М.Уянга: Түрээсээ нэг өглөө 80 хувь нэмсэн шигээ улсад татвараа 80 хувь нэмж төлдөг үү? 

Хуучирсан мэдээ: 2022.08.22-нд нийтлэгдсэн

М.Уянга: Түрээсээ нэг өглөө 80 хувь нэмсэн шигээ улсад татвараа 80 хувь нэмж төлдөг үү? 

М.Уянга: Түрээсээ нэг өглөө 80 хувь нэмсэн шигээ улсад татвараа 80 хувь нэмж төлдөг үү? 

“1000 нэрийн барааны дэлгүүр” гэвэл Улаанбаатарынхан андахгүй. Тэгвэл тус дэлгүүр түрээсийн төлбөрөө 80 хувь нэмж, түрээслэгчдийн заримынх нь гэрээг сунгахгүй гэж гэнэт хөөжээ. Цар тахлын улмаас хоёр жил, Хятадын тал хилээ хааснаас үүдэж мөн хагас жил үйл ажиллагаа явуулж чадаагүй бизнес эрхлэгчдэд энэ нь хүнд цохилт, дарамт болж буйг түрээслэгчид ярьж байна. Энэ асуудлаар бизнес эрхлэгчдийн төлөөлөл М.Уянгатай ярилцлаа.


-“1000 нэрийн барааны дэлгүүр” талбайн түрээсээ 80 хувь нэмсэн. Тус шийдвэрээ түрээслүүлэгчдэд хэрхэн тайлбарласан бэ. Уг шийдвэр өөрт тань хэр тусч байна?

-Би худалдаа, жижиг дунд бизнес эрхлээд долоон жил болж байна.Энэ хугацаанд үйл ажиллагаа маань зугуухан өргөжиж, тогтвортой явагдаж ирсэн. Харин цар тахлаас шалтгаалж өнгөрөгч хоёр жил гаран үнэхээр хүнд цаг үеийг тууллаа. Дотоодод ковид бүртгэгдээгүй байхад бүтэн жил хөл хорио тогтоосон нь маш их алдагдалд оруулсан. Дараа жил нь дотоодод алдчихлаа гээд залгуулаад л хатуу хөл хорио тогтоочихсон. Тэр нь намжив уу гэтэл хятадууд хилээ хаалаа гээд захиалсан бараа орж ирэхгүй, эргэлтийн хөрөнгө түгжигдэж, каргоны зардал 3-4 дахин нэмэгдсэн. Саяхнаас арай гайгүй болж, өр зээлээ төлж, амьсгаа авахтайгаа болж байтал манай түрээслүүлэгч “1000” нэрийн дэлгүүр буюу Чандлан ХХК-иас “Түрээсийн талбайгаа суллаж өг. Бид хувь эзэмшигчийнхээ хүнд түрээслүүлэх болсон. Эрх мэдлийнхээ хүрээнд танайхыг гаргана” гэж гэрээний хугацаа дуусахаас өмнө нэг бичиг өгөөд манайхыг хөөсөн. Бусад түрээслэгчдэд төлбөрөө 80 хувь нэмлээ гэдэг бичиг өгсөн байна лээ. Ингээд нэг л өглөө ажилгүй болчихлоо. Одоогоор 200 сая төгрөгийн зээл аваад бараа татчихсан, нөгөөх маань олон даваа даваад захаасаа ирж байдаг. Одоо тал нь дэлгүүрт задлаагүй хураалттай, үлдсэн хэсэг нь хэзээ ирэх нь тодорхойгүй хил гааль дээр хүлээгдэж байна. Манайх Чандлан ХХК-иас гурван талбай сарын 6 сая 800 мянган төгрөгөөр түрээсэлдэг, цар тахал, хил гааль гээд 2 жил гаруйн хугацаанд тогтмол орлогогүй хэр нь бодоод үзэхэд нийт 180 сая төгрөг төлсөн байна. За яахав болно, бүтнэ гээд шүд зуугаад, ирээдүйдээ итгээд, түрээсийнхээ төлбөрийг шаардсан үед нь төлөөд явсан. Анх энэ талбайнуудыг авахад засвар тохижилт, гэрэлтүүлэг хийж, өөрийнхөө хэмжээнд маркетинг хийж байнгын тогтмол үйлчлүүлэгчтэй болж, ажил амьдрал, байр орон сууц гээд бүх юмаа үүндээ нийцүүлж зохицуулж, дасч, банк санхүүгийн байгууллагаас ч манайхыг борлуулалт сайтай, тогтмол үйл ажиллагаатай гэдэг үнэлгээ авч бизнесийн зээл авдаг болж эхэлж байтал тэнгэр ниргэв үү гэлтэй ийм аймшигтай нөхцөл байдалд уналаа. Энэ тухай Гүйцэтгэх захирал Балдангийн Золбоо гэж хүнд учирлаж, гуйж хэлсэн. Манайх бол 80 хувь нэмэгдсэн үнээр нь ч хамаагүй түрээслээд явахад асуудалгүй, өөр гарч байгаа хүмүүсийн талбайд ч хамаагүй оръё, яагаад энэ олон түрээслэгчдээс манайхыг онцолж хөөж байгаа юм бэ гэж асуухад ямар ч тайлбар хэлэхгүй, зүгээр л гар, чамд тайлбар хэлэх албагүй, чи яасан олон үгтэй юм гэж загнасан. Хэрэв миний зүгээс асуудал гаргаж байсан бол захирал хүн байна даа өмнө нь дуудаж ярилцаж болох байсан гэж бодох юм. Ерөөсөө анх удаа нүүр нүүрээ хараад уулзаж байгаа уулзалт нь намайг хөөж туух уулзалт байсан нь гомдмоор. 7 жил хамтарч ажилласан, түрээс төлсөн харилцагчдаа ингэж хандаж болох уу, бизнесийн соёлын хувьд ч тэр. Үнэхээр ийм муухай хүний мөсгүй, хүйтэн цэвдэг, ганц миний биш, энэ бизнесээр амьдралаа залгуулдаг олон хүний амьдралыг огт бодохгүй, ядарсан хүмүүст дээрэлхүү, харгис хандаж байгаад голдоо ортол гомдож байна.

-Түрээсийн гэрээ байгуулахдаа гэрээнд заасан хугацаанаас өмнө гаргасан бол ямар үүрэг хүлээх талаар тусгаагүй хэрэг үү?

-Түрээслэгчийг хамгаалсан эрх зүйн орчин дутмаг байдгийг би өөрийн биеэр мэдэж авлаа. 8, 9 сар бол хичээл сургууль эхэлнэ гээд хамгийн борлуулалт сайтай үе. Ийм үед хугацаа нь дуусах байдлаар гэрээгээ бэлдсэн байдаг. Тэгээд энэ хугацаа дуусах үеэр хүссэн тоогоо хэлж түрээсээ нэмдэг. Ид сайн зарагддаг үе учраас хүмүүс аргагүйн эрхэнд хүлээн зөвшөөрч шинэ үнээр гэрээгээ байгуулдаг. Хараад байхад манай жижиг худалдаа, үйлчилгээ эрхлэгчид өөрийнхөө орлого, зарлага хэдийнэ ашигтай яваад байгаагаа ч сайн тооцож чаддаггүй байх. Тэгж яваад сүүлдээ болохоо байгаад дампуураад гардаг. Дараагийн хүмүүс нь орж ирэхдээ бас л нөгөө тулгаж өгсөн гэрээг нь байгуулдаг. Гарын үсэг зураад түрээсэлбэл түрээсэл, түрээслэхгүй бол дараагийн хүн орох гээд байна гэх сүрдүүлэг, шахалт дор л гэрээ хийгдэнэ шүү дээ. Бизнесээ өндийлгөх гээд чармайж гүйж байгаа хүн итгэлцэл гэх хоосон зүйлд найдаад гэрээгээ байгуулна. Ер нь “түрээслэхээ больчих” гэдэг дарамт дор л үйл ажиллагаагаа явуулдаг. Жишээ нь, саяхан 80 хувиар нэмэгдүүлэхдээ ч бас энэ үгээ хэлсэн байна лээ. “Зөвшөөрөхгүй бол гар. Ажилгүйчүүдийн эгнээнд орох үгүй чинь бидэнд хамаагүй” гэнэ.Ажлын орчин, хөдөлмөрийн нөхцөл гээд олон асуудал байвч явц дунд янз бүрийн шаардлага тавьбал зүгээр гар гээд л хөөчих учир хэн ч юм хэлж чаддаггүй. Хөдөлмөрийн хуулиар ажилтан хүнийг гэнэт халахаас, үндэслэлгүй цалин бууруулахаас хамгаалдаг, ажлын нөхцөл, ажиллах орчны эрүүл ахуй зэрэг стандарт шаардлагыг тогтоож өгдөг. Гэтэл жижиг бизнес эрхлэгчдийн хувьд бол маргааш ажилгүй болох, олон сая төгрөгөөр хохирох, эрүүл мэндэд хортой нөхцөлд ажиллах зэрэгт хуульгүй. Олон мянган түрээслэгчид өнөөдөр ажлын байрны хүнд, заримдаа хортой, стандарт шаардлага хангахгүй нөхцөлд ажиллаж байгаа. Би Япон, Солонгос зэрэг оронд ажиллаж үзсэн, ирээд бизнес эрхэлж эхлэхдээ орчин нөхцөл байдал ямар өөр байгааг мэдэрсэн ч, сохрын газар сохор, Монголынхоо нөхцөл байдалд тааруулаад, за тэгж байгаад өөрчлөгдөх байх, болох байх гээд л явсан.

Манайх чөлөөт зах зээлийн орон учраас түрээсийн үнэ эрэлт хэрэгцээгээ дагаад өсч, буурахыг бол би ойлгоно. Хөрөнгийн эзэн хүн юмаа хэнд, хэдээр түрээслүүлэх нь тэр хүний эрх гэж ч бодож байна. Гэхдээ хүн бүхэн харилцан хамааралтай байдаг, бизнест хоёр талын эрх ашгийг бас харгалзаж үзэх ёстой. Хэдийгээр эрх нь байлаа гээд гэнэт хоёр дахин нэмээд ч юмуу эсвэл чи маргааш гар гэж хөөгөөд байж болохгүй биз дээ. Хүнсний зах дээр алимны үнэ хоёр дахин нэмэгдвэл тэр зах зэээлийн асуудал. Үнэтэй бол авахгүй байхад л болно. Харин түрээсийн харилцаа бол өөр шүү дээ. Хүн тодорхой хугацаанд бизнес хийнэ гэж төлөвлөөд, эрсдэл гаргаад, хөрөнгө оруулалт, тохижилт хийгээд, ажил амьдралаа зохицуулаад, бараагаа татаад, төлөвлөөд явж байдаг учраас “үнэтэй байна, би болилоо” гэж чаддаггүй. Жишээ нь, миний хувьд энэ сард сайн борлуулалт хийгээд өр зээлээ нэлээд барагдуулаад, өвлийнхөө барааг татаад, өлгүүр, шил толио шинэчилье, худалдагч охидууддаа жаахан бонус өгье энэ тэр гээд олон юм төлөвлөсөн байсан, бүгд нурж унаад өөрөө ажилгүй гуйлгачин болох дээрээ тулчихлаа. Бүхэл бүтэн долоон жил түрээс төлж, урдах ажлаа хийж, гэрээгээр хүлээсэн үүргээ цаг хугацаанд нь биелүүлж, төлбөрөө төлж явсан харилцагчдаа яагаад ингэж хандаж байгаа юм бэ гэж 1000 нэрийн барааны дэлгүүрийн эзэн Балдангийн Баттогтох гэдэг хүнтэй ярилцах гэж оролдоод ерөөсөө чадаагүй. Миний бизнес амжилттай яваад эргэн тойронд атаархдаг хүмүүс байдаг байх, тийм хүмүүсийн хов живээр асуудлыг харах биш, нүүр тулан уулзаж, нөхцөл байдлыг зөв дүгнэж, шийдвэр гаргах ёстой юмсан. Тэр хүний хувьд жижиг асуудал байж магадгүй ч, миний хувьд бол амьдралын минь асуудал, намайг дагасан олон хүний амьдралын асуудал. Ийм хүйтэн цэвдэг байж болохгүй.

-Та түрүүн хүнд орчин нөхцөлд ажилладаг гэлээ. Энэ талаар тодорхой ярихгүй юу?

-1000 нэрийн дэлгүүр бол баригдаад 40, 50 жил болчихсон барилга. Энэ барилгын насжилт хэр байгаа бол, газар хөдлөлтөд хэр тэсвэртэй бол, галын аюулгүй байдал хэр хангагдсан бол. Худалдааны төвүүдэд түймэр гарлаа гэдэг мэдээ хааяа гардаг шүү дээ. Хүмүүсийн насаараа хурааж хуримтлуулсан хөрөнгө мөнгө нэг л өдөр шатна гэдэг бодохоос ч аймшигтай. Цахилгааны монтажны аюулгүй байдал гэсэн ойлголт байхгүй. Дандаа ил байдаг. Тиймээс гал авалцаж магадгүй гэж айгаад ганц тень ч залгаж чаддаггүй. Мөн орчны эрүүл ахуй маш асуудалтай. Мөөгөнцөртөө баригдсан, лангуун дээгүүр нь жоом гүйсэн барилга шүү дээ.Мөн агааржуулалтын систем, агаарын температурын стандарт байхгүй. Өвөл куртиктэйгээ, эсгий гутлаа өмсөх нь холгүй суудаг. Хоёр гурван мянган метр квадрат 2 давхар барилгад, 100 орчим түрээслэгчид өнөөдөр зургаахан паартай нөхцөлд ажиллаж байна гээд бод. Тэгээд түрээсийн үнэ нь Улаанбаатар хотод ч хамгийн өндөрт орно. Одоо нэмэгдээд 24 метр квадраттай ганц талбай гэхэд 6 сая 840 мянган төгрөг болчихсон. Зуугаад түрээслэгч байгаа. Тийм их орлогоосоо жаахныг гаргаад арай дулаахан, гэрэл гэгээтэй, аятайхан болгочихъё гэж яагаад боддоггүй, ямар муухай шуналын тулам болчихсон дүүрчихсэн хүмүүс байдаг юм бол. Би худалдагч охидуудаа даараад бөөрний ч юмуу янз бүрийн өвчтэй болчих вий гэж санаа зовдог. Зун нь ямар ч агааргүй, агааржуулалтгүй орчинд ажилладаг. Энэ зун агааргүйгээс болж хүн ухаан алдаж унасан. Эрүүл ахуйн ямар ч шаардлага хангадаггүй гээд яривал олон зүйл байна.

-Энэ бүхнийг шалгах ёстой, стандартыг сахиулах ёстой байгууллагууд бий шүү дээ. Шалгадаггүй хэрэг үү?

-Эдгээр асуудлыг засаж стандартыг мөрдүүлэхийн тулд би шалгуулах газруудад нь өгье гэж бодож байна. Шалгах ёстой газар нь шалгахгүй бол тэрний дээд байгууллагад нь өгч шалгуулна. Шат шатандаа хаана хариуцлага алдаж байгаа, хаана хууль бус байдлыг нуун дарагдуулж, өөгшүүлж байгааг ухаад гаргаад ирж болох байх. Бүр яривал энэ компани татвараа үнэн зөв төлдөггүй гэж би хардаж байгаа.Биднээс түрээсээ авахдаа нэг ч удаа компанийн дансаар авч байгаагүй. Дандаа хувь дансаар авдаг, НӨАТ-ын баримт өгдөггүй. Хувь дансаа байсхийгээд сольдог. Үүний цаана татвараас зугтаасан, орлогоо нуун дарагдуулсан үйлдэл явж байгаа юм бишүү. Татвараас зугтаана гэдэг хулгай хийснээс ялгаагүй. Нэг сая төгрөг хулгайлсан залуу өчнөөн жил шоронд сууж байхад зуу зуун саяар, тэрбумаар нь олчихоод төлөх ёстой татвараа төлөхгүй татвараас зайлсхийж байгаа луйварчид өнөөдөр нэг их сайн хүний дүртэй бидний дунд явж байж болохгүй биз дээ. Хулгайч бол хулгайч. Эрүүгийн хуулиар ял шийтгэлээ хүлээгээд явах ёстой гэж бодож байна. Энэ нийгэмд шударга ёсны өчүүхэн хэлтэрхий ч гэсэн байгаа байх гэж бодож байна. Би бусдаас илүү баян тансаг амьдармаар байна гэхгүй, би харин нийгэмдээ сэтгэл хангалуун амьдармаар байна.

-Бизнес эрхлэгчдийн хүслийг мохоосон хэцүүхэн л асуудал юм?

-Тийм шүү. Хорооноосоо хүнсний талон авдаггүй, Улаан загалмайн ч юмуу тусламжийн юм авдаггүй, хүүхдийн тэтгэмж авах нь битгий хэл хүүхэд ч гаргах завгүй, бусдад дараа болохгүй гэж яваа хүмүүс байна ш дээ. Би тэдний л нэг. Гэтэл ямар аймшигтай баталгаагүй нийгэмд амьдарч байгаагаа сая мэдлээ. Яагаад өөрөө өөрийгөө авч яваа, ирээдүйд олон сайхан зүйл төлөвлөөд мөрөөдөөд, хэнийг ч зовоохгүй, улсаас ямар ч халамж дэмжлэг авахгүй яваа мянга мянган залуучууддаа ийм харгис ханддаг болчихсон юм бэ? Ямар ч том компани анх жижгээс л эхэлдэг. Одоо манай ихэнх том компанийн захирлууд ерээд онд ганзагын наймаа эрхэлж байсан байдаг. Би ч бас том болно, одоо хувцасны худалдаа эрхэлдэг бол ирээдүйд үйлдвэрлэл эрхэлнэ гэх мэт олон зүйлийг мөрөөддөг. Тэрнийхээ төлөө гэр бүл ч зохиож чадахгүй ажлын төлөө явж байна. Өөрийгөө яая гэж байж хүүхэд гаргана, тэрнийхээ өмнө хариуцлага хүлээнэ гэхээс би айдаг. Эхлээд амьдралынхаа баталгааг хийж авъя гэж боддог. Ийм мянга мянган залуус өнөөдөр гутарч, туйлдаж, эх орондоо гомдож, ихэнх нь гадагшаа гарч хар ажил хийхдээ тулж байна. Над шиг нэг л өдөр ажилгүйчүүдийн эгнээнд орж байна. Магадгүй би энэ бүхнээ хаяад зүгээр хүүхэд цувуулж хүүхдийн мөнгө авсан, мал адгуус шиг юу ч бодохгүй амьдрах ёстой байх. Монгол гэдэг орон тийм хүмүүсийн эх орон байх учиртай ч юм уу.

-Таны ярьж буй зүйлд үнэхээр миний ч сэтгэл өвдөж байна. Бид энэ нийгмийг өөрчлөх, засах ёстой гэж бодогдож суулаа. Таны хувьд цаашид яах бодолтой байна?

-Би бичгийн хүн биш, бас төрийн байгууллагын хүн биш. Гэхдээ л надад Чандлан ХХК-ийн ирүүлсэн албан бланк, түүний найруулга, үг үсгийн алдаа нь өрөвдмөөр, инээдтэй санагдсан. Гэтэл ийм л хүмүүсийн дор маш олон хүний амьдрал явж байна. Бичиг цааснаас нь өгсүүлээд хайнга, боловсролгүй. Удирдах хүн байж уулзаж ярилцаж, асуудлыг шийдэж чаддаггүй, хов живээр явдаг. Тэгээд сая миний ярьсан татварын, стандартын гээд л олон асуудал хуримтлуулчихсан хэрнээ юу ч болоогүй юм шиг явж байна. Магадгүй эрүүгийн хариуцлага хүлээгээд сууж байх ёстой хүмүүс өнөөдөр хаан, хатан шиг авирлаад, хүний амьдралаар тоглож, гудамжинд хөөж гаргаж байна. Тэгэхээр жижиг дунд бизнес эрхлэгчид одоо өөрөө өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалахын төлөө явдаг болох хэрэгтэй. Бид өөрсдөө идэвхтэй байж тэмцэх ёстой юм байна. Төрийн байгууллагуудыг ажлыг нь хийлгэх ёстой юм байна. Биднийг хамгаалдаг шударга хуультай болох ёстой юм байна, тийм хүмүүсийг төр засагт гаргах ёстой юм байна. Хил гаалиа ч нээж чаддаггүй дампуу төр засгийг сонгочихоод улс төр надад хамаагүй гээд явж болохгүй юм байна. Би өмнө нь өөрийнхөө ажлыг хийгээд өөрийгөө болгоод явъя гэж боддог байсан, одоо тэр бол баталгаа болохгүй гэдгийг ойлгож авсан учир илүү баталгаатай нийгмийн төлөө өөрийн зүгээс хийж чадах юмаа хийгээд явах болно. Миний яриаг олон бизнес эрхлэгч түрээслэгчид уншиж, санал нэгдэх байх. Ямартаа ч хууль шүүхээр нь явна, төрийн байгууллагуудаар явна, энэ Монгол гэдэг улс ардчилалтай, иргэдээ хамгаалдаг хуультай орон юм бол өөрийгөө болон өөр шигээ олон хүнийг хамгаалуулахын төлөө явна, олон хүнд зориг өгнө гэж бодож байна. Энэ асуудал дээр хамт тэмцэх бизнес эрхлэгчид, бас шударга бусын эсрэг зогсох хуульчдыг холбогдоосой, хамтраасай гэж хүсч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
БурууБуруу
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж