагшуулахад таны үүрэг оролцоо их байсан. Бараг л өөрийнхөө үр хүүхэд шиг анхаарч, өсгөж өндийлгөсөөр өдий зэрэгт хүргэлээ шүү дээ?

-За ийм гоё асуулт асуусанд баярлалаа. Хар багаасаа л шүүхдээ өөрийгөө зориулчихсан, би чинь нэг мундаг хүн гээд л өөрийгөө бодож явсаар байгаад нэг насаа шүүхдээ зориулж дээ.

Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль 2012 онд батлагдахад Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг надад “Хууль батлагдлаа. Энэ ажлыг хэнд хариуцуулах вэ гэж би их бодсон. Чи иргэний эрхээр улсын дээд шүүхэд бэлтгэгдсэн, чиний өөрийн байгаа байдал, зан төлөв ч энэ хуулийг хэрэгжүүлэхэд маш их ач холбогдол өгнө. Шүүхэд би олон жил боллоо, олон жил дарга хийлээ. Тэгэхэд энэ хууль батлагдаасай гэж хэлж байсан. Энэ хуулийн хэрэгжилтийг чи хариуцан ажиллаж чадна аа гэж хэлсэнд нь би их баярлаж их хүч авч энэ хуулийн хэрэгжилтийг 9 жил хариуцан ажилласан. Энэ хууль маань Монгол Улсад нутагшиж чадсан гэж хэлэхэд баяртай байна. Манай Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн дарга Д.Тунгалаг шүүгч сайхан тайван хүн. Эвлэрүүлэн зуучлал яаж явагддаг юм бэ гэдэг талаар бид нарт төсөөлөл байгаагүй. Тэгээд бид 2013 онд Японд Жайкагийн шугамаар сургалтад суугаад маш их зүйлийг мэдэж авсан. Японд эвлэрүүлэн  зуучлал хөгжөөд 90 жил болчихсон байсан сургалтад сууж их зүйлийг сурсан.

-Өнгөрсөн хугацаанд та хэчнээн сургалт зохион байгуулж, эвлэрүүлэн зуучлагчийг бэлтгэв. Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хэчнээн хэрэг маргааныг эвлэрүүлж, шүүхийн ачааллыг хэдэн хувь бууруулсан байна вэ?  

Хүний хийж чадсан юмыг сурвалжлагч хүн асууна гэдэг чинь маш гоё байдаг юм байна. Би урьд нь ингэж ярилцлага өгч байсан биш. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа 2013 оны хоёрдугаар сарын 4-нд эхэлсэн. Тэр цагаас хойш есөн жил өнгөрч. Энэ хугацаанд эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөл байгуулагдаад, хуульд заасан чиг үүргийнхээ дагуу бэлтгэх сургалтыг маш олон удаа хийсэн. Нийтдээ бид нар Монгол Улсад 1882 эвлэрүүлэн зуучлагчийг бэлтгэж. Үүнээс шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаар 44 хүн ажиллаж байна. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш 9 жилийн хугацаанд 114 мянган өргөдөл хүлээн авч, 88 мянган хэрэг маргааныг амжилттай шийдвэрлэсэн. Амжилттай шийдвэрлэсэн нь 78 хувьтай. Шүүхийн ачааллыг 24,9 хувиар бууруулсан. Хэрэв Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль хэрэгжээгүй бол энэ ачаалал шүүхэд ирэх байсан нь ойлгомжтой. Тэгэхээр энэ хуулийн ач холбогдол маш их. Шүүх шийдвэр гаргахад талуудын нэг нь баярлаж, нөгөө нь гомддог. Харин эвлэрүүлэн зуучлал болохоор талууд сууж байгаад хоорондоо эвтэй найртай асуудлаа өөрсдөө ямар ч гомдол саналгүй шийдвэрлэнэ гэдэг маш чухал ач холбогдолтой. Манайд л шинэ болохоос биш дэлхий нийт эвлэрүүлэн зуучлалаар хэрэг, маргааныг шийддэг жишиг рүү явж байна шүү дээ. Японд гэхэд 90 жил, Австралид 70 жилийн эвлэрүүлэн зуучлалын туршлага байна.

-Та шүүхэд 39 жил ажиллалаа. Энэ хугацаанд удирдлагууд, төр засгаас таныг хэрхэн үнэлэв. Ямар гавьяа шагнал авч байсан бэ?

-Үнэлэлгүй яах вэ. Төр намайг үнэлсэн. Би хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одон, хамгийн сүүлд 2018 онд л Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон авсан. Миний олон жил сэтгэлээ гаргаж, уйгагүй ажилласныг удирдлагууд болон төр засаг үнэлсэн гэж боддог.

-Таныг гавьяаныхаа амралтад гарахад хамт олон нь үдэж өгсөн байх. Эдгээр өдрүүдэд ер нь юу бодогдож байсан бэ?

-Мэдээж хүн өөрийнхөө нас байдлыг хараад дотроо нэг юм бодно. Би хоёр жилийн өмнө тэтгэвэртээ сууя гэж өргөдөл өгсөн юм. Удирдлагуудын зүгээс таны орны хүнийг олоход хэцүү, та хэсэгтээ ажиллаж бай гээд.  Тэрнээс хойш би хоёр жил ажиллачихлаа. Тэгээд энэ жил бол бараг нууж байгаад өргөдлөө бичиг хэрэгт өгчихсөн. Тэгээд ажлаа өглөө. Ажлаа өгөөд гэрт суусан чинь өглөө босоод ажилдаа явмаар ч юм шиг болдог юм байна. Би чинь 40 жил өглөө цүнхээ аваад л гарч байсан хүн шүү дээ. Тэгээд нэг өдөр больчихоор эвгүй байдаг юм байна. Хүний амьдралын нэг цаг үе ингээд дуусчхаж байна шүү дээ. Тэгэхээр дараагийн нэг үе эхэллээ. Би наян нас хүрлээ гэж бодоход надад одоо хорин жил байна. Ажлаа өгөөд тэтгэвэртээ гарна гээд хөөрөөд байсан хүн чинь үлдсэн 20 жил юу хийх ёстой, ямар байх ёстой юм, яах юм бэ гэдгийг бодож, төлөвлөж эхэлдэг юм байна. Бид амьдралын нэг давлагаанаас нөгөө давалгаанд орж байгаа юм байна гэж бодлоо. Тэгэхээр ер нь хамгийн сайхан нас гэдэг чинь ерөөсөө л жараас өмнөх юм байна шүү. /инээв/

-Таны ээж шүүгч байсан. Та өөрөө шүүхийн байгууллагад насаараа ажилласан. Шүүгч мэргэжлийн онцлогийг, жаргал зовлонг хамгийн сайн мэдэх хүний хувьд та энэ мэргэжлийн талаар маш оновчтой дүгнэлт хэлэх байх?

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар сууж байхад  зарим хүнийг харахаар үнэхээр өрөвдмөөр, өөрийн эрхгүй амьдралаасаа болоод хэрэг хийсэн ч юм уу, ямар нэгэн болчимгүй юмнаас болоод хэрэгт холбогдчихсон. Ахуй амьдрал нь хүнд хэцүү харагдана шүү дээ. Тэгэхээр би энэ хүнийг яаж шийтгэх бол гээд өрөвдөнө. Шүүгч хуулийг хэрэглэж чадаад, хүний эрхийг дээдэлсэн шүүхийн шийдвэр гаргахаар маш их баярладаг байсан. Өөрийн эрхгүй л ямар чадалтай шүүгч вэ гэж бодоод хүндлэх сэтгэл төрдөг. Шүүгч бол гаднаас нь харахад хатуу ширүүн мэт байвч, цаанаа хүний эрхийг зөрчихгүй байхын тулд мэргэжил боловсролоо байнга дээшлүүлдэг, хүний төлөө үйлчилдэг. Манай ээж сургуулиа төгсөөд Булган аймгийн шүүхэд анх ажилласан юм билээ. Тэгсэн эрүүгийн хэрэгт шүүгдэгч нь ээжтэйгээ хоёулхнаа амьдардаг. Хүү нь ял аваад явахад настай ээж нь буцах зардалгүй гээд шүүхийн коридорт сууж байсан гэсэн. Манай ээж гурван зуун төгрөг, замын зардал өгөөд нутагтаа очоорой гээд явуулахад шүүхийнх нь дарга “Цэрэндуламаа чи шинэхэн шүүгч, чи өөрөө хэдэн төгрөгийн цалинтай билээ. Хүн болгонд ингээд өгөөд байвал манай шүүхийн төсөв ч яваад өгнө дөө. Тэгэхээр бид нарын хайрлах сэтгэл дотроо шүү” гэж загнасан гэсэн. Тэгээд л тэрнээс хойш ер нь би хүн хайрлах ёстой юм байна. Хайрлахдаа хуулийг зөв хэрэглэж, яавал тэр хүнд аврал, энэрэл байна. Хуулиа хэрэглэж сурвал тэр хүнд өгч байгаа сэтгэл юм байна аа гэж ойлгосон гэж ярьдаг. Яавал энэ хүний эрхийг зөрчихгүй байх вэ, яавал энэ хүнийг зөв замд нь оруулах вэ гэж өдөр тутам бодож байдаг хүн бол шүүгч. Хүний амьдрал богинохон шүү дээ, хүн хүнээ хайрлаж л байх хэрэгтэй.

-Та олон шүүгчийн удирдлагад ажиллаж байсан байх. Манай энэ л нэг ясны сайн шүүгч дээ гэж бодогдох хүн байсан уу?

-Байлгүй яах вэ. Олон сайхан шүүгчтэй ажиллаж байсан. Гэхдээ ямар сайхан хүн байгаа вэ гээд сэтгэлд дурсагдаад үлдсэн гэвэл Сүхбаатар дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч асан  Д.Дамдиндорж. Бурхан болсон л доо, хөөрхий. Өөрөө шүүхэд захиргааны ажилтнаар ажиллаад бүхий л ажлыг нь хийж үзсэн болохоор ч тэр үү шүүхийн захиргааны ажилтнуудаа маш их хайрладаг, дэмждэг, маш сайхан зөвлөдөг хүн байсан. Та нар ажлаа сайн хийхийн хажуугаар сурч боловсрох хэрэгтэй, хувийн амьдрал, ахуйгаа дээшлүүлэх боломжийг алдаж болохгүй гэнэ. Бидэнд амралтын өрөө хүртэл гаргаж өгч байсан.  Тэгэхээр цайны цагаараа сайхан амарч ав гээд нөхцөл боломжоор хангаж өгч байсан. Одоо ингээд бодоход хүнийг хайрласан хүн л хүний сэтгэлд үлддэг юм байна шүү дээ.

Төрийн албан хаагч тэр тусам шүүхийн захиргааны албан хаагч байх нь хэр хариуцлагатай, чухал ажил юм бэ?

-Маш хариуцлагатай чухал ажил. Яагаад гэвэл хууль, дүрэм, журмын бүх гүйцэтгэлийг нь захиргааны ажилтан хийдэг. Хэрэв гүйцэтгэлийн бодлогыг анхнаас нь буруу тооцсоноос хэн нэгэн хохирвол яах вэ. Жишээлбэл сая Шүүхийн тухай хуульд өөрчлөлт орсон. Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч заавал эрх зүйч мэргэжилтэй байна гээд тодорхой заасан. Энэ  заалтыг хуульд тусгахаас хоёр жилийн өмнөөс шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч нараа бэлтгэж эхэлсэн. Эрх зүйч байх шаардлага хуульд тавигдана шүү, суралцаарай гээд. Үүний үр дүнд шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас нэг ч хүн хохироогүй. Бодлого хэрэгжүүлж байгаа захиргааны ажилтан мэдлэг чадвартай байхаас гадна хүнийг хайрлах сэтгэлтэй байх их чухал. Хүнийг хайрлаж, хүний төлөө хийсэн юм болгон л хэрэгжихэд, амархан, төвөг саадгүй байдаг.

-Таны хийхээр зорьж байгаад дутуу орхисон ямар ажлууд байна. Ажлаа авсан хүнд юуг захиж үлдээв?  

-Олон жилийн өмнөөс гэр бүлийн хэрэг маргааныг дагнан шийддэг шүүхтэй болохоор ярьсан. Үүнд ч бэлтгээд туршилтын журмаар Баянзүрх, Чингэлтэйн шүүхэд зохион байгуулалтын хуваарь гаргаад шүүгч нар зөвлөгөөн дээрээ ярьж байгаад гурван шүүгчийг гэр бүлийн хэрэг маргаан дагнан шийддэг болгосон юм. Гэр бүлийн хэрэг маргааныг шүүхээр шийдвэрлэхэд сэтгэл зүйч ажиллах зайлшгүй шаардлага гарч анх удаа Монголын шүүхэд анх удаа сэтгэл зүйчийн орон тоог бий болгосон. Цаашид бусад улс орны туршлагаас авахыг нь аваад улам сайжруулах ёстой. Үүний тулд Гэр бүлийн тухай хууль, Эвлэрүүлэн зуучлах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай. Харамсалтай нь одоо хүртэл хэлэлцэгдэхгүй л байна. Гэр бүлийн шүүх байгуулах тухай хууль бас яригдахаа больчихлоо. Тэгээд энэ ажил зогсчихсон.

Яагаад гэр бүлийн дагнасан шүүх байх ёстой вэ гэхээр жилд 10 мянган хүүхэд өнчирч байна. Эцэг эх нь нас бараад улсын асрамжид очдог, зарим нь эцэг эх нь салаад аль нэгнийх нь асран хамгаалалтад үлддэг. Хүүхэд гэдэг чинь бид нарын хойч үе. Тэгэхээр улс орон гэр бүл ялангуяа хүүхдүүдийн ирээдүйн төлөө гэр бүлийн шүүхийг байгуулах маш чухал. Гэр бүл бол нийгмийн үндэс салаа мөчир, тэгэхээр Япон улсын туршлагаас харахад маш их ач холбогдол өгч, гэр бүлийн шүүхийг дагнан байгуулдаг юм байна. Тэнд нь сэтгэл судлаач, шинжээч, шүүгч, эвлэрүүлэн зуучлагч ажиллаад асуудлыг маш нухацтай авч үзэж шийдвэрлэж байна. Тэгэхээр би юу хэлэх гээд байна вэ гэхээр цаашид энэ асуудалд төр засаг анхаараасай, Шүүхийн ерөнхий зөвлөл анхаарлаа хандуулаасай гэж хүсэж байгаа юм.

Өөр нэг зүйл байгаа нь эвлэрүүлэн зуучлах ажиллагааны тэмдэгтийн хураамж 30 мянган төгрөг байдаг. Үүнийг ялгамжтай тогтоох ёстой юм билээ. Долоо, найман тэрбум төгрөгийн маргааныг эвлэрүүлсэн ч улсад тэмдэгтийн хураамж 30 мянган төгрөг л хуулиараа төлж байгаа. Гэхдээ бид бас эх оронч байх ёстой. Хэрвээ шүүхийн журмаар маргаанаа шийдүүлсэн бол улсын тэмдэгтийн хураамж дор хаяж хорь гучин сая төгрөг төлнө.  Одоо бол эвлэрүүлэн зуучлал бат суурьтай болчихсон, иргэд ойлгож ханддаг болсон. Тэгэхээр улсын тэмдэгтийн хураамжийг ялгамжтай тогтоох ёстой юм байна гэдэг нь бас харагдаж байна. Шүүх бас улсын төсөвт орлого оруулдаг шүү дээ. Энэ ч үүднээс ялгамжтай байвал зүгээр санагдсан.

-Одоо бол зөвхөн иргэний хэрэг, маргаан дээр эвлэрүүлэн зуучлал хийгдэж байгаа. Цаашид эрүүгийн болон захиргааны хэрэг маргааныг эвлэрүүлэн зуучлалаар шийдвэрлэх боломжтой юу?

-Захиргааны шүүх дээр эвлэрүүлэн зуучлалыг хэрэглэхэд боломжтой гэж үздэг. Гэхдээ иргэний хэргийн эвлэрүүлэн зуучлалаас шат дараалал нь өөр журмаар явах юм. Захиргааны хэргийн тухай иргэд биш шүүгч нь талууд эвлэрэх боломжтой юм байна гэж үзвэл эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд шилжүүлээд хэргийг түдгэлзүүлээд, талууд эвлэрчих юм бол эвлэрлийн гэрээг шүүгч баталгаажуулах боломж харагддаг.

-Танай хүүхдүүдээс таны мэргэжлийг өвлөж эрх зүйч болсон уу?

Миний том охин Москвад эрх зүйч мэргэжлээр төгсөж ирээд Улсын дээд шүүхэд хэсэг ажиллаж үзсэн юм. Тэгээд шүүгч бол 45 наснаас дээш насны хүн л хийхээр ажил юм байна. Залуу туршлагагүй хүн хүний амьдралыг буруу шийдвэл яана. Нас бас хүнд маш их төлөвшил өгдөг юм байна гэдэг. Одоо өмгөөлөгчөөр ажиллаж байгаа.

-Дөрвөн үеийн эрх зүйчид байх нь. Таны өвөө, эмээг бас эрх зүйч мэргэжилтэй байсан гэж дуулсан?

-Тийм ээ. Манай өвөө, ээж, би миний охин гэхээр дөрвөн үеийн эрх зүйчид байна. Шүүх маш сахилга батын байгууллага. Эрх зүйч, мэргэжил гэдэг чинь хувь хүндээ ч, амьдралдаа ч гэсэн маш хэрэгтэй мэргэжил. Би энэ мэргэжлээ сонгосондоо баярладаг.

-Шүүхэд ажилладаг, ажиллахаар хүсэлтэй залуучууд их байгаа. Тэдэнд хандаж захиж хэлмээр юу байна вэ?

-Шүүхэд ажиллаж байгаа маш олон залуучууд байна. Өөрийгөө нэгдүгээрт тавилгүй зүгээр хичээж л ажиллах ёстой гэдгийг захиж хэлмээр байна. Миний үед шүүхийн босго өндөр, тэр ч утгаараа ажил нь үнэ цэнтэй, хүмүүс нь маш тогтвор суурьшилтай байлаа. Одоо намхан болчихжээ гэж би ойлгоод байгаа юм. Тухайн үед дуртай нэг нь шууд томилогдоод ирдэггүй, шатлан дэвшиж байж, дарга болдог байлаа.Захиргааны ажилтнаа үнэлэх гэдгийг би гавьяа шагнал өг гээд байгаа юм биш. Зүгээр л урам зориг, ажиллах итгэл найдвар өг гээд байгаа юм. Наад зах нь сайн ажиллаж байгаа шүү гээд хэлчихэд л маш их урам авна.  Миний үеийн дарга нар чинь өөрөө шатлан дэвшсэн, бүх ажлыг хийж үзсэн, зовлонг нь мэддэгийн хэрээр захиргааны ажилтнуудаа хайрладаг байсан. Удирдах арга ухаан, дарга байх ухаан гэдэг бол том шинжлэх ухаан. Тэр ч утгаараа ажилтнуудаа ойлгож, үнэлдэг байсан болохоор би энэ олон жил ажилласан юм болов уу гэж боддог.

-Ярилцсанд баярлалаа.

Г.Буянхишиг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж